Хойд Солонгос пуужин дахин харважээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 09

БНАСАУ даваа гарагийн /2020.03.09/ өглөө орон нутгийн цагаар 07.36 цагт ойрын зайд тусгалтай гурван пуужин харважээ. Ёнхап агентлагийн мэдээлснээр, пуужингуудыг Хойд Солонгосын Сондок хот орчмоос Японы тэнгисийн зүг харвасан байна.

БНСУ-ын зэвсэгт хүчний мэдээллээр, Хойд Солонгосын харвасан пуужингууд 200 км зай туулж, 50 км өндөрт хүрчээ. Ёнхап агентлагийн мэдээлснээр, АНУ, БНСУ-ын тагнуулын албад пуужин харвасан тухай мэдээллийг задлан шинжилж байгаа бөгөөд цэргийн бэлэн байдалд ажиллаж байна.

Үүнтэй зэрэгцэн Японы Засгийн газар Хойд Солонгосоос харвасан пуужингууд 100-200 км зай туулж, Японы тэнгист унасан гэж мэдээлжээ.

Киодо агентлагийн мэдээллээр, Хойд Солонгосын зүгээс баллистик пуужин харвасан байна. Японы Ерөнхий сайд Абэ Шинзо Хойд Солонгосын пуужингууд Японы цэргийн усан онгоц, нисэх онгоцнуудад хохирол учруулаагүй гэж мэдэгджээ. Тэрбээр энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр авч хэлэлцэх захирамж гаргасан байна.
Хойд Солонгос 2020 он гарснаас хойш хоёр дахь удаа пуужин харваж байна. 2019 оны арванхоёрдугаар сард Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун ойрын хугацаанд тус улс стратегийн шинэ зэвсэглэл танилцуулах болно гэж мэдэгдэж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top