ДОРНОД: Төгсөх ангийн сурагчдад таблет олголоо

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 08

Ерөнхий боловсролын сургуулийн 2019-2020 оны хичээлийн жилийн төгсөх 12 дугаар ангийн сурагчдыг сургууль төгсөх болон их дээд сургуульд элсэх элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэлийг эрчимжүүлэх зорилгоор аймаг, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Хэрлэн сумын 12 жилийн сургалттай ерөнхий боловсролын сургуулиудад 70 ширхэг таблетыг математикийн хичээлийн аппликейшний хамт хүлээлгэн өглөө.

Энэ үеэр аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга бөгөөд Засаг дарга М.Бадамсүрэн "Бид бүхний дэвшүүлж буй зорилт нь аль ч салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлэх улмаар багш сурагчдын механик ажилд зарцуулж буй цаг хугацааг хөнгөвчлөх талаар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд дараах таблетийг апликейшний хамт та бүхэнд хүлээлгэн өгч байгаадаа баяртай байна. Мөн зөвхөн эрүүл мэндийн салбар, боловсролын салбар гэхгүй бүхий л салбарт орчин үеийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлж дэвшилтэд технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх чиглэлээр ажиллах болно" гэдгийг онцлон хэлсэн юм.

Уг таблетыг ашигласнаар сурагчид 3-12 дугаар ангийн математикийн сургалтын хөтөлбөрийн агуулгын дагуу сургалтад хамрагдах боломжтой. Мөн 70 таблетыг дагалдан энэ оны 1-6 дугаар сар хүртэл ашиглах боломжтой “Сураад” аппликейшний хамт олгосон байна.

Дорнод аймгийн ЗДТГ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top