Английн “Арсенал” багийн герман тоглогч Месут Озил энэ улирал тун тааруухан тоглож байгаа. Озил дөнгөж 10 тоглолтод оролцож, нэг ч гоолгүй, хоёр оновчтой дамжуулалт өгсөн үзүүлэлттэй байна.
Харин твиттерт тэр тун идэвхтэй жиргэж байна. Саяхан Озил Хятад дахь уйгаруудын асуудлыг хөндөж, тэднийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.
“Дорнод Туркестан бол исламын шашинтнуудыг ад үзэн, гадуурхдаг газар боллоо. Хятадууд коран судрыг шатааж, исламын сүм хийдийг хаан, шашны зүтгэлтнүүдийг алан хядаж байна. Эрчүүдийг шорон, цөллөгт явуулж, гэрбүлийг нь хятадуудтай хамт амьдрахаас өөр аргагүй байдалд оруулж байна. Гэвч исламын шашинтнууд энэ талаар огт дуугарахгүй, чимээгүй байх юм. Уйгаруудыг хэн ч өмөөрөхгүй байгаа нь хачирхалтай” гэж тун улстөржсөн мэдэгдэл хийсэн билээ.
БНХАУ-ын Шинжаан-Уйгарын өөртөө засах оронд 11 сая исламын шашинт уйгар хүн амьдарч байна. 2018 оны есдүгээр сард хүний эрхийн “Humans Rights Watch” байгууллагаас Хятадад исламын шашинтнуудыг хавчин гадуурхаж байгаа талаар илтгэл гаргасан. Илтгэлд Хятадад уйгар үндэстнүүдийг ямар ч шалтгаангүйгээр баривчилж, шоронд хорин, олон сая хүнийг мөрдөн шалгаж, байнгын хяналтад байлгадаг талаар бичсэн байлаа. Харин “Washington Post” “Хятадад исламын сүм хийдийг эвдлэн нурааж, коран судрыг хориглож, зарим исламын шашинтныг хүчээр гахайн мах идүүлж байна. Энэ бүхнээ Хятадын Засгийн газар алан хядагчидтай хийж байгаа тэмцэл гэж нэрлэж байгаа” гэж бичиж байв.
НҮБ-ын 2018 оны тайлангаас үзэхэд шорон, хорих лагерт нэг сая уйгар хүн хоригдож байгаа гэнэ. Исламын шашинтнуудыг бөөнөөр хорих газар байгуулахыг анх Ши Жиньпин санаачилсан. 2014 онд Ши Жиньпинийг Уйгарт анх удаа ирэхэд нь уйгарууд хоёр бөмбөг дэлбэлж, 119 хүн амиа алдаж байсан юм. Өнгөрсөн долоодугаар сард 22 улс НҮБ-т хандан, Хятадад уйгаруудыг хоморголон хядаж байгаад анхаарлаа хандуулахыг хүссэн мэдэгдэл гаргасан. Хариуд нь Хятадын Засгийн газраас “Алан хядагчидтай хийх тэмцлийн дүнд бид Шинжаанд мэргэжлийн сургалтын төв байгуулсан. Энэ бол хорих газар биш” гэж мэдэгдсэн юм.
Өнгөрсөн зун сагсан бөмбөгийн NBA лигийн нэгэн багийн менежер Хонконгийн асуудлыг шүүмжлээд Хятадтай дайтах шахсан. NBA дөрвөн тэрбум ам.доллар алдсан гэж хэвлэлээр мэдээлж байв. Энэ удаад “Арсенал” баг Хятадын зах зээлээ алдахаас айж, Озилоос зайгаа барилаа.
“Арсенал” өнгөрсөн жил Цагаан сараар хятад хэлээр мэндчилгээ дэвшүүлж байсан. Хятадад фэн клуб байгуулж, удахгүй рестораны сүлжээ нээх гэж байгаа тул ганц хөлбөмбөгчөөс болоод бизнесээ алдахыг хүсэхгүй байгаа.
Багийн удирдлагаас Хятадын хамгийн том сүлжээ болох Weibo (500 сая хэрэглэгчтэй)-д “Месут Озилийн хэлсэн үгийн талаар бид тайлбар өгөх хэрэгтэй байна. Месутын твиттэрт бичсэн зүйл бол түүний хувийн бодол. Манай “Арсенал” баг улс төрийн асуудалд хэзээ ч оролцдоггүй” гэж мэдэгдэл хийсэн. Энэ мэдэгдлийн ачаар одоогийн байдлаар Хятадад “Арсенал”-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ аваагүй байна. Өчигдөр болсон “Арсенал”, “Ман Сити” багуудын тоглолтыг гаргах байсан CCTV шууд дамжуулалтаа цуцалж, “Тоттенхэм”, “Вулверхэмптон” багийн тоглолтыг сонгосон. Үүнээс өөр “шийтгэл” ирээгүй байна.
Сэтгэгдэл ( 1 )
*** CHINESE