Францад 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс холимог тулааны тэмцээнийг албан ёсоор зөвшөөрнө гэж байсан боловч шийдвэрийг ирэх хоёрдугаар сар хүртэл хойшлуулжээ. Магадгүй энэ жилдээ ч шийдэхгүй байж магадгүй гэнэ.
Францын Залуучууд, спортын сайд Роксана Марачиняну холимог тулааны талаар Францын ҮОХ, мэргэжлийн холбоодоос илүү их мэдээлэл авах шаардлагатай гэж үзжээ.
Ирэх гуравдугаар сард Парист Францын тамирчин Франсис Нганнугийн оролцох UFC холбооны тэмцээн болно гэж зарлагдсан ч улсаас зөвшөөрөхгүй нь бололтой.
Холимог тулаан хориглогдсон улс орнууд
Франц
Сирилл “Могой” Диабате, Чейк Конго, Нганну нарын алдарт тулаанчид эх орондоо, хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө тулалдахыг олон жил мөрөөдөж явсан. Удахгүй бүтнэ ч гэж итгэж байжээ. Харамсалтай нь 2016 оны 10 дугаар сард Францын Спортын яамнаас тулааны тэмцээнийг зохион байгуулах талаар шинэ дүрэм гаргасан юм. Уг дүрэмд холимог тулааныг спортын төрөл гэж огт заагаагүй атлаа торон дотор явагддаг бүх тулааныг хоригложээ. Мэргэжлийн тулааныг зөвхөн хамгаалалтын булантай рингэд, эсвэл задгай дэвжээнд явуулахаар заасан. Хэвтээ байдалд өвдөглөх, босоогоос тохойлдох, мөргөх мэх болон өрсөлдөгчөө санаатайгаар толгойгоор нь унагаах, шидэх, рингээс түлхэхийг хоригложээ. Харин шинжээчид Францын Спортын яамыг “Алс тэртээ 1990-өөд оны үедээ зогсчихож. Торон дотор тоглох нь рингээс хамаагүй аюул бага” хэмээн шүүмжилж байгаа юм. Францын холимог тулааны комиссын (CFMMA) ерөнхийлөгч Бертран Амуссу “Яамныхан биднийг тэнэг хүмүүс гэж бодож байна. Европт Франц, Норвегоос бусад орон MMA-г хүлээн зөвшөөрөөд байгаа. За яах вэ, шүүх шийдээд өгөх болно” гэж холимог тулааныг хориглосон шийдвэрийн эсрэг заалдан, шүүхэд хандахаа мэдэгдээд байгаа. “Могой” Диабете эх орондоо тоглож чадахгүй байсаар зодог тайлсан байна.
Норвег
Холимог тулааныг энэ улсад ч бас спорт гэж үздэггүй. Мэргэжлийн боксыг 34 жил хориглож байсан улс болохоор аргагүй. Дэлхийн шилдэг боксчин эмэгтэй, WBC/WBA/WBO/IBF холбоодын аварга Сесилия Брехус Осло хотод тэмцээн зохиох гэж шүүхээр заргалдаж байлаа. 2016 онд шүүхэд ялснаасаа хойш тэр Норвегт гурван удаа тоглоод байгаа. Норвегт “Хүнд цохилтын талаарх хууль” гэж бий. Энэ хууль ёсоор хүний толгой руу цохиж оноо авдаг, ялалт байгуулдаг бүх спортын төрлийг хориглосон байдаг. Мөн “Хүнд цохилтод хэн нэг нь орж болох бүх тэмцээн, үзүүлэх тоглолт, бэлтгэлийг Эзэн хааны зөвшөөрөлтэйгөөр л зохион байгуулж болно” гэсэн заалттай. Норвегийн сэтгүүлч Таржей Нюмарк Мёркве “Норвегт ганцхан удаа холимог тулааны тэмцээн явагдсан. Яагаад Засгийн газраас зөвшөөрсөн гэхээр тэр тэмцээнийг “Art project” гэж танилцуулсан байсан юм” гэж ярьж байна.
