ОНГОД: “Алтай” туужийг туурвигч

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 13

Монголын туульсын зохиолын өвөрмөц авьяастан Тугалхүүгийн Баасансүрэн Ховд аймгийн Мөст сумын уугуул бөгөөд 1950 онд төрсөн тэрбээр 1974 онд Москвагийн их сургууль төгсчээ. Баасансүрэн 1971 оноос уран бүтээлээ эхэлж “Алтай”, “Нүдэн булаг” тууж, “Тэрбумтан” романаараа Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртсэн, МУСГЗ нэрт зохиолч юм. Долдугаар ангидаа “Анхны бүрээн дуу” номоо хэвлүүлжээ. Тавь гаруй жил уран бүтээл туурвиж үргэлжилсэн үгийн болон сэтгүүл зүй, бодол эргэцүүллийн нийтдээ гуч гаруй ном бүтээжээ. 1981 онд бичсэн “Алтай” хэмээх уянгын сайхан тууж нь манай утга зохиолын туужийн төрөлд цоо шинэ үзэгдэл болсон түүхтэй. Түүний “Монетон бөгж”, “Бутач”, “Төрийн минь сүлд”, “Мэнэнгийн талд” зэрэг олон өгүүллэг нь Монголын шилдэг өгүүллэгийн тоонд зүй ёсоор багтдаг билээ. Нэрт зохиолчийн “Мэнэнгийн талд” өгүүллэгийг таалан болгооно уу.

Э.Хархүү


МЭНЭНГИЙН ТАЛД

Албан ажлаар яваад Мэнэнгийн талд тэрэг эвдэрч хээр суув. Бид хэд жолоочтойгоо элбэж дэлбэн хүн болсоор мэддэг чаддаг бүх мэхээ гаргаад асааж барсангүй. Хагас өдөр ноцолдлоо. Бахь байдгаараа. Харин авч гарсан дашмагтай усаа л ууж баржээ. Хаашаа л харвал тэв тэгшхэн тал мэлтийнэ. Нүд үл хүрэх алсад тэнгэрийн хаяатай дугуйрсхийн нийлжээ. Салхи сэвс сэвс сэржигнэхэд энгүй талын шаргал зоо тэр аяараа хотос хотос гөвөлзсөнөө салхи намдмагц намсхийн мэлтийнэ. Өөгүй тэгшхэн дугуй таваг дээр суусан мэт буюу эсвэл үл мэдэг мэлтэлзэх хязгааргүй тэнгисийн мандалд сэлүүргүй завьтай үлдээд зомгол адил ганхан хөвж байх шиг санагдана. Тал хээр нутгийн гоо үзэсгэлэн, эл хуль байдлыг толгой сэгсрэн гайхаж ам мэдэн магтаж явсан оргилуун сэтгэгдэл гал дээр ус асгасан адил унтран замхарчээ. Одоо бол элчилгүй их тал амьгүй мэт дүнсийж сэм сэмхэн айдас төрүүлж байв. Ирсэн зүгээ эргэж харав. Намрын сахлаг өвс дугуйны мөрөөр налсхийснээс өөр үзэгдэх юмгүй. Ганцхан тэр зүгээс л машин тэрэг ирж болзошгүй боловч нүдэнд өртөх бараагүй. Дөрвүүл үе үе хулгай нүдээр тэр зүг горьдон ширтсээр нэг мэдэхэд найман нүд чилэн хөхөрч, дорхноо ус дүүрэн сүүмэлзээд юм үзэхээ больсон байв. Хаа нэгтээ ойрхон хилийн дээс байх ёстой тул өөр зүгээс талын хөх чоно, зээрийн сүргээс өөр хүлээх зүйлгүй. Эхний үес санаанд орсноо бурж хүн бүр чадах ядахын хэрээр арга ухаан сийлж байтал орчин тойрныг харуй бүрий нөмрөн авав. Дуу шуугаа хурааж царай барайлган хөрзийцгөөлөө. Дөрвүүл тэргэндээ сууж шөнийн уртыг хагас нойртой өнгөрөөв. Үүр хаяармагц амь орцгоосон мэт үг сольцгоож яах ийх тухайгаа шамдан ярилцав. Хэн нэг нь эргэж, ирсэн замаараа явган буцаж хэл мэдээ хүргэхээс өөр мэргэн арга олсонгүй. Хамгийн ойрын аж ахуй дал гаруй километр зайтай байлаа.

