Академичид "Тогтвортой хөгжилд Шинжлэх ухааны үүрэг, оролцоо: Шинэ хандлага"-ийн тухай хэлэлцлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 19

ШУА-ийн ээлжит их чуулган өнөөдөр боллоо. Энэ удаагийн чуулганаар  ШУА-ийн гишүүд "ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ШИНЖЛЭХ УХААНЫ ҮҮРЭГ, ОРОЛЦОО: ШИНЭ ХАНДЛАГА, ШИНЭ БОЛОМЖ" сэдвийн хүрээнд хэлэлцэж санал дүгнэлтээ нэгтэн Засгийн газарт зөвлөмж хүргүүлэхээр боллоо. 

  

Технологийн шинэ хувьсгалаар дэмжигдэн улам бүр эрч хүчээ авч буй даяаршлын эрэн үед улс орон бүрийн тогтвортой хөгжил шинжлэх ухаан, технологийн дэвшлээс шууд хамаарах хандлага бодит үйл явц болон хэрэгжиж эхэллээ. Шинжлэх ухаан, технологи ба инноваци (ШУТИ) нь байгаль орчинд ээлтэй, нийгэмд хүртээмжтэй эдийн засгийн өсөлт, ажлын байр, баялаг бий болгодог учраас тогтвортой хөгжилд хүргэх хамгийн үр дүнтэй зам гэж үзэж байна.

Манай улс 1996 оноос даян дэлхийн тогтвортой хөгжлийн үйл явцад идэвхтэй оролцож ирсэн төдийгүй улсынхаа хөгжлийн урт хугацааны бодлогыг энэ үзэл баримтлалтай нягт холбон тодорхойлдог орон болоод байна.

Даян дэлхийн тогтвортой хөгжлийн зорилго нь 2030 он хүртэл ядуурал, өлсгөлөнг эцэслэх, эх дэлхийгээ хамгаалах, шударга ёсыг дээдэлж ялгаварлал, тэгш бус байдлыг арилгах зэрэгт чиглэсэн 17 зорилго, 169 зорилтыг дэвшүүлсэн билээ. Дэлхий даяар өрнөсөн энэхүү их үйлстэй хөл нийлүүлэн Монгол Улсын Их Хурлаас “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал–2030” стратегийн баримт бичгийг 2016 онд баталж, 2019 онд Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн өнөөгийн төлөв байдал, тулгамдаж буй асуудал, сорилт бэрхшээл, цаашдын шийдлийн талаарх Үндэсний сайн дурын илтгэлээ бэлтгэж НҮБ-д албан ёсоор танилцуулаад байна. Өөрөөр хэлбэл, Монгол улс тогтвортой хөгжлийнхээ бодлого, хэрэгжилтийн төвшин, тулгамдсан асуудлыг төрийн бодлогын  хэмжээнд  тодорхойлсон.

Харин тогтвортой хөгжлийн зорилтуудыг цаашид хэрхэн хангах вэ?, түүнд шинжлэх ухаан, технологийн дэвшлийг хэрхэн ашиглах вэ?, шинжлэх ухааны байгууллагууд, эрдэмтэн судлаачид нь ямар үүрэг оролцоотой байх вэ? энэ бүхнийг төрийн бодлогоор хэрхэн дэмжих вэ? гэх мэт асуудлуудын хариулт бүрэн өгөгдөөгүй, хандлагаа өөрчлөх зорилт дэвшүүлсэн эхлэл төдийд байна.

ШУА-ийн эрдэмтэд эдгээр асуултуудад хариулт өгөх ажилд идэвхийлэн оролцсоор ирсэн. Ялангуяа, сүүлийн жилүүдэд “Монгол улсын хөгжлийн номлол”, “Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалын үеийн Монгол улсын хөгжил” зэрэг асуудлыг хэлэлцэн төр засагтаа тодорхой зөвлөмж хүргүүлсэн билээ. Энэ удаад улсынхаа тогтвортой хөгжилд шинжлэх ухааны байгууллага ямар үүрэг оролцоотой байх тухай асуудлыг Их чуулганаараа тусгайлан хэлэлцэхээр Тэргүүлэгчдийн хурлаас шийдвэрлэсэн юм. 

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙГ ХАНГАХ ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСЛЭЛИЙГ  ТОДОРХОЙЛОХ НЬ

Дэлхийн улс орнуудад Тогтвортой хөгжил хэмээх энэ нэр томьёог “Дэлхийн бөмбөрцгийн нөөцийг тогтвортой ашиглахад тулгуурласан тэнцвэртэй хөгжил”,  “зогсохгүй, бүх цаг үед тасалдахгүй үргэлжилсэн хөгжил”, “удаан хугацаанд үргэлжлэхээр тооцсон хөгжил” гэх мэтээр илэрхийлсэн байх боловч  ерөнхий агуулга нь “өнөө үеийнхний хэрэгцээг ирээдүй үеийнхнийг хохироохгүйгээр хангаж болно” гэсэн санааг тусгаж байгаа билээ.

Өнөөдөр хэлэлцэж буй асуудлын хүрээнд тогтвортой хөгжилд шинжлэх ухааны шууд бөгөөд бодитой оролцоог хангах  үүднээс  Монгол улсад суурь шинжлэх ухааны салбар хийгээд  мэдлэг, инноваци шингэсэн  судалгаа, хөгжүүлэлтийн ажлын тэргүүлэх чиглэлийн гол баримжааг дараах байдлаар тодорхойлж хэлэлцэж байна. Үүнд:  

  • Хүнс хөдөө аж ахуйн салбарыг үржил селекцид суурилсан уламжлалт загвараас генийн инженерчлэл, био болон нано технологид суурилсан  орчин үеийн хөгжлийн загварт шилжүүлэх шинжлэх ухааны суурь үндэслэл болгож генийн инженерчлэлийг тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх, 
  • Монгол улсын шинжлэх ухааны хөгжлийн суурь нөхцөлийг шинэчлэн тодорхойлж, мэдлэг инноваци шингэсэн хөгжлийн загварт ашиглах шинэ мэдлэг, технологи, инноваци бий болох чадавхыг бүрдүүлэх зорилгоор хими, физик, биологи, математик зэрэг суурь шинжлэх ухааны зааг дээр хийгдэх судалгаа, хөгжүүлэлтийн ажлыг   шинэ материал, эм  бэлдмэл, .....гарган авах судалгаанд  төвлөрүүлэх
  • Монгол улсын эдийн засгийн хөгжлийн загварыг байгалийн баялаг, түүхий эдийн экспортод суурилсан одоогийн хандлагаас ангижруулж, тоон эдийн засгийг хөгжүүлэх замаар мэдлэг инноваци  шингэсэн орчин үеийн хүртээмжтэй өсөлтийн загварт шилжүүлэх
  • Тоон технологийн салбаруудыг шинжлэх ухааны тэргүүлэх чиглэлийн нэг болгон хөгжүүлэх, тооцоолох төвүүдийг бий болгож үүлэн технологид суурилсан үйлчилгээнүүдийг өргөнөөр нэвтрүүлэх

Эдгээр чиглэлүүдийг тойруулан бүтцийн академи, салбарын бага чуулганууд, эрдэм шинжилгээний байгууллагууд  судалгаа, хөгжүүлэлтийн ажлынхаа тэргүүлэх чиглэлийг тодотгон баяжуулах боломжтой гэж үзэж байна.

ЭХ СУРВАЛЖ: Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top