ДЭМБ: Цаашид халдварын тоо, шинээр бүртгэгдэх улсын тоо НЭМЭГДЭНЭ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 13

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас өнөөдрийн /2020.03.13/ шинэчлэгдсэн мэдээллийг өглөө.

Дэлхийн 122 улсад КОВИД-19 халдвар бүртгэгджээ. Сүүлийн 24 цагийн дотор шинээр дөрвөн улсад КОВИД-19 халдвар бүртгэгдсэн байна. 

Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл  “Африкын улсад шинээр халдвар бүртгэгдсэнээр  дэлхийн бүх тивд КОВИД-19 халдвар бүртгэгдээ. БНХАУ-аас эрт илрүүлэх, оношлох, тусгаарлах гэх мэт арга хэмжээг авч хэрэгжүүлэхээс гадна хүний хөдөлгөөн, аялал жуулчлалыг хязгаарлах арга хэмжээг авснаа өчигдрийн цахим хурлын үеэр мэдээлсэн. Мөн сургалт сурталчилгааг төрөлх хэл дээрээ болон гадаад хэл дээр бэлтгэн хүргэсэн байна. Өөрийгөө гэртээ тусгаарлах арга хэмжээг хэрэгжүүлж онлайнаар хянасан нь халдвар тархахаас нэлээд сэргийлснийг мэдээллээ. Энэ нь манай улсад авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй адил байна.

ЭМЯ-наас авч хэрэгжүүлж байгаа бүх арга хэмжээнүүд ДЭМБ-аас зөвлөж байгаа арга хэмжээнүүд юм.

БНХАУ-д иргэддээ өгч байсан зөвлөмжүүдээс онцолбол,  хүйтэн уух зүйлээс татгалзах, Хамар хоолойгоо давс, царвангийн уусмалаар зайлахыг зөвлөсөн байна” гэв.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа “Сүүлийн 24 цагийн дотор дэлхийн хэмжээнд 328 хүн нас барлаа. БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн хорооноос хийсэн мэдэгдэлдээ БНХАУ-д дэгдэлтийн оргил үе дууссан болохыг мэдэгдсэн бөгөөд цаашид ДЭМБ болон бусад орнуудтай хамтран халдвар тархахаас сэргийлэх үйл ажиллагааг үргэлжлүүлэхээ илэрхийлсэн.

БНСУ-д сүүлийн өдрүүдэд шинээр бүртгэгдсэн КОВИД-19 халдварын тоо буурч, 110 тохиолдол шинээх нэмэгдсэн байна.

Итали улсад 2312 тохиолдол шинээр бүртгэгдэж, 193 нас барсан. Иран улсад 9658 тохиолдол бүртгэгдэж, 63 хүн нас баржээ.

Цаашдаа КОВИД-19 халдварын тоо, шинээр бүртгэгдэх улс орны тоо нэмэгдэнэ гэж ДЭМБ-аас үзэж байна” гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top