-Би л явахаас даа. Та нар тэрэгнээсээ холдож болохгүй шүү гэж жолооч хархүү эхэлж ам нээв. Бүгд санал нэгсэж өөр үг нэмэрлэх хүн гарсангүй. Тэргээ сайтар үзэж шалгаж бэлэн байдлыг хангалгүй албаны ажил саатуулсан түүнд баярлаж буй хүн алга. Шаварт унасан шарын эзэн хүчтэйн үлгэрээр жолооч хүү тэрэгнээс буув. Хэн ч юу ч хэлээгүй боловч бусад нь дуу шуугүй дагаж бууцгаалаа. Жолооч тэргээ нэгэнтээ тойров. Арынх нь тээш хадгалагчийг сөхөв. Тонгойхоороо тонгойн юм хайсан дүр үзүүлж хэсэг мөч шуухтнан зогсов. Тэнд түүнд авч явах буюу үзэж шалгах юу ч байхгүйг би сайн мэдэж байлаа. Даш түүнийг хялайн харах нь түргэн явахгүй юугаа хийгээд байгаа новш вэ гэж хэлж байв. Цэвэлмаа Дашийг тохойгоороо аяархан нудраад авав. Жолооч тэнд тонгойж алийн болгон нуугдах вэ гэсэн байртай цээжээ ил гаргаж ирээд эгцлэн зогсож явах замынхаа барааг нэгэнтээ зүрх алдан ширтэв. Тэгснээ тэрэгнийхээ хойд дугуйг түсхийтэл ууртай нь аргагүй нэг өшиглөөд биднийг эргэж ч харалгүй зугтах адил эгц хойш чиглэн түргэн түргэн алхлаа. Түүний бараа холдон холдсоор тэнгэр, газрын савслаганд тулж очоод товч шиг торолзсоноо төдхөн уусан шингэв. Үлдсэн бидэнд үзэж харах ч юмгүй боллоо. Даш тэртээ дээр элэн халин нисэх шувууг атаархангуй харж эгшсэн хоолойгоо чийглэн шүлсээ залгиснаа газар нулимав. Гашилж зунгааралдсан шүлс нь газар шороонд нь хүрч чадалгүй замхрав. Өлсөнө гэдэг жигтэйхэн. Ходоод хоржигнож, гэдэс үе үехэн хонхолзоно.

Цэвэлмаа нэгийг санав бололтой тэргэндээ түргэхэн явж ороод цүнхээ онгичин уудалж хамаг юмаа нэгжсэнээ мөнгөн цаас шажигнуулсаар хашгирах нь холгүй харайн гарч ирэв. Гартаа нэг ширхэг дөрвөлжин шоколад атгажээ. Бүгдийн нүдэнд баярын мишээл гэрэлтэв. Цэвэлмаа тэрэгний хамар дээр шоколадаа тавин задалж дөрвөлжин нүд бүрийн тоогоор хэсэглэн хуваав. Тэгээд хүн бүрт гурав гурван ширхгийг өглөө. Даш малийтлаа маасайн инээмсэглэсээр алга тосож хоёр гардан авав. Түүний нүүр царайд тодрох нэн тааламжтай мишээл удтал арилсангүй. Шоколадаа хүлхэн амтлахдаа ч мань хүн сайхан аальтай байлаа. Хүн хэлэлтгүй би ч өөрөө түүний өрөөсөн дугуй байсан биз. Эх орны дайны үед ширхэг ёотон өдрөө даадаг байсан юм гэнэ билээ. Хэлтэрхий шоколад хүлхсэн бид хэд ч нэг л хэсэгтээ алзахгүй ээ гэсэн шүү юм бодож зогсов.

- За ингээд л хүлээцгээж дээ гэж Даш сүрхий хөгжилтэй өгүүлэв.

- Хүлээхгүй гээд хаачих вэ. Тал тал тийшээ тарж явалтай биш гэж Цэвэлмаа хэлэв.

 - Хагас цэрэгжлийн байдалд шилжнээ хө. Өнөөдөр Цэвэлмаа харуулд гар. Орой би гаръя. Хүч тэнхээгээ нөөнө шүү гэж намайг аль болох хөгжөөнтэй дуугарахад,

- Харуулаар яах юм бэ. Биднийг тоож шинших элээ ч алга байхад гэж Цэвэлмаа гайхав.

