ДЭЛХИЙН ТОЙМ: Дээд боловсролын тогтолцооны СОРИЛТУУД

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 22

Дэлхийг нөмрөөд буй цар тахлын үр дагавар дээд боловсролын тогтолцоонд ч сүүдрээ үлдээж байна. Юуны өмнө титэм вирус бүх шатны боловсролын байгууллагуудыг зайны сургалтад шилжихэд хүргэв. Харин тоон технологийн салбарын хувьд энэ бол алтан үе. Төгсөлтийн баяр, шалгалт шүүлэг, элсэлтийн арга хэмжээнүүд бүгд цахим хэлбэрт шилжив. Ихэнх их дээд сургууль зайн сургалтад шилжихийн тулд багш нарт зориулан түргэвчилсэн сургалт явуулж, тоон шилжилтэд зориулж тодорхой хөрөнгө зарцуулсан билээ. Харин зарим сургуулиуд тоон тэгш бус байдлаас шалтгаалан хичээлээ намар хүртэл хаасан бол ерөнхийд нь авч үзэхэд энэ оны хичээлийн жилийн хуваарьт өөрчлөлт ороод байна. Түүнчлэн, цар тахал их дээд сургуулиудаас аливаа хямрал, гамшигт бэлэн байдлын шалгалт авав. Урт түүхтэй энэ салбар энэ шалгалтад бүдэрлээ гэж судлаачид үзэж байна. Бүх зүйл хоёр талтай байдгийн адил цар тахал дээд боловсролын тогтолцоонд оношилгоонд орох боломж олгов. Шинжилгээний хариу ямар гарсныг шинжээчид тайлбарлаж байна


Эрсдэлийн бүс

Аливаа хямрал эмзэг бүлэгт хүчтэй нөлөөлдөг. Энэ удаад санхүүжилтийн асуудлаас болж тоон технологид шилжээгүй дээд боловсролын тогтолцоо, “аюулгүйн дэр”-гүй их дээд сургууль, бага орлоготой гэр бүлийн оюутан болон гаднын оюутнууд цохилтод хамгийн ихээр өртжээ. Уламжлалт бус гэгддэг орлог багатай оюутнуудын зарим хэсэг дээд боловсролоос татгалзана гэж судлаачид үзэж байна. Юуны өмнө энэ дүр зураг сургалтын төлбөр өндөр АНУ, Их Британи, Австрали зэрэг улс оронд ажиглагдах аж. Улмаар янз бүрийн нийгэм, эдийн засгийн давхаргын оюутан хоорондын тэгш байдлын асуудлыг олон жилээр хойш чангаах болно.

Дэлхийн олон улс оронд их дээд сургуулиуд оюутнуудаа дэмжих ёстой юу, тийм бол хэрхэн дэмжих вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнөж байна. Африкийн их сургуулиуд гэхэд оюутнууддаа компьютер бэлэглэх эсвэл үнэгүй хэрэглүүлэхээс гадна интернетэд үнэгүй орох эрхээр урамшуулж байна. АНУ-ын нэр хүндтэй Чикагогийн их сургууль ирэх хичээлийн жил сургалтын төлбөрөө нэмэгдүүлэхгүй гэж амласан бол Тайландын 52, Саудын Арабын хэд хэдэн их дээд сургууль сургалтын төлбөрөө бууруулжээ. Эдийн засаг удааширч, оюутнуудын зүгээс өргөдөл гаргах нь нэмэгдэж буйгаас үзвэл ийм алхмууд цаашид ч үргэлжлэх төлөвтэй. Шилдэг оюутнуудаа тогтоон барихын тулд их сургуулиудад тэтгэмж санал болгох, сургалтын төлбөрөө бууруулах зэрэг арга хэмжээ авахаас өөр сонголтгүй болоод байна. Энэ нь нийгмийн шударга байдал, мерит зарчмын хувьд сайн талтай ч төрийн зүгээс нэмэлт санхүүжилт олгох асуудлыг хөндөж байна.

Их дээд сургуулиудын хувьд өнөөгийн хямралд юуны өмнө хувийн хэвшлийн болон сургалтын төлбөр, ялангуяа гаднын оюутнуудаас орж ирж буй мөнгөнөөс хамааралтай сургуулиуд өртөнө. Жишээ нь, Австралийн их дээд сургуулиудын төсвийн тавны нэг хувь гаднын оюутнуудын сургалтын төлбөрөөс бүрддэг аж. Одоогийн байдлаар, Австрали, Их Британи, АНУ зэрэг улс их дээд сургуулиудаа дэмжих зорилгоор ихээхэн хэмжээний санхүүжилт олгоод байна.

Сүүлийн жилүүдэд идэвхтэй өсөж байсан олон улсын шилжилт хөдөлгөөн сэргэхэд таван жил шаардагдана гэж олон улсын дээд боловсролын шинжээч Саймон Маргинсон үзэж байна. Нидерландын “Studyportals” сайтын судалгаанаас үзвэл, өнгөрсөн дөрөвдүгээр сарын дунд үе гэхэд гадаад суралцах сонирхолтой оюутнуудын тоо 40 хувиар буурчээ. Тэдний зарим нь цахим хөтөлбөрийг илүүд үзэх болсон байна.