Холимог тулааныг саяхан зөвшөөрсөн орон
Тайланд
Тайландын Спортын удирдлагын газраас 2012 онд холимог тулааныг хориглосон. Үүнд мэдээж муай тай буюу тайланд боксынхон их үүрэг гүйцэтгэсэн нь гарцаагүй. Шинэ өрсөлдөгч зах зээл, тамирчдыг нь булаан авчихна гэж айсан хэрэг. Спортын удирдлагын газрын тэргүүн Сакол Ваннапонг “Холимог тулааны тэмцээн муай тайд сөрөг нөлөөтэй. Хэрэв та энэ төрлийн бизнес хийх гэж байгаа бол өөр оронд очсон чинь дээр” гэж шууд хэлсэн юм. Гэхдээ холимог тулааны талынхан зүгээр суугаагүй. Тайланд дахь цорын ганц холимог тулааны промоутер компани болох “MMA DARE Fight Sports”-ийн ерөнхийлөгч Жусси Салорантагийн өмгөөлөгчид үнэндээ энэ хориг нь айлгах гэсэн оролдлого болохоос хууль зүйн ямар ч үндэсгүй гэж үзэж байгаа юм. Учир нь яг холимог тулааны тэмцээн явуулж болохгүй гэсэн хууль байхгүй аж. Салоранта Тайландын холимог тулааны холбоо байгуулж, Спортын удирдлагын газартай эвлэрэх гэж их оролдсон. Ингээд 2013 оноос талууд хэлэлцэж, хоригийг цуцалсан билээ. 2016 онд Азийн том холбооны нэг болох “ONE Championship” Тайландад тулаан зохион байгуулсан нь Тайланд улсын хувьд тун чухал зүйл болсон юм. Тус улсын алдарт "Big Ass”, “Bodyslam” рок хамтлагууд тоглож, соёл урлагийн томоохон арга хэмжээ болон өнгөрсөн. Тайланд бол олон нэрт тулаанчдын дуртай газар. Энд мэргэжлийн боксчид, холимог тулаанчид бэлтгэлээ базаадаг.
Холимог тулааныг хэсэгчлэн зөвшөөрсөн орон
Бельги
Энд холимог тулааны дүрмээр зөвхөн сонирхогчид тулалдаж болдог. Гэхдээ заавал эмнэлгийн даатгалтай байх шаардлагатай. Мэргэжлийн тамирчдын тулааныг яг хориглодоггүй ч хязгаарладаг тул Бельгийн хамгийн нэртэй “зодоонч” Тарек Саффедин нутагтаа хоёрхон удаа л тулалдаж байсан юм.
Энэтхэг
UFC-ийн ерөнхийлөгч Дана Уайт асар их хүн амтай Энэтхэг орны зах зээлийг эзлэх хүслээ илэн далангүй ярьж байсан. Хэцүү л зорилго. Энэтхэгт холимог тулааныг албан ёсоор спорт гэж хүлээн зөвшөөрөөгүй. Мөн ард нийтээрээ мэргэжлийн бокст дуртай. Тиймээс энд болдог холимог тулааны тэмцээнүүд үнэн хэрэгтээ албан бус гэсэн үг. Тулаанчид нь цалин хөлс бага, эмнэлгийн даатгалгүй хэмээн гомдол тавьдаг.
Дани
Данид холимог тулааныг хориглоогүй ч албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй. 2012 онд байгуулагдсан Данийн холимог тулааны холбооноос улсдаа байгаа холимог тулааны бүх холбоо, клуб, байгууллагуудыг гишүүнээр элсэхийг уриалж байгаа. Учир нь нэгдэж байж тэд Данийн спортын холбоонд бүртгүүлж, албан ёсны спорт болох ёстой юм.
Сэтгэгдэл ( 0 )