АНУ-д жагсагчид Цагаан ордныг бүсэлжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 03

АНУ-ын Миннеаполис хотод хар арьст Жорж Флойдыг хууль хүчнийхний гарт амь үрэгдсэнээс хойш тус улсын 50 гаруй хотыг хамраад буй эсэргүүцлийн жагсаал цуглаан үргэлжилсээр байна. Орон нутгийн цагаар 19.00 цагт /УБ 07.00 цаг/ эхэлсэн хөл хориог үл тоон жагсагчид Цагаан ордныг бүслээд байна. Цагаан ордны дээвэр дээр тусгай хүчнийхэн байрлаж, хууль хүчнийхэн жагсагчдын эсрэг ямар нэгэн арга хэмжээ аваагүй, нөхцөлд байдлыг ажиглаж байна гэж CNN агентлаг мэдээлжээ.

Жагсагчид “Гараа өргө – битгий бууд”, хөл хориог эсэргүүцэж, Жорж Флойдын хэргийг шударгаар шүүхийг шаардсан үг бүхий уриа барьж, Ерөнхийлөгч Доналд Трампыг  мөн огцрохыг шаардаж байна.

АНУ-ын хотуудад тайван замаар эхэлсэн жагсаал цуглаан эмх замбараагүй байдал болж хувиран, жагсагчид дэлгүүр, офис, ресторануудыг тонон дээрэмдэж, шатааж, үймээн самуун дэгдээж байна. Тус улсад нийт найман мянган жагсагчийг баривчилсан гэж The Associated Press мэдээлжээ. Аюулгүй байдлыг сахиулахаар Үндэсний гвардийн нийт 20 мянга орчим алба хаагчийг 29 мужид дайчлаад байна.

-Миннесота мужид үүрэг гүйцэтгэж буй Үндэсний гвардийн нэг алба хаагч коронавирусээр халдварласан бол есөн алба хаагчид шинж тэмдэг илрээд байна гэж CNBC суваг мэдээлжээ. Тиймээс тус мужийн Үндэсний гвардийн алба хаагчдыг шинжилгээнд хамруулахаар болоод байна.

-НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гуттериш жагсагчдад хандан хүчирхийллээс татгалзахыг уриалжээ. Аливаа гомдлыг энхийн замаар илэрхийлж, эрх баригчид хүлээцтэй хандах ёстой гэж Гуттериш жиргэсэн байна.

-Чикаго хотод жагсаал цуглааны үеэр хоёр хүн амиа алдаж, 60 орчим хүн саатуулагджээ. Иллинойс мужид Үндэсний гвардийн 250 алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд нэмж 625 цэргийг илгээсэн байна.

-Талийгаач Жорж Флойдтой салах ёс гүйцэтгэх арга хэмжээг энэ сарын 8-нд Миннеаполис хотын “The Fountain of Praise” сүмд зохион байгуулж, 9-ний өдөр Хьюстон хотод оршуулах гэнэ. Флойд Хьюстон хотод төрж, өсжээ. Боксын дэлхийн аварга Флойд Мэйуэзэр Жорж Флойдын оршуулгын бүх зардлыг даана гэж мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Songyyli(202.55.188.86) 2020 оны 06 сарын 06

Manaid ch iim yawdal garahiig baig gej gazargvi

0  |  0
Top