Дэлхийн банк: Азийн хөгжиж буй орнууд эдийн засгийн шоконд орж болзошгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 31

Дэлхийн банкнаас Ази тивийн хөгжиж буй улс орнууд эдийн засгаа дэмжсэн арга хэмжээг нэн даруй авахгүй бол дэлхий дахиныг хамарсан эдийн засгийн хямрал илүү хүнд нөлөөлөх талаар мэдээллээ.

Ялангуяа Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн орнуудад эдийн засгийн хямрал илүү нөлөөлнө гэдгийг Дэлхийн банкнаас анхаарууллаа.

Дэлхийн банкны судалгаанд дурдсанаар “ковид-19” вирусний тархалт Хятадын эдийн засгийн өсөлтийг сааруулж, тэр ч бүү хэл эдийн засаг нь 2.8 хувиар унана гэж таамаглажээ. БНХАУ-ын эдийн засаг өнгөрсөн 10 жилийн хугацаанд жил бүр зургаагаас багагүй хувиар өсөж ирсэн юм.

Түүнчлэн цар тахал эдийн засагт гүн гүнзгий нөлөөлж, дэлхийн улс орнуудад сая, сая хүнийг ядуусын эгнээнд шилжүүлнэ гэдгийг анхааруулжээ.

“Хэрэв эдийн засгийн нөхцөл байдал улам дордох аваас Зүүн өмнөд Ази, Номхон далайн эдийн засгийн бага өсөлттэй, хөгжиж буй орнуудад 11 сая орчим хүн ядуусын эгнээнд шилжинэ” гэж Дэлхийн банкны судалгаанд дурдсан байна.

Дэлхий даяар вирусний тархалтыг зогсоох, хязгаарлах үүднээс сая, сая хүмүүсийг гэртээ байхыг зөвлөж, үйлдвэр, аж ахуйн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байгаа юм. 

Эх сурвалж: World Bank

 

Top