Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж байна.
УИХ-ын даргын 2020 оны 10 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг хоёр удаа хуралдаж, УИХ дахь Монгол ардын намын бүлэг, Байнгын хороод, нэгдсэн хуралдаанаар төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүдийн гаргасан саналыг үндэслэн зарчмын асуудлыг төсөлд тусгажээ.
Тэтгэвэр барьцаалсан зээлийн үлдэгдлийг төрөөс нэг удаа төлөх дээд хэмжээг 6 сая төгрөгөөр тогтоов. Тэтгэвэр авагч нарын тэтгэврийн хэмжээ, зээлийн төлбөрийн хугацаанаас хамааран зээлтэй тэтгэвэр авагчдын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх зээлийн үлдэгдлийн дүн харилцан адилгүй байна. Иймд тэтгэврийн зээлтэй иргэдэд тэгш үйлчлэх зорилгоор зээл чөлөөлөх дээд хэмжээг 6 сая төгрөгөөр тогтоох, түүнээс дээших дүнг иргэн өөрөө хариуцан төлөх зохицуулалтыг төслийн 4.4 дэх хэсэгт тусгалаа. Энэхүү зохицуулалтыг оруулснаар хуулийн зохицуулалт нь зээлтэй тэтгэвэр авагчдын 90.8, зээлийн дүнгийн 75.2 хувийг хамарна.
Тэтгэвэр барьцаалсан зээл аваагүй иргэдэд 1 сая төгрөгийн үнэт цаасыг эзэмшүүлэх зохицуулалтыг тусгалаа. Үндсэн хуулийн 6.2 дахь заалтад заасан байгалийн баялгийн өгөөжийг иргэдэд тэгш, шударга хүртээх зарчимд үндэслэн зээл аваагүй үлдсэн 194.2 мянган тэтгэвэр авагчдад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Салхитын мөнгө, алтны ордын ирээдүйн орлогыг барьцаалан гаргах үнэт цаасыг эзэмшүүлэх зохицуулалтыг Дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд тусгав.
Тэтгэвэр барьцаалсан зээлийг цаашид 6 хүртэл сарын хугацаатайгаар, жилд 1 удаа авах өөрчлөлтийг тусгав. Хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай” хуульд нэмэлт оруулснаар тэтгэвэр, тэтгэмжийг барьцаалахыг хориглосон. Энэ нь нэг талаас тэтгэвэр авагчдын амьжиргааг хамгаалах, өрийн дарамтад орохоос сэргийлэх арга хэмжээ хэдий ч нөгөө талаас иргэд богино хугацааны хэрэгцээгээ шийдэх боломжийг хязгаарлаж байна. Иймд Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналыг үндэслэн тэтгэвэр авагч тэтгэврээ барьцаалан 6 хүртэл сарын хугацаатайгаар, жилд 1 удаа авах өөрчлөлтийг хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд тусгах саналыг боловсруулсан гэдгийг Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа дурдлаа.
Мөн иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төсөлд дээрх зарчмын санал тусгагдсантай холбогдуулан дараах зохицуулалт бүхий Дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсныг онцлов. Үүнд: Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль баталсантай холбогдуулан тэтгэвэр барьцаалан банкнаас зээл аваагүй иргэнд Салхитын мөнгө, алтны ордын эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогыг барьцаалан гаргах үнэт цааснаас 1’000’000 (Нэг сая) төгрөгтэй тэнцэх хэмжээний нэрлэсэн үнэтэй үнэт цаасыг эзэмшүүлэх, үнэт цаасны эргэн төлөлтийг 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн хийх, иргэдийн төлөх дүн 1’000’000 төгрөгийн хэмжээнээс бага байвал зөрүү төлбөрт ногдох үнэт цаасыг тухайн иргэнд эзэмшүүлэх, “Эрдэнэс Монгол” ХХК нь энэхүү арга хэмжээнд зориулан нийт 900 тэрбум төгрөг хүртэлх дүнтэй үнэт цаас гаргах, үүнээс хуулийн төслийн 4 дүгээр зүйлийн 4.4-т заасан болон Дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан төлбөрт, үлдэх орлогыг “Эрдэнэс Силвэр” ХХК-ийн үйл ажиллагаанд тус тус зарцуулахаар зохицуулжээ. Түүнчлэн зарчмын зөрүүтэй саналтай холбогдуулан “Эрдэнэс Силвэр” ХХК-ийг үнэт цаасын эргэн төлөлтийн хугацаанд аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх зорилгоор “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслийг боловсруулах шаардлагатай байгааг ажлын хэсгээс танилцуулав.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Сэтгэгдэл ( 2 )
Батзандан бол хогийн хутгуур ашиг хонжоо хайж оноо цуглуулах гэсэн бодолтой ёстой улс төрд ойртууламгүй хүн.сэтгэцэнд юм бий байх.сэтгэлд нь таарах юм үгүй ойр бодолтой хүн
Батзандан жагсах шалтаг олдохгүй ахмадуудаар бамбай хийх гэж бн хогийн шаар