Европт суралцаж буй Азийн оюутнууд болон БНХАУ-д суралцаж буй Африкийн оюутнууд арьсны үзлийн үзэгдлийн хохирогч болох хандлага ажиглагдаж байна. Энэ хүчин зүйл гадаад улсад суралцах сонирхолтой оюутнуудын сонголтод нөлөөлөх нь дамжиггүй. Үүнээс үүдэн АНУ зэрэг зарим улс оронд гаднын оюутнуудыг дэмжих сангууд шуурхай байгуулагдаж эхэлжээ. Манай хойд хөрш ОХУ-д гэхэд гаднын оюутнуудыг оюутны байрнаас гаргахыг хориглосноос гадна их дээд сургуулиуд өөрсдөө гаднын оюутнууддаа материаллаг дэмжлэг үзүүлэх, цахим уулзалт зохион байгуулах зэргээр дэмжлэг үзүүлж байна. Эдгээр арга хэмжээ маш чухал ач холбогдолтой гэж шинжээчид онцолжээ. Өдгөө дэлхийд тэргүүлэгч их сургуулиуд оюутан, ажилтнууддаа сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх, сэтгэцийн эрүүл мэндийн цахим үйлчилгээ үзүүлэхэд онцгой анхаарал хандуулах болжээ. Эрсдэлийн бүсэд залуу судлаачид болон ажил хайж буй багш нар орж байна. Ажлын байрны саналаа зогсоогоод буй их дээд сургуулиудын урт жагсаалт улам бүр нэмэгдэж, тэргүүлэгч их сургуулиуд хүртэл оржээ. Саяхнаас энэ жагсаалтыг цомхтгол хийж байгаа эсвэл ажилтнуудынхаа цалинг бууруулж буй их дээд сургуулиуд “баяжуулж” эхэлсэн байна. Эдгээр бүлэг өмнө нь эрсдэлийн бүсэд байсан. Дээд боловсрол дахь тэгш байдал, шударга ёсны талаарх яриа, хэлэлцүүлэг тэдний асуудлыг тойрон эргэлдэж байдаг. Харин өдгөө эдгээр асуудал ойшоохгүй байхын аргагүй ил гарч ирж байна. Хямрал шинэ зүйл авчрахаасаа илүүтэйгээр энэ салбарын асуудлуудыг улам гүнзгийрүүлэх  ч даван туулах явцыг түргэтгэнэ гэдэгт шинжээчид итгэлтэй байна.

Эрх мэдэл хариуцлага дагуулна

Их дээд сургуулиуд цар тахлын эсрэг тэмцлийн ихэнх талбарт татагдан орсон. Анагаах ухааны их дээд сургуулиудын оюутнууд эмч нартай мөр зэрэгцэн ажиллаж байгаа бол их сургуулиуд  эм бэлдмэл, амны хаалт зэргийг идэвхтэй үйлдвэрлэж байна. Мөн их дээд сургуулиуд өдгөө дэлхий даяар боловсруулж буй 70 гаруй вакциныг гаргаж авах үйл явцад гар бие оролцож байна. Саяхан Оксфордын их сургуульд гэхэд коронавирусний эсрэг эм бэлдмэлийг хүн дээр турших туршилт эхэлсэн жишээтэй. Ихэнх их дээд сургуулиуд КОВИД-19-ын судалгаанд зориулж санхүүгийн болон хүний нөөцөө дайчилж байна. Энэ нь эргээд байгалийн шинжлэх ухаан, хавсарга судалгааг урагшлуулахад түлхэц үзүүлэх сайн талтай. Вирусээс гадна их дээд сургуулиуд нийгэм, эдийн засаг, улс төрийн тогтолцоонд гарах цар тахлын үр дагаврыг судалж буй. Гэхдээ энэ бүхэн хангалтгүй аж. Оюутан, багш, шинжээчдийн хамтын нийгэмлэгийн зүгээс илүү их үүрэг гүйцэтгэх хүсэлт, шаардлага тавигдсаар. Их сургуулиуд нийгэм, эдийн засгийн хөгжилд тоглогчийн хувиар эртнээс тогтвортойгоор хөгжиж ирсэн. Харин цар тахлын дараа тэдний улс төрийн оролцоо нэмэгдэнэ. Үүнд их сургуулиудын шинжээчдийн хороо, шинжлэх ухааны зөвлөхүүдийн хүрээлэн багагүй үүрэг гүйцэтгэнэ гэж судлаачид онцолжээ. Бүхэлдээ, шинжээчдийн санал бодолд итгэх итгэл асар их нэмэгдсэнээр оюутан, багш нарт үзүүлэх тэдний нөлөө, хэлэх, үг, ёс зүйн хариуцлагын түвшний шинэ эрин үе ойртож буй. Элсэлтийн шалгалт /SAT/ACT/-ыг халсан АНУ-ын их сургуулиуд бусад улс орнуудад стандартчилсан тестийн үндсэн дээр элсэлт авах нь тохиромжтой эсэх асуудлыг дэвшүүлж байна. Өнөөгийн нөхцөл байдалд гаднын оюутнуудад аль ч улс оронд суралцахад хүндрэлтэй болсон. Тиймээс тэдэнд үзүүлэх дэмжлэгийн түвшинг нэмэгдүүлэх асуудал дэлхийн хэмжээнд хүрнэ. Үүний сацуу тоон технологи хууль тогтоомжийн шинэ шийдэл, багшлах шинэ арга зүйг шаардаж байна. Өдгөө олон улсын хэмжээнд өрнөөд буй судалгааны ажлын дараа судалгааг олон улсын шинж чанартай болгох тухай яриа, хэлэлцүүлэг цувран гарах нь дамжиггүй. Харин үг, үйлдлийг их сургуулиуд тогтоож, дэлхийн тавцангийн төв болон зах хэсгийг тэд тодорхойлох болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top