Кибер орон зай болон мэдээллийн орон зайд улс орны хил, хязгаар ч нөлөөлж чадахгүй гэдэг учраас хувь хүний сонор сэрэмж чухал нь лавтай. Монгол Улсад 15-60 насны хоёр сая гаруй иргэн гар утас ашиглаж байгаа нь нийт хүн амтай харьцуулахад өндөр тоо. Тавхан жилийн өмнөхөөс ухаалаг утас хэрэглэгчдийн тоо хоёр дахин өссөн нь энэ.
Ухаалаг хэрэглээний өсөлтийг дагаад шинэ шинэ технологиуд гарсаар. Технологиуд сайныг ч саарыг ч дагуулсаар кибер аюулгүй байдал хэмээх нэр томьёог мэдэхгүй хүн үгүй болжээ. Тэгвэл хакерууд “үнэгүй wifi” бүсийг ашиглаж энэ төрлийн халдлага хийх нь элбэгшжээ. “Үнэгүй бяслаг зөвхөн хулганы хавханд л байдаг” гэдэг дээ. Үнэгүй интернэт хэрэглэснийхээ хариуд нь өөрийн мэдээллээ гадагш алдаж, хакеруудын кибер гэмт хэргийн золиос болох эрсдэл нэмэгддэг байна. Тиймээс кино театр, ресторан, цайны газар, кафед үйлчлүүлэхдээ ч гэсэн баталгаатай интернэт сүлжээгээр нэвтэрч, нууц кодыг нь үйлчилгээний газрын ажилтнаас авч байх шаардлагатай болжээ. Цаашлаад нийтийн интернэт сүлжээ ашиглаж байхдаа хувийн нууц мэдээлэл, имэйл, санхүүгийн мэдээллүүд рүүгээ болж өгвөл орохгүй байхыг зөвлөжээ.
Шаардлагагүй аппликешнуудыг хааж, гар утасныхаа VPN буюу virtual private network холболт ашиглахыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Ингэснээр таны байршлаас үл хамааран зохих түвшний хамгаалалт авах боломжтой аж. Хамгийн чухал нь хуучирсан үйлдлийн систем халдлагад өртөх өндөр магадлалтай байдаг учраас интернэтэд холбогдох боломжтой бүх төхөөрөмжийн үйлдлийн системийг байнга шинэчилж байхыг Тагнуулын ерөнхий газраас сэрэмжлүүлж эхэллээ. Ерөөсөө л та хямдхан хуучирсан үйлдлийн системтэй гар утас, электрон тоног төхөөрөмж ашигладаг бол кибер халдлагад өртөх магадлал үнэтэй төхөөрөмжөөс илүү ихэснэ л гэсэн үг. Үүн дээр нэмээд та олон нийтийн газраас USB цэнэглэгч авч ашиглахгүй байх нь зохистой.
Ерөнхийдөө машины цэнэглэгч, power bank зэрэг өөрийнхөө найдвартай цэнэглэгчийг ашиглах нь л өлзийтэй гэнэ шүү. Учир нь кибер халдлага үйлдэгчид цэнэглэгч кабельд нэмэлтээр чип суулгаж, тус кабелийг ашигласан гар утсан дахь нууц мэдээллийг олзлох, дамнан худалдах, барьцаалах тохиолдол олширч байгаа аж. Мөн дуут болон видео бичлэг хийх, тусгай дугаар руу залгах, текст мессэж илгээх үйлчилгээг гар утасны эзэнд мэдэгдэхгүйгээр автоматаар хийх боломж олгодгоороо гайхмаар ч аюултай болжээ.
Сэтгэгдэл ( 0 )