- Тэр болохгүй. Намширын зөв. Хилийн шугам хаана ч юм билээ. Тагнуул туршуул тааралдаж мэднэ. Тарж явж хэрхэвч болохгүй. Хил алхчихвал бүр баларлаа гэсэн үг гэж Даш намайг дэмжив. - Тэгтлээ яалаа гэж удах юм бэ. Цаад зах нь өнөө орой л гэхэд хүн амьтан бидний хойноос ирэлгүй яадаг юм гэж Цэвэлмаа хэлэв.

- За мэдэхгүй дээ. Тэр нэгэн хариуцлагагүй нөхрийн хэл мэдээ залгуулж биднийг авардаг ч хэмээн үл тоомсорлосон байдалтай Даш бүдэгхэн харгуйн барааг ахин нэгэнтээ хяламхийв. Их тал чимээ аниргүй налайна. Чив чимээгүйд дадаж заншаагүй чих үргэлж дүнгэнэн шуугих шиг санагдана. Одоо мань хүн хаана алхаж яваа бол. Замаасаа л гарч төөрөхгүй бол уг нь учиртайсан гэж би бодов. Салхи сэржигнэн үлээв. Тэнгэрийн баруун хойд хаяанд хэсэг хэсэг үүлс бараантан хуралдаж улам улмаар тэлсээр байв. Хясахад энэ тэнгэрийн царайг хараач. Салхи тавьж шуурга дэгдвэл гэмтэй гэж би дотроо болгоомжилсон боловч энэ тухай ам нээсэнгүй. Ахиад л дор бүрнээ бодолд уналаа.

 - Яасан эвгүй юм бэ, ядаж сонин юм яриач. Цаг мөч ч явж өгөхгүй юм гээд Цэвэлмаа бугуйгаа харав. Даш түүнийг ахиад шоколад байхгүй биз гэсэн харцаар найр тавин ширтсэнээ түүнээсээ бяцхан эвгүйрхэв бололтой,

- Цаг хэд болж байна гэж булзаарууллаа. –

 Дөнгөж өглөөний долоо хэмээн Цэвэлмаа урамгүйхэн хариулав. Юу ярьж хөөрдөг юм билээ гэж би дотроо эргэцүүлэв. Өнгөрсөн хэдэн цагт яриагүй үлдсэн юм үгүй мэт бодогдоно. Салхи хөдөлж дэрсэн толгойг дэгдгэнэтэл найгуулна. Бид хэд дуу шуугүй тэргэндээ орж суув. Даш мэдсээр хэр нь тэрэгний эвдэрхий хүлээн авагчийн чихийг арга нь барагдсан бололтой цааш нааш мушгиж үзэв. Бүтэлгүй жолоочид эгдүүцсэн бухимдал нь ахин дүрэлзэв бололтой нүүр царай нь хүрлийгээд ирэв. Хөдөө хотгүй хамт явсаар зангий нь андахгүй болсон Цэвэлмаа түүнийг бас өөрийгөө тайвшруулах гэж хүсэмжлэн, - Бүгдээрээ дуу дуулъя л даа гэснээ хариу хүлээлгүй “Хэрвээ хүмүүс цэцэгхэн бол...” гээд гэгэлзтэл аялав.

