Алим Зумакулов: Монголын лиг адал явдал ихтэй

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 14

Азид орос хөлбөмбөгч хангалттай олон бий. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Узбекистан, Киргиз, Тажикстан гээд л. Харин сүүлийн үед Монголын лиг орос тоглогчдын сонирхлыг ихэд татдаг болсон. Манай улсад арав гаруй орос хөлбөмбөгч хүч сорьж байна.

Тайваний “Тайнань Сити” багийн орос тоглогч Алим Зумакулов ч манай оронд тоглоод амжсан хүн. Алим Зумакулов энэ талаараа “Спорт экспресс” сонинд ярилцлага өгснийг орчуулан хүргэж байна.

Монголд яаж очих вэ?

Би Монголд хөлбөмбөг тоглодог гэдгийг огт мэддэггүй байлаа. 2012 онд нэгэн хачирхалтай агент надтай холбоо барилаа. Би Нальчик хотын уугуул, тэр үед Кабардино-Балкарийн нэг багт харьяалагдаж байсан юм. Харин энэ агент надад Тажикстан, Киргиз, Монгол гэсэн гурван оронд тоглох санал тавьсан. Сонирхоод өөрийн тоглолтын бичлэгээ илгээгээд хүлээж суутал харин маш их мөнгөний санал тавьж байна. Гэхдээ гэрээ байгуулахаас өмнө тэр агентад мөнгө төлөх ёстой байв. Итгээгүй болохоор би татгалзсан. Танил тажик хөлбөмбөгчөөс асууж үзтэл тэр Тажикстанд ямар ч хөлбөмбөгч мянгаас дээш долларын цалин авдаггүй гэж байна. Монголын хөлбөмбөгийн тухай интернэтээс хайгаад тэр үед юу ч олоогүй. Ямар ч мэдээлэл байхгүй байлаа. Гэхдээ би энэ хачирхалтай агент байхгүй байсан бол хэзээ ч Монголд очихгүй байсан юм.

Хэдэн жил өнгөрлөө. Би Краснодарын хязгаарын багт тоглож байв. Монголын тухай аль хэдийн мартсан. Гэвч санхүүгийн хүндрэл учирч, нэг анд минь Санкт-Петербургт ирэхийг санал болгосон юм. Очлоо, хөлбөмбөг тоглох биш, гутлын дэлгүүрт зөвлөхөөр ажиллаж, цалин ч гайгүй. Сонирхогчдын лигт хажуугаар нь тоглоно.

Хэвлэх үйлдвэрээс ногоон талбайд

Нэг удаа санамсаргүй Монголын лигийн тухай ярилцлага олж уншсан юм. Урьд нь би энэ лигийн талаар ямар ч мэдээлэлгүй байсан. Халимагийн нэг хөлбөмбөгч Монголд тоглосон талаараа ярьжээ. Түүнийг олон нийтийн сүлжээгээр хайж, нэг нийтлэг найзтайгаа мэдлээ. Ингээд л Монголд яаж очсон талаар нь асууж эхэлсэн дээ. Халимаг тоглогч нэг танилынхаа Facebook хаягийг өгөөд “Энэ хүнд бичээд үз. Тэр хөлбөмбөгт огт хамаагүй. Бага зэрэг орсоор ярьдаг” гэж байна. Тэр хүн нь хэвлэлийн “Сэлэнгэ Пресс” үйлдвэрийн ажилтан гэнэ. Тэднийх “Сэлэнгэ Пресс” гэдэг багтай. Facebook-д элсээд захидал бичтэл хариу ирдэггүй. Арай ядан орж ирэхэд нь баг хайж байгаа, төвийн хамгаалагч гэдгээ хэллээ. Өнөө хүн “Манай багийн дасгалжуулагч хамгаалагч хайж байгаа. Чи бичлэгээ илгээгээрэй” гэж байна. Бичлэгээ, статистик үзүүлэлттэйгээ илгээгээд хүлээж суутал “Сэлэнгэ Пресс” багаас холбогдож, “Бид тамирчдтай биш агенттай хамтран ажилладаг. Гэхдээ чамайг бол авч болох юм” гэж байна. Улиралд тавьсан багийн зорилго, гэрээний хэмжээг танилцуулж, цалин хөлс дээр ч тохиролцлоо. Улаанбаатар явахаар бэлтгээд байж байтал тэд гэрээгээ өөрчилж, хоёр дахин бага цалин санал болгосон. Эхлээд татгалзлаа. Гэхдээ дараа нь ярилцаж хэлэлцсээр тохиролцоонд хүрч чадсан.

