“Манай эх орныг” хадааслав. Хадаасалсан хүмүүс нь манай хэд. Манай хэд гэдэг нь өөрсдийгөө төр гэж тодотгосон ордон доторх хэд, өөрийгөө ядарсан ард гэж тодотгосон ордны гаднах бид хэд байлаа. Саяхан даа. “Манай эх орон” гэх туурган хивс үндсэндээ манай хэдийн шууд оролцоогоор хадааслагдаж орхив. Юун сүртэй юм гэж манай хэд хашхирч мэдэх л дээ. Гэхдээ сүржигнэх зүйлс байна аа. Манай хэд “Сүх”-ийн талбайд жагсаж “эрх чөлөөгөө” олохоос зүг өмнө “Манай эх орон” гэх туурган хивс төрийн ордонд байраа эзэлсэн юм. Зүг өмнө гэдэг нь 1986 он. Хэдийгээр тухайн нийгмийнх нь өнгө будаг, үзэл суртал шингэсэн ч манайхан монголоо бүтээснийг бахархан харуулсан урлагийн бүтээл. Гэвч энэ урлагийн бүтээл “баялаг бүтээгчдэд” тоогдсонгүй. Эсгий, ноосоо халааслаад, дээл, монгол гутлаа сугавчилсан “баялаг бүтээгчид” эх орноо ийнхүү хадааслах хувьтай байж. Сонин юм шүү. Элдэв, хадаас хатган, эсгийгээ хадсан тэд эх орноо бодсон эсэх нь эргэлзээтэй. Хадаас хадахдаа шаналаагүй тэд эх орныхоо төлөө баялаг бүтээдэг гэж сайрхах дуртай.
Ер нь бид эх орноо санаатай эсвэл санамсаргүйгээр хадааслаад сурсан улс. Эх орноо хэн нэгэн хятадаас хамгаалах мөртөө өөрсдөө эх орноо гэхгүй хандсаар ирлээ. Хэн нэгнээ дэмжихийн оронд яахаараа түүнийг дэмждэг юм гэж хойш нь чангаасаар дөрвөн уулынхаа голд хоцорлоо. Эх оронтой гэдгээ дөрвөн жил тутамд санадаг хэдтэй, тэднийгээ гурван аравны туршид байрыг нь сольсоор өдийг хүрлээ. Бүтээлч үйлдвэрлэлгүй, баялаг бүтээдэггүй атлаа баялаг бүтээдэг гэж цээжээ дэлдсээр шинэ жарантай золголоо. Хэлдэг ам олон байхад хийдэг гар нь цөөдсөөр хоёр дахь мянганы хоёр дахь арваны хаалгыг тогшлоо. Эх орноо бид хэдий болтол хадааслах улс вэ. Эсвэл хадаасалсаар байгаад хаяж орхих уу...?
Жич: Төрийн ордны Их танхимын хойд хананд дэлгэсэн туурган хивсийг 1986 онд хоёр сарын туршид урлажээ. Ардын зураач Б.Гомбосүрэн загварыг нь гарган, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнпилийн удирдлаганд гар урлалын үйлдвэрийн 20 гаруй хивсчин цогцлоосон түүхтэй. Уг хивсний урт нь 20 метр, өргөн нь дөрвөн метр юм.
Сэтгэгдэл ( 1 )
ordond zah gargahiig hen sanaachilsan ni chimeegui Ordnoor duuren bdg setguulch hemeeh humuus ch tag chig