Даш ч, би ч түүнийг түрсэнгүй, дуугүйхэн чагналаа. Цэвэлмаа ахин биднийг дуул гэж хэлсэнгүй. Өөрөө дуундаа уяран бүх биеэрээ үл мэдэг найгалзан байж дуустал дууллаа. Уйтгар улам ч нэмэгдэх шиг. Хүйтэн салхи хаалга нэвт орж ирж байв. Тэнгэрт бараг нэлэнхүйдээ үүлэн хөшиг татжээ. Өглөөний наран манан буданд төөрөлдөх адил илч муутайхан нэг цухуйж, нэг далдарч байснаа бүрмөсөн үзэгдэхгүй болчихов. Одоо бол хүн бүр жолооч хархүүгийн төлөө санаа зовнилоо. Түүнийг хэрэггүй л явууллаа даа гэсэн зэмлэл Цэвэлмаагийн царайд шингэсэн байв. Жолоочийг үзэн ядагч Даш хүртэл эргэлзэл тээнэгэлзэлд оров. Эзгүй талд нүдгүй салхи шуурганд туугдсан ганц хүнд юу ч тохиолдож болзошгүй. Хэн урьдчилан хэлж мэднэм билээ. Тэгсэн хэдий ч тэр хүн бидний хувьд цорын ганц найдлага хэвээрээ байлаа. Жолооч хар хүү хүн амьтны бараа харж чадах эсэхээс бид хэдийн хувь заяа шийдэгдэх нь улам бүр тодсов. Үүнийг хүн бүр хэтэрхий сайн ойлгож байлаа. Салхи ширүүсэн элс хайргаар нүдэлж гарлаа. Тэртээх саахалтын газар ч бараа харагдахгүй болов. Шуурга улин шуугиж юм бүхнийг орчлон ертөнцөөс хийсгэж арчих гэсэн шиг муухай загнав. Тэрэгний брезентэн бүрээсийг хөлөг онгоцны дарвуул шиг хөөрөгдөх нь холгүй. Бид хоёрын дунд шахагдан суусан Цэвэлмаагийн нүүр царай хогжруутаж амжжээ. Аргагүй л хотын хүүхэн мөн дөө гэсэн бодол инээд хүргэв. Салхи улин шуугисан хэвээр. Цагийн баримжаа нэгэнт алдагджээ. Бид гурвын хэн нь ч тамхи үл татах тул шүдэнз байсангүй. Бие биедээ шигдэн тулмайдаж аль болохоор элдвийг бодож санахгүй зүүрмэглэхийг хичээцгээв. Цэвэлмаа үлдсэн хэдэн ширхэг шоколадаа хувааж өглөө. Үйрмэг ч үлдээлгүй амандаа хийж хурууныхаа өндгийг хүртэл долоов. Нэг хэсэгтээ л алзахгүй, айдгаа авдартаа хийв. Даш “өнөөдөр та хоёрын харуул хийх ээлж шүү” гэсэн шиг уруулаа шилэмдэн долоогоод санаа амар дужигнатал хурхирав. Цэвэлмаа үе үе нугдайн чимээ чагнана. Гэнэт машин дуугарах шиг болов. Бид хоёр уралдан гүйлдэж гарлаа. Үзэгдэж харагдах гэрэл чийдэн юу ч байсангүй. Андуурчээ. Холхон явбал эргэж машинаа олохгүй төөрмөөр харанхуйлж байлаа. Тэргэндээ ороод чимээ чагнан суув. Хоёр, гурван ч удаа хууртаж хий дэмий гарлаа. Сүүлдээ бүр залхаж гүйцэв. Нүд анилдмагц унтах нь өлсөхөөс аврах ганц сайн арга мөнийг удалгүй биеэр ойлгов. Нойрон дунд Даш хоёр, гурван ч удаа хаалга дуугарган гарч оров. Мань хүний гэдэс гүзээ эвгүйцэж дээ хэмээн таамаглав. Гэнэт сэрвэл эргэн тойрон нам гүм. Хэзээ ч салхи шуурга болоогүй юм шиг үзүүр төгсгөлгүй шаргал тал урьдын адил амгалан тайвнаар цэлийн байв. Тэнгэрт бөртийх ч үүлгүй, намрын налгар нар таатайяа төөнөнө. Өнөөх хоёр ч миний чимээнээр сэрэв бололтой. Салхи шуурга намдсанд бүгд баярлажээ. Хээр суусан гурав дахь өдөр ийнхүү урьдынхыг бодвол овоо өөдрөг эхэллээ. Биднийг эрж хайсан машин өнгөрсөн шөнийн шуурганаар төөрч будиллаа гэж бодоход өнөөдөр лавтайяа олно гэж найдацгааж байв. Жолооч хархүүгийн тухай хэн ч муу юм бодохыг хүсэхгүй байлаа. Даш уртаар эвшээлгэж,

- Та нар унтаж амарвал амарцгаа. Одоо миний харуулд гарах ээлж. Морь хараад ирье гээд хол хол алхаж одов. Дэрс, сондуул эрж нэлээд яваад өвсний цаагуур цомцойн суулаа. Түүний чанх дээр нэгэн элээ эргэлдэнэ. Би түүнийг өрөвдөж, бас хөх инээд хүрэв. Гэдэс эвхрэн өмдний тэлээ суларчихаад байхад Даш “Морь харах” нөөцтэй хэвээр байна шүү. Тарган хүн ч цаанаа ондоо юмаа “харла” гэсэн шүү юм бодогдоно. Үд дунд хүртэл хүлээгээд хүн эс ирвэл зам дагаж алхацгаавал яасан юм бэ. Зүгээр суусаар бүгд харангадаж уналтай биш. Даштай зөвлөе гэж бодоод түүний араас алхав. Тэр алсын бараа ширтэн ажиггүй сууна. Намайг ойртож очихыг огт анзаарсангүй. Тулж хүрсэн би нүдэндээ үл итгэн зогтуслаа. Даш халааснаасаа хайрцаг печень гаргаж уруул амаа хөдөлгөн нэн тааламжтайяа амтархан зажилж байлаа. Бараг талд нь оруулжээ. Буцаад алхъя гэсэн ч хөлөө зөөж барсангүй. Гомдлын хар манан хоолой цээжинд бөөгнөрөн зангираад дуугарч болдоггүй. Даш над уруу гэнэт эргэж харснаа аман дахиа залгиж чадалгүй ангайн алмайрав. Хоёр нүд нь гэм хийсэн хүн шиг гөлөлзөнө. Тэгснээ гэнэт ухаан оров бололтой намайг найр тавин хуруугаараа дуудаж,

