Би саяхан нэг ерөнхий боловсролын сургууль орлоо. Хаалга нээгдэнгүүт инээд царгиж хөгжөөн мэдрэгдэнэ. Есдүгээр анги болов уу гэлтэй охин гүйж байхдаа толгойгоороо надтай мөргөлдчихлөө. Мөргөлдсөнөө тэр анзаараагүй. Харин миний дух хавдчихсан. Учир нь тэр охин гурвалжин төмөр чимэглэлүүдтэй “обрушка” зүүсэн байсан юм. Энэ явдлын дараа ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хувцаслалт, гадаад үзэмжийг анзаарлаа. Би сурагч байхдаа дүрэмт хувцсаа л өмсдөг. Үсээ боож, цагаан өнгийн боолт зүүдэг. Зузаан дирконы гадуур жинсэн өмд өмсөөд өглөө болгон хичээл эхлэхээс өмнө дүрэмт хувцасны юбкаа сольж өмсдөг байлаа. Маш цөөн тохиолдолд нийтийн цэвэрлэгээ, дугуйланд явахдаа л өмд, цамц өмсөнө. Сургуулийн сурагч баяр тэмдэглэх нь ховор. Шинэ жилийн баяраар ч гэсэн заавал үнэтэй даашинз хайж явахааргүй тийм энгийн нийгэм, тийм энгийн сэтгэлгээтэй хүмүүс амьдардаг цаг үед ахлах сургуулиа төгссөн юм.
Гэтэл одоо хүүхдүүдийн хувцаслалт, биеэ авч явах соёл, хооллолт, харилцаа, үзэл бодол, ёс суртахуун бүгд арваадхан жилийн өмнөх миний ахлах сургуульд байх үеэс эрс өөрчлөгджээ. Өдөр ирэх тусам юуг өмсөж болох болохгүй, юуг хэрэглэж болох болохгүй, юуг хэлж ярьж болох болохгүй гэсэн зарчимгүй юм шиг л харагдаад байна.
Хүүхэд байхдаа хүүхэд насаа л хайрла хүүхдүүд ээ. Нас чинь өөрөө та нөхдийн чимэг юм. Гадна өнгө үзэмжээрээ хэн нэгнээсээ илүү гарах гэсэн хачин жигтэй бодол, үйлдлүүд нь ирээдүйн чамайг хүн чанар, хүн байхын тухайд хэн ч биш болгож хувиргадаг. Эцэг, эхчүүд ч гэсэн цэцэрлэгийн бяцхан хүүхдүүд, нэгдүгээр ангийн сурагч хүүхдүүддээ эрдэм ном, мэдлэг чадвар, авьяас билгээрээ өрсөлдөхийг л сургаасай. Шинэ хувцас, сайхан хувцас огтхон ч чухал биш юмсан. Бүтэн хувцас л хангалттай гэж боддог. Эргээд харахад, 16 насанд хүрч, Монгол Улсын иргэн гэсэн үнэмлэх авах хүртэлх хүүхэд нас гэдэг хүний амьдралын хамгийн нандин, зүйрлэшгүй сайхан цаг хугацаа юм байна.
Сэтгэгдэл ( 1 )
Bidnii sanasnaar boldog bolj hairlamaar l bna daanch muuhai niigem muuhai orchind amidrah uim daa Uuree guai.