Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын Арвайхээр багт орших “Өв-Эко Мийт” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрт өчигдөр /2019.11.28/ аммиакийн хий алдагджээ.
Энэ тухай дуудлагыг аймгийн Онцгой байдлын газар 12:40 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 15 алба хаагч, Цагдаагийн газрын 12 алба хаагч, Тагнуулын хэлтсийн гурван алба хаагч, Мэргэжлийн хяналтын газрын дөрвөн ажилтан, нийт 34 хүний бүрэлдэхүүнтэй очиж, “Газтек” агаар хэмжигч багажаар хэмжилт хийхэд чанар, найрлагад химийн бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс их /100ррм/ байсан тул аммиакийн хий /NH3/ дамжуулах шугамыг хааж, үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоосон байна. Тэр даруй үйлдвэрийн 22 ажилтныг аюулгүй газар руу шилжүүлжээ.
Махны үйлдвэрийн 216 м2 талбайд усаар саармагжуулалт хийж, дараа нь хэмжилт хийхэд химийн бодис /60ррм/-ын илэрц байсан тул зургаан цагийн турш ажиллаж, үзэгдэх орчин хязгаарлагдсан объектыг цагдаагийн байгууллагын хамгаалалтад хүлээлгэн өгсөн байна.
Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Мал эмнэлгийн улсын хяналтын байцаагч нар тус үйлдвэрт хадгалагдаж байсан 3.1 тонн ястай мах, 175 кг цул махыг битүүмжилж, махнаас дээж авсан ба дээжийг өнөөдөр /2019.11.29/ Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид хүргүүлжээ.
Аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Яаралтай түргэн тусламжийн төвд үйлдвэрийн 32 ажилтныг хүргэж, эмнэлгийн үзлэгт хамруулсан ба дөрвөн ажилтанд хордлого тайлах эмчилгээ хийж, гэрт нь буцаасан байна.
“Өв-Эко Мийт” ХХК-ийн энэхүү мах боловсруулах үйлдвэрийг хоёр жилийн өмнө БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Монгол Ливэй Индастри” ХХК, “Өв-Эко Мийт” ХХК хамтран ашиглалтад оруулж байжээ.
Сэтгэгдэл ( 3 )
Ene too barimtuud chn her boditoi we ...
Bas l hujaatai holbootoi gazar shiv de.hujaa nar ch mongold malaar ni jaalj bga yum bna doo
УЛААН САЙДЫН ХАРИУЦЛАГА ЭНЭ ҮҮ, ЭНХТҮВШИН САЙД АА ЭНЭ ЮУ БОЛЖ БАЙНАА АЖЛЫН ХАРИУЦЛАГА АЛДСАН ХЯТАД КОМПАНАА ГАРГАХ НЬ ЗӨВ ШҮҮ.