ЧУУЛГАНЫ ПРОТОКОЛ: Тэтгэврийн зээлийг тэглэх асуудлаар ХЭН ЮУ ХЭЛЭВ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 10

Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хийлээ. Өнөөдөр хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуулийг батлах юм.

Ажлын хэсгийн саналаар тэтгэвэр барьцаалсан зээлийн үлдэгдлийг төрөөс нэг удаа төлөх дээд хэмжээг зургаан сая төгрөгөөр тогтоов. Мөн тэтгэвэр барьцаалсан зээл аваагүй иргэдэд нэг сая төгрөгийн үнэт цаасыг эзэмшүүлэх, тэтгэвэр барьцаалсан зээлийг цаашид зургаа хүртэл сарын хугацаатайгаар, жилд нэг удаа авах өөрчлөлтийг тусгажээ.


Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.БААСАНХҮҮ “Хэн ч өрийг тэглэхийн эсрэг яваагүй. Гэхдээ Монгол Улсын эрх ашиг гэж бий. Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэе гэсэн. Зургаан сараар зээл олгоно гэж байна. Зургаан сараар зээл авсан хүмүүсийн зээлийг тэглэх үү. Нэг сая төгрөгийн ваучер олгох юм байна. Сүүлийн сарын хугацаанд 100 тэрбум төгрөгийг тэтгэврийн зээл гарсан гээд байгаа. Энэ асуудал яагаад чимээгүй болов” хэмээн асуухад Ажлын хэсгийн ахлагч Я.СОДБААТАР “УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан МАН, АН, ШИНЭН-ын төлөөлөл оролцсон ажлын хэсэг хуулийн төслийг боловсруулсан. Арванхоёрдугаар сард 100 тэрбум төгрөгийн зээл гарсан гэдэг нь худлаа. 2019 оны арванхоёрдугаар сард 23875 хүнд 55 тэрбум төгрөгийн зээл олгосон. Бас 72.9 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн. Сүүлийн жилүүдэд тэтгэврийн зээлийн эргэн төлөлт өндөр байсан. Мөн ваучер биш үнэт цаас гаргана. Тэтгэврийн зээлийг бүрэн зогсоох санал орж ирсэн. Түүнийг нь зургаан сараар жилд нэг удаа олгохоор болсон. Дахиж тэтгэврийн зээлийг тэглэхгүй. 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нээр тасалбар болгоно” хэмээн тайлбарлалаа.

Мөн УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР “Зарим УИХ-ын гишүүний судалгаа, тооцоогүй, сураг баримжаагаар хэлсэн зүйл эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Тэтгэврийн зээлийг төлөх шийдэл эдийн засагт сөргөөр нөлөөлөхгүй. Энэ онд Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарсан. Гэтэл улстөрчдийн мэдэгдлээс болоод 600 гаруй сая ам.долларын интервенц хийлээ. Гүйлгээнээс 1.5 их наяд төгрөг татсан. Эцэст нь эдийн засаг маань хатаад байна. Өнгөрсөн онд эдийн засаг 7.3 хувиар өссөн. Харин 2020 онд эдийн засаг тавхан хувиар өсөж байна. Тэтгэврийн зээлд төлөх 800 тэрбум төгрөг бөөндөө гарахгүй. Б.Жавхлан гишүүнийг Монголбанкыг удирдаж байх үед 7.2 их наяд төгрөгийг хэвлэн гүйлгээнд гаргаж байсан. Тэгэхэд инфляц 14 хувиас хоёр хувь болж буурсан. Өнөөдөр найман хувь байх ёстой инфляц таван хувь болчихсон. Мөнгө бөөндөө гарлаа гэхэд эдийн инфляцад нэг хувиар нөлөөлнө. Энэ мөнгө “Найман шарга” зах дээр очихгүй. Харин талхаа таллаж, тосоо граммаар авч байгаа хүмүүст очно. Энэ жил манай валютын нөөц 4.35 тэрбум ам.долларт хүрээд байна. Бид хамгийн бага эрсдэлтэй зээлийг хаах гэж байна. Энэ нь банкнуудад биш эдийн засагт ашигтай. Гадагшаа приус болоод гарчихдаггүй дотоодын үйлдвэрлэлийг дэмждэг зээлийг төлөх гэж байна. Ийм байхад улстөржиж нийгэмд савлагаа үүсгэхгүй байхыг гишүүдээсээ хүсье. Энд улс төрийн оноо хайх шаардлагагүй. Заавал тэгшитгэж мөнгө өгнө гэдэг нь хавтгайруулсан бодлого. Бид зах зээл шүүгээд өгчихсөн зорилтот бүлгийн хүмүүсийнхээ зээлийг төлөх явдал” хэмээлээ.

УИХ-ын гишүүн Л.ЭЛДЭВ-ОЧИР "Энэ хуулийг өргөн барьснаас хойш өргөн хүрээний хэлэлцүүлэг явагдлаа. Өнөөдрийн хууль хамгийн зөв хувилбар, батлагдах нь ойлгомжтой байх. Үндсэн хуульд нийцүүлж ахмадад төрийн хайр хишгийг хүртээж байна гэж бодож байна. Төр байгаа цагт халамжийн бодлого байх ёстой. Харин энэ халамжийн бодлогын хэрхэн яаж явуулахаа тодорхой болгох хэрэгтэй. Бид Ирээдүйн өв сангийн тухай хуулийг баталсан. Энэ санд 538 сая төгрөг хуримтлагдсан байна. Цаашид нэг их наяд төгрөг болгох зорилготой. Энэ сантай уялдуулж бодлогоо зөв гаргах зайлшгүй шаардлагатай юм. Энэ бол тэтгэврийнхээ хөгшчүүлд төрөөс үзүүлж байгаа халамжийн бодлого гэдгийг хэлэх байна" гэсэн бол УИХ-ын гишүүн Ж.БАТЗАНДАН “Нэг ахмадад 2.5-3 сая төгрөг оногдож байна. Эрх баригч намынхан тэтгэврийн зээлгүй иргэдэд нэг сая төгрөгийн үнэт цаас өгнө гэж байх юм. Нэг өдрийн дотор 200 тэрбум төгрөгийн үнэт цаас өгнө гэж гэнэтийн шийдвэр гаргахын оронд 750 тэрбум төгрөгөө нийт ахмадад тэгш хүртээх ёстой. Үүнийг л ШИНЭ нам шаардаад байгаа юм. Тиймээс өнөөдөр 11.00 цагт Сүхбаатарын талбай дээр цуглаан хийхээ зарлаж байна. Ахмад иргэдээ ялгаварлахгүйгээр шударга шийдвэр гаргахыг хүсэж байна. Баялгийн шударга хуваарилалтын төлөө ахмадуудтайгаа ШИНЭ нам жагсана" гэлээ.

УИХ-ын гишүүн С.ЖАВХЛАН "Тэтгэврийн зээлийг тэглэх нь зөв гэж бодож байна. Даанч цаг хугацаагаа олоогүй байна. Хүнд сэтгэлээс тусласан тус бол хэзээ ч мартагддаггүй. Манай Монголд дөрвөн жилд нэг удаа сонгууль дөхөөд ирэхээр л баахан амьтан хуурдаг, таалагдах гэж оролддог. Төрийн өндөр албан тушаалыг яаж сонгуулийн хууль зөрчиж, сурталчилгаа хийж болдгийг харж байна. Тэтгэврийн зээлийг тэглэсэнтэй холбогдуулан Монголын зүйр цэцэн үгэнд албан ёсоор нэг үг оруулж тунхаглах хэрэгтэй байна. Үе, үе нэг цадна. Үхэр гарахаар нэг цадна. Цаг цагаар нэг цадна. Цагаан сараар нэг цадна гэж үг бий. Энэ дээр нэмж сонгон сонгон нэг цадна. Сонгууль дөхөхөөр нэг цадна гэж. Хүнд олон юм ярилгүй нэг юм өгөхөд сайхан байдаг шүү дээ. Би өгсөн, тэр өгсөн гээд л сонгохгүй бол яана гэдэг айдсын шийдвэр байв уу, хайрын шийдвэр байв уу. Дараагийн дөрвөн жилд эхний өдрөөсөө цаг тутам иргэдийнхээ нурууг хөнгөлсөн шийдвэр гаргадаг тогтолцоог зөв шийдвэр гэдэг юм" хэмээн байр сууриа илэрхийллээ. 

Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ “Тэтгэврийн зээлийн 800-аад тэрбум төгрөгийг төлөх тухай асуудал ярьж байна. Энэ нь жилийн зургаан хувийн хүүтэй байх юм. Тэгэхээр банкнуудад ашиггүй. Найдвартай 15 хувийн зээлээ зургаан хувиар солино гэсэн үг. Зээлийн асуудлыг цагаан сараас өмнө шийдэх нь ахмадуудад барьж байгаа том бэлэг. Харин 194 мянган ахмадад нэг сая төгрөгийн үнэт цаасыг 2021 оны тавдугаар сард олгохын оронд бүгдийг нь бондоор гаргаж болно. Банканд 800 тэрбум төгрөг өгчихдөг. Жирийн хүнд өгөх болохоороо хугацааг нь хойшлуулж болохгүй” хэмээхэд УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.ОЮУНХОРОЛ “Өнөөдрийн байдлаар 421 мянган тэтгэвэр авагч байгаа. 229 мянга нь тэтгэврийн зээлтэй. Нийт тэтгэвэр авагчдын 54.5 хувийг эзэлж байгаа. Энэ хүмүүс 762.1 тэрбум төгрөгийн зээлийн өртэй. Нийт зээлтэй иргэдийн 91.9 хувь нь зургаа хүртэл сая төгрөгийн зээл авсан. 208 орчим мянган иргэн байна гэсэн үг. Цаана нь 194 мянган иргэн тэтгэврийн зээл аваагүй. Салхитын мөнгөний ордын бонд гаргаад Үндсэн хуулийн зарчимд нийцүүлэн баялгийн сан бий болгох, ард иргэддээ хүртээх зарчмын эхлэлийг тавьсан хуулийн төсөл гэж ойлгож болно. Улс орны ирээдүйг бүтээж, бидэнд сайхан нийгмийн бий болгож өгсөн ахмадууд маань зах зээлийн нийгмийн шуурганд хатуу амьдралыг туулсан. Ахмадуудын сэтгэлийн дарамттай амьдарч байгаа нөхцөл байдлыг Монголын төр шийдвэрлэх хууль санаачилж байгаа юм. 194 мянган хүнд нэг сая төгрөг олгоход 194 тэрбум төгрөг шаардлагатай. Тийм бага мөнгө биш. Бидний нийт бондын хэмжээ 900 тэрбум төгрөг. Үүнийхээ 762 тэрбум төгрөгөөр банкнуудад байгаа өрөө төлнө. Зургаа хүртэлх сая төгрөгийн босго тавихад 208 мянган иргэний тэтгэвэр чөлөөлөгдөнө. Бид 30 жилийн хугацаанд эдийн засгийн ийм том хэмжээний шийдвэр гаргаж байгаагүй” хэмээн тайлбарлав.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top