Борис Будаев: Би хэнээс ч, юунаас ч айж байгаагүй

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 23

Буриадын алдарт тамирчин Борис Дугданович Будаев бол ЗХУ-ын гавьяат тамирчин, Буриадын Биеийн тамир, спортын гавьяат ажилтан хүн. Дэлхий, Европ, Ази тивийн аварга Борис Дугданович залуу насаа дурсахын зэрэгцээ Буриад нутгийнхаа талаар нутгийнхаа “Инфол” агентлагийн сэтгүүлчид ярьжээ.

-Борис Дугданович, жар гарсан гэхэд та үнэхээр сайхан харагдаж байна. Биеийн тамираар хичээллэсэн хэвээр байна уу?

-Хүний амьдралын хамгийн чухал зүйл бол хөдөлгөөн. Би идэвхтэй байхыг эрмэлздэг. Зааланд бэлтгэл хийнэ, хөл бөмбөг тоглоно. Эхнэр минь “Спортоор хичээллэхээ боль, биеэ бодох цаг чинь болсон” гэж үглэдэг юм. Хоёр цаг гүйхэд л их байна гээд. Тэгвэл миний үеийнхэн зарим нь зүгээр л алхдаг болчихсон байгаа. Өмнө нь барилдаж байсан найзууд саяхан уулзтал 135 кг жинтэй болж, таргалсан байсан.

-Таны жин хэд вэ?

-82 кг.

-Та хамгийн сүүлд хэзээ дэвжээн дээр барилдсан бэ?

-2008 онд Пермьд болсон ахмадын ДАШТ-д оролцсон. ОХУ-ын шигшээ багийн дасгалжуулагч Москвагаас утасдаад тэмцээнд урилаа. Би Байгаль нуурын эрэг дээр амарч байсан юм. “Олон медаль авах хэрэгтэй байна. Чи заавал оролц” гэж байна. Би 93 кг орчим жинтэй байлаа. Харин тэмцээн хоёр сарын дараа. Ингээд л гүйж эхэллээ. 17 кг хасаад 76 кг-ын жинд барилдаад түрүүлсэн.

“Шонгийн мод” тоолох

-Яаж тан шиг ийм тэсвэр хатуужилтай болох вэ?

-Хүнд хэцүү зүйлийг тэснэ, давж чадна гэж өөрийгөө шахах хэрэгтэй. Гүйж байгаад амармаар санагдвал би өөртөө “Ахиад жаахан үлдлээ. Дараагийн шонгийн мод хүртэл гүйх ёстой. Хүрж чадвал аварга болно” гэж хэлдэг байсан. Би Баргажин аймгийн Соёл  тосгоны хүн. Бага байхдаа сургуулиасаа 15 км гүйж, гэртээ ирж, хоолоо идээд буцаад л гүйдэг байлаа. Тараад бас гүйж ирнэ, хамаг хувцас хөлстэй, нойтон. Хувцсаа сольчхоод түлээ хагалж, усанд явна. Хоёр цаг ажил хийсний дараа ээж “Амар” гэж хэлдэг байлаа. 30 минут амраад л “Шонгийн мод тоолохоор” гарч гүйнэ. Тэр үед хот тосгоны ойролцоо чоно ихтэй. Үргэлж модон саваа барьж явна. Бутан дунд ямар нэг чимээ гарахаар бүр хурдан гүйнэ шүү дээ.

-Залуу бөхчүүд тэмцээний өмнөх 10 хоногийг яаж өнгөрүүлэх талаар их асуудаг. Ямар хоол идэх, яаж бэлтгэл хийх гээд л.

-Би тэмцээний өмнө байнга 8-10 кг хасдаг байсан. Арав хоног хоолоо сойно. Төмс бараг идэхгүй. Нэг удаа 100 грамм хоол иднэ, гэхдээ өдөрт таван удаа. Формондоо яг л ордог байсан. Гэхдээ арав хоног бага байна. Сарын өмнөөс бэлтгэх хэрэгтэй. Тэмцээн эхлэхэд долоо хоног үлдэхэд би эрч хүчээ үрэхгүйн тулд амарч, спорт тоглоом бага зэрэг тоглодог байсан. Зарим бөх хэт их бэлтгэл хийгээд тэмцээн дээр ямар ч хүчгүй болсон байдаг. Миний үед спортын ундаа, витамин тэжээл гэж байсангүй.

Өөрийгөө ял

-Таны барилдааны бичлэгүүдийг үзэхэд тулаанд бэлтгэж, өөрийгөө дайчилж байгаа тань гайхамшигтай байдаг.

-Олон бөх барилдааны өмнө шатчихдаг. Хоосон шатах, айх нь аюултай зүйл. Энэ айдсыг устгаж хаях хэрэгтэй. Би багаасаа юунаас ч айдаггүй байлаа. Дөрөвдүгээр ангид байхад долоодугаар ангийн хүүхдүүд зодолдъё гэхэд би  дагаж яваад л үзэлцдэг байсан. Намайг зодох байх, өвдөх байх гэсэн бодол толгойд орж ирдэггүй байлаа.