Визний асуудал

Ингээд 2017 оны эхээр “Сэлэнгэ Пресс” багийн тоглогч боллоо. Хөлбөмбөг тоглохыг л хүсэж байсан болохоос Монголоос нэг их зүйл хүлээхгүй байв. Хөлбөмбөгийн түвшин ч өндөр биш. Дээд лиг нь манай мэргэжлийн лигийн доод хэсгийн сүүлийн багуудын түвшинтэй ижил. Тайваньд харин тоглогчид нь хурдан, техниктэй юм билээ. Монголд хичээж зүтгэлгүй ялчихдаг тоглолт байсан бол Тайваньд тэгж чадахгүй. Монголд хөлбөмбөгчдөд хандах хандлага ч огт өөр. Цалингаас гадна бас өөр зүйл бий. Би бүтэн улирал тоглох гэрээтэй байсан ч эхний хагаст нь тоглоод “Сэлэнгэ Пресс” багийг орхисон. Гол асуудал виз байлаа. Баг виз сунгахад туслахаас татгалзсан. Би визгүй бол торгуулна гэж хэчнээн хэлсэн ч тэд тоолгүй, гэрээгээ цуцалсан. Гэрээнд ОХУ-д очих онгоцны тийз авч өгөх заалттай байсан ч тэд авч өгөөгүй.

Гурван өдөр хоосон галт тэргэнд

Ингээд өөрийн зардлаар харихаас өөр аргагүй боллоо. Одоо Улаанбаатараас Улаан-Үд рүү 2 мянгаар нисэж болно. Тэр үед тийм нислэг байгаагүй, мянган ам.долларын үнэтэй байлаа. Би тийм их мөнгө зарах боломж байсангүй. Улаанбаатараас Москва хүртэл 12 мянган рублийн галт тэргээр явлаа. Дөрөв хоног явна гэдэг удаан ч бодсоны эцэст худалдаж авлаа. Бүх вагон нь купе. Орон нутгийнх шиг нийтийн вагон алга. Купе нь хуучин ЗХУ-ын үеийн хуучин. Эхний өдрийг Байгаль нуур явж байгаа сингапур залуутай ярьж өнгөрөөлөө. Гэтэл Эрхүүд манай вагоныхон тэр чигээрээ буудаг байна. Үлдсэн гурав хоногт үйлчлэгчээс өөр хүний царай харсангүй. Унтаад, идээд, уйдахаараа суниах дасгал хийнэ. Замын буудлууд дээр буух ч шумуулд баригдах гээд буцаад орно. Эрхүү, Новосибирск, Красноярск, Екатеринбург гээд бүгдийг нь үзлээ. Дахиж тийм аялалд хэзээ ч явахгүй.

Үүрийн 4 цагт ирсэн дуудлага

Монголоос хариад Кропоткин хотын “Локомотив” багт нэг жил тоглосон. 2018 оны дөрөвдүгээр сарын 22-нд унтахаар хэвтлээ. Би энэ өдрийг маш тод санадаг юм. 23-нд нь бид Белая Глина тосгоны “Колос” багтай тоглох байв.

Уг нь би нойрондоо сайн. Гэтэл яагаад ч юм нойр хүрдэггүй. Шөнө босоод цаг хартал өглөