Б.Пүрэвдорж: Цагаан сараас өмнө сая төгрөгийг нь өгч болохгүй юу

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 09

Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж байна. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Шийдэхээс аргагүй тулгамдсан асуудал бол ахмадын зээл. Энэ талаар хуулийн төсөл санаачилна гэдгээ би илэрхийлж байсан. Харин ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу Засгийн газраас тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх асуудлыг ажлын хэсэг сайтар ярьсан байх. Зээл авсан ахмад болон зээл аваагүй ахмадуудын зөрүүг хэрхэн авч үзсэн бэ. Мөн Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлыг хэрхэн шийдэх вэ. Сангийн хөрөнгийг зувчуулах боломжийг яам яагаад олгоод байдаг юм. Алга болсон мөнгө хаа нэг газар байх ёстой. Яагаад улсыг хохиролгүй болгохгүй байгаа юм. “Жаст”-ын Ш.Батхүүгийн өчнөөн тэрбум төгрөгийг Засгаас төлсөн. Хоног хугацаа явахын хэрээр хөрөнгө зувчуулсан хүмүүс ял завших боломж нэмэгдэж байна” хэмээсэн бол Б.Пүрэвдорж гишүүн “Тэтгэврийн зээлийг төлснөөр банкууд ашиг олохгүй гэсэн Г.Занданшатар даргатай санал нэг байна. 700 орчим тэрбум төгрөгийг төлөх тухай асуудал ярьж байна. Энэ нь жилийн зургаан хувийн хүүтэй байх юм. Тэгэхээр банкуудад ашиггүй. Найдвартай 15 хувийн зээлээ зургаан хувиар солино гэсэн үг. Зээлийн асуудлыг цагаан сараас өмнө шийдэх нь ахмадуудад барьж байгаа том бэлэг. Харин 194 мянган ахмадад нэг сая төгрөгийн үнэт цаасыг 2021 оны тавдугаар сард олгох асуудал яригдаж байна. 194 мянган иргэнд 194 тэрбум төгрөг тараана гэсэн үг. Тэгэхээр нэрлэсэн бондоор бүгдийг гаргаад сая төгрөгийг нь ч өгч болно. Банканд 700 тэрбум төгрөг өгчихдөг. Жирийн хүнд өгөх болохоороо хугацааг нь хойшлуулж болохгүй” хэмээн асуув.

Үүнд УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Оюунхорол “Өнөөдрийн байдлаар 421 мянган тэтгэвэр авагч байгаа. 229 мянга нь тэтгэврийн зээлтэй. Нийт тэтгэвэр авагчдын 54.5 хувийг эзэлж байгаа. Энэ хүмүүс 762.1 тэрбум төгрөгийн зээлийн өртэй. Нийт зээлтэй иргэдийн 91.9 хувь нь зургаа хүртэл сая төгрөгийн зээл авсан. 208 орчим мянган иргэн байна гэсэн үг. Цаана нь 194 мянган иргэн ямар ч тэтгэврийн зээл аваагүй байгаа. Салхитын мөнгөний ордын бонд гаргаад Үндсэн хуулийн зарчимд нийцүүлэн баялгийн сан бий болгох, ард иргэддээ хүртээх зарчмын эхлэлийг тавьсан хуулийн төсөл гэж ойлгож болно. Улс орны ирээдүйг бүтээж, бидэнд сайхан нийгмийн бий болгож өгсөн ахмадууд маань зах зээлийн нийгмийн шуурганд хатуу амьдралыг туулсан. Бүх зүйлийг болгоно гэж бодож энэ хүмүүс хөдөлмөрлөсөн. Тиймээс зээлтэй сэтгэлийн дарамттай амьдарч байгаа нөхцөл байдлыг Монголын төр шийдвэрлэх хууль санаачилж байгаа юм. 194 мянган хүнд нэг сая төгрөг олгоход 194 тэрбум төгрөг шаардлагатай. Тийм бага мөнгө биш. Бидний нийт бондын хэмжээ 900 тэрбум төгрөг. Үүнийхээ 762 тэрбум төгрөгөөр банкуудад байгаа өрөө төлнө. Зургаа хүртэлх сая төгрөгийн босго тавихад 208 мянган иргэний тэтгэвэр чөлөөлөгдөнө. Зургаагаас дээш сая төгрөгийн зээлтэй иргэд нь сард сая төгрөгийн тэтгэвэр авдаг боломжийн амьдралтай хүмүүс. Тэр хүмүүс үлдсэн зээлээ төлөх боломжтой гэж үзсэн. Зарим иргэн 200 мянган төгрөгийн зээлтэй байгаа. Сая төгрөг хүрэхгүй зээлтэй байгаа хүмүүс нийт зээлийн 22 тэрбум төгрөгийг эзэлж байгаа. Тэгэхээр үүнийг давхар шийдвэрлэх ёстой. Бид 30 жилийн хугацаанд эдийн засгийн ийм том хэмжээний шийдвэр гаргаж байгаагүй. Тиймээс эдийн засагт дарамт болгохгүй байх үүднээс асуудлыг шийдвэрлэх ёстой учраас Салхитын мөнгөний ордоос хөрөнгө босгох гэж байна” хэмээн тайлбарлав.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top