-Яавал тан шиг хүн болох вэ гэж залуу тамирчид боддог, асуудаг.

-Надад хэн ч, хэзээ ч тусалж байгаагүй. Бөхийн цагаан толгойг надад анхны багш   Виктор Очиров зааж өгсөн. Энэ бол миний амьдралын нэгэн дэвшил байлаа. Сургуулиа төгсөөд Улаан-Үдэд очиж, Федор Махутовт шавь орсон. Их сургуульд орохдоо би хэдийн ЗХУ-ын АШТ-ий хос хүрэл медальтай болсон байв. Ингээд шинэ зорилго тавин биелүүлж эхэлсэн. Залуучуудын дэлхийн аварга болсон. Тэр үед надтай барилдаж байсан залуус надаас илүү авьяастай байлаа. Гэхдээ би хамгийн их бэлтгэл хийдэг нь байв. Тэр залуус их спортыг орхисон, харин би улам дээш явсаар байлаа. Хөдөлмөр амжилт авчирна, хүн ирээдүйгээ өөрөө л бүтээнэ гэж би ойлгож байсан. Бүтэн жил цас, бороотой ч би бэлтгэлээ байнга хийдэг. Эхнэр “Галзуураа юу. Гадаа цасан шуурга шуурч байна” гээд л үглэнэ, харин би гараад л гүйнэ. Хамгийн чухал нь өөрийгөө ялах.

-Таны амьдралд хамгийн их нөлөө үзүүлсэн хүн хэн бэ?

-ЗХУ-ын залуучуудын шигшээ багт багтахад намайг олимпын хошой аварга Иван Ярыгинтай нэг өрөөнд орууллаа. Би түүнд цай чанаж өгөн, бэлтгэлийн дараа хувцсыг нь угаадаг байсан. Дараа нь Ярыгин шигшээ багийн дасгалжуулагч болоод намайг тэмцээнд үргэлж авч явдаг болсон. Түүний ачаар би анхныхаа ДАШТ-д оролцож байлаа.

-Таныг маш олон хүн хүндэлдэг. Харин та хэнийг хүндэлдэг вэ?

-Би амжилт олсон хүмүүсийг хүндэлдэг. Иван Ярыгин, Роман Дмитриев, Александр Карелин, Бувайсар Сайтиев. Мэдээж Михаил Мамиашвилиг хүндэлнэ. Маш хэцүү. Нэг талаас чечень, осетин, дагестанчууд. Тэд хоорондоо өрсөлдөөнтэй. Нөгөө талаас буриад, якут. Ийм хүнд нөхцөлд амжилт олно гэдэг урлаг юм.

Юунд ч харамсдаггүй

-Нэг удаа та “Хүн мөрөөдөж байх хэрэгтэй” гэж хэлсэн. Одоо та юу мөрөөдөж байна?

-Амьдрал минь дөнгөж эхэлж байна гэж би боддог. Жар гарсан хойноо хүн амьдралыг нөгөө талаас нь харж, өнгөрсөн амьдралаа дүгнэж чаддаг болдог. Би амьдралынхаа турш бусдыг уриалан дуудаж, удирдаж явсан, цаашдаа ч тийм байх ёстой. Тэгэхээр миний мөрөөдөл бол улам хөгжиж дэвшиж, хамт олныхоо жинхэнэ удирдагч нь байж, хүмүүст туслах явдал. Ойр дотнынхондоо туслах.

-Танд харамсаж явдаг зүйл байгаа юу?

-Байхгүй. 13-аас 41 нас хүртлээ спортоор идэвхтэй хичээллэсэн. Арван жилийн дараа ахмадын дэлхийн аваргад түрүүллээ. Харамсаж явдаг ганц зүйл гэвэл олимпын аварга болох гэж мөрөөдөөгүй явдал. Хүн өмнөө зорилгоо зөв тавьж байх хэрэгтэй. Тамирчин байхдаа би дэлхийн аварга болно гэж мөрөөдөж байснаас биш олимпын аварга болох талаар мөрөөдөөгүй. Мөрөөдөөгүй болохоор олимпын аварга болоогүй. Гурван удаа олимпод орох боломж байсан ч бүтээгүй. Атлантагийн олимпод оролцсон ч саад бэрхшээл их байсан.

-Эр хүний амьдралд нэгдүгээрт ажил, хоёрдугаарт гэр бүл гэдэгтээ санал нийлэх үү?

-Гэр бүл хамгийн чухал нь. Гэр бүл, хүүхэд, үр ач нарынхаа төлөө бид амьдардаг. Нэгдүгээрт гэр бүл шүү дээ. Гэр бүл таныг бэлтгэлд чинь үдэж, гэр бүл бэлтгэлээс чинь угтаж авна. Гэртээ байхад тухтай сайхан. Би бараг 20 жил гэртээ байлгүй, тэмцээн уралдаан, цугларалт бэлтгэл гэж явсан. Татьяна бид хоёр 37 жил хамт амьдрахад Татьяна намайг 20 жилд нь хүлээсэн байдаг. Зодог тайлснаас хойш бид үргэлж хамтдаа байгаа.