- Намшир аа хө, нааш ир. Энүүхнийг хоёулаа хуваагаад цохичихъё гэж юу ч болоогүй юм шиг тайван дуугарав. Би яахаа мэдэхгүй түүнд дөхсөнөө өөрөө ч үл анзааран хэл амаа долоолж,

- Цэвэлмааг дуудах уу хэмээн баярлан хэлэв. Даш, намайг муухай харснаа

- Тэгж ярихгүй шүү. Өөр юу ч байхгүй гэж дүрсхийн уурлав. - Арай ч дээ, Даш аа! Тэгэж яаж болдог юм бэ. Түүний цүнхнээс гарсан ганц шоколадыг бид гурав хувааж идээгүй бол өдийд...гэвэл тэр намайг цааш үг хэлүүлэлгүй түрэмгийгээр тасалж,

- Тэр падгүй ээ. Өөдөсхөн чинээ чихэртэй ч чихэргүй ч яалаа. Хээрийн чулуу хүлхсэнтэй юуны ялгаа байна гэж унтууцаад, - Цаад хүүхэн чинь үүнтэй, үүнгүй болно. Эмэгтэй хүн, сарьсан мээмэлтэл өлсөж ундаасавч унахгүй. Өөрөө өөрийгөө тэжээдэг юм гэнэ билээ. Эрчүүд бид ямар тийм илүү дутуу юмтай биш. Хамтач үзэл гаргаж хэнхэглэлгүй хэдэн печень олдсон дээр нь идвэл ид, байвал бай. Дахиад би гуйхгүй шүү гээд ихэд дургүйцэн хялайв.

-Өмхий хужаа... энэ үг миний амнаас өөрийн мэдэлгүй урсан гарчээ. Нэг л мэдэхэд Дашийн гар дахь хэдэн ширхэг печень агаарт хөөрөөд хөөрхийлөлтэйгөөр газар унаж хэдэн хэсэг бутарч байв. Түүний хоёр нүд цус хуран эргэлдэж над уруу сарлагийн бух шиг хэрэн эргэснээ газраас шороо самардан авч цацлаа. Дараагийн мөчид би тэнгэр харан ойчиж Даш миний дээр хамаг хүндийн жингээрээ дарж суугаад аахилан уухилж “Май ид, май ид, ингээд ид” хэмээн хорсолтойгоор заналхийлж, ам хамарт атга шороо чулуу чихэв. Нүд эрээлжлэн, толгой эргэж энгүй их тал хөлбөрөн хөдлөх шиг болов. Амьсгаа давчдан цээж багтарчээ. Газар тэнгэр тэр чигээрээ доргин дуугарна уу гэлтэй. Анилдаж хорссон нүдээ хүчлэн байж хагас нээвэл хөх цэнхэр тэнгэрт нисдэг ногоон тэрэг хүржигнэн эргэлдэж байлаа. “Энд байна. Нааш ир. Бид энд байна” хэмээн хүүхэд адил баярлан бахардан хашгирах нь сонсогдов. Цэвэлмаагийн дуу мөн байлаа...

1987 он

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.178.63) 2019 оны 12 сарын 13

тууль хайлахаар энэргэ ардаг гэж байгаам

0  |  0
явуу(202.9.47.14) 2019 оны 12 сарын 13

баасансүрэнг ямар зохиолч гэдэг юм бэ, үүнийг ямар зохиол гэдэг юм бэ мал аа. ёстой хүний мөсгүй лалар чинь энэ баасансүрэн байгаа юм даа, үхвэл таарна муу өмхий мал

0  |  0
Top