-Та дунд сургуулиудын спорт баазыг бэхжүүлэхэд их тус дэм үзүүлдэг хүн.

-Би Соёл тосгоныхоо сургуульд өртэй гэж бодож явдаг. Манай сургууль унаагүй болохоор хэцүү байдаг байлаа. Яаж туслах вэ гэж бодож байгаад  “ГАЗель” автобус худалдан авч өгсөн. Одоо ч ашиглагдаж байгаа. Сургуулийнхаа засварын ажилд тусална. Баргажин аймгийнхаа сүм, Буддын их сургуульд тусална. Борис Будаевын нэрэмжит сан гэж урьд нь байлаа. Харин одоо би “Борис Будаевын нэрэмжит шашны байгууллага” гэж байгуулсан. Энэ байгууллага залуу тамирчдыг дэмжиж ажиллах юм.

Залуучуудад зам тавь

-Одоогийн залуучуудаас хамгийн ирээдүйтэй бөх гэвэл?

- Андрей Гатаулин.  

-Та яагаад Буриадын чөлөө бөхийн холбооны даргын ажлаа өгсөн бэ?

-Залуучуудад зам тавьж өгөөд, хэрхэн ажиллахыг нь харахыг хүссэн. Бүгд үлдээч гэж байсан ч би хариуцлагатай хүн. Эдийн засгийн хямрал гараад хөрөнгө мөнгө хайж, ийш тийш гүйсээр их ядарсан. Байнга найз нөхдөөсөө юм аваад байж болохгүй, бид олимпын циклийг арай ядан дуусгасан шүү. 60 нас хүрлээ, одоо болсон амрах цаг боллоо гээд гавьяат тамирчин Сергей Замбаловт хүлээлгэн өгсөн.  

-Буриадын спортод тулгараад байгаа гол асуудал юу байна?

-Яг газар дээр нь байгаа орон нутгийн дасгалжуулагч нар муу ажиллаж байна. Тэдэнд ийш тийш явах унаа ч алга. Тэдний буруу ч гэж юу байх вэ. Дүүргийн захиргаанд очоод мөнгө гуйна, “Байхгүй, ивээн тэтгэгч ол” гээд гаргана. Тосгонд юуных нь ивээн тэтгэгч байх билээ. Тариа будаа, төмс гээд ургац хураана. Зун нь бэлтгэл хийхгүй болохоор залуусын ур чадвар, мэдрэмж нь алга болно, зарим нь жин нэмж, нэг хэсэг нь барилдах сонирхолгүй болно. 

Хэрэв ард түмэн хүсвэл сонгуульд өрсөлдөнө

-Та 1990-өөд онд улс төрийн идэвхтэй байсан. Ардын хуралд сонгогдоод л.

-Хэрэв Баргажин аймгийнхан маань хүсвэл Хуралд өрсөлдөж, хүмүүст туслахад бэлэн.

-Эрх мэдэл хүмүүст туслахад тус болдог гэж та боддог уу?

-Үгүй. Одоо хүмүүс Ардын хуралд хүнд туслах гэж биш нэр төр олж авах гэж ордог болсон. Гэхдээ хэрэв чи дүүргийнхээ депутат бол иргэддээ чадах чинээгээрээ туслах ёстой. Ингэхийн тулд хөрөнгө, боломж хэрэгтэй. Нүцгэн гараараа юу ч хийж чадахгүй.

-“Борис Будаевын үг хууль” гэж ярьдаг.  Буриадад бол үнэхээр таны үг хууль. Та ОХУ-ын чөлөөт бөх, Спортын холбооны дарга нарт юу хэлэх вэ?

-Миний бодол, туршлагыг хүлээн авч байгаад баяртай байдаг. ОХУ-ын Спортын дарга нарт Буриад улсыг анхааралдаа аваач гэж хэлмээр байгаа. Би уулзахдаа ч тэдэнд хэлдэг. “Токио 2020” олимпын бэлтгэлээ Буриадад Байгаль нуурын эрэг дээр хийгээч гэж хэлсэн.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ням нямаа(192.82.71.16) 2020 оны 01 сарын 31

будаев ид баих үедээ монгол улсын начин түмэн настад \nдавхар ачуулж цэвэр тавиулсныг би одоо хүртэл мартадгүи юм

1  |  0
ням нямаа(192.82.71.16) 2020 оны 01 сарын 31

будаев ид баих үедээ монгол улсын начин түмэн настад \nдавхар ачуулж цэвэр тавиулсныг би одоо хүртэл мартадгүи юм

1  |  0
Я восхищаюсь его.(66.181.161.56) 2020 оны 01 сарын 26

Великый борец. Трудяг. Гордость всей Монголы. Молодёжь учились бы его пример.

0  |  0
Зочин(160.202.39.229) 2020 оны 01 сарын 25

Он же монстр.великий монгол.горжусь ими.

1  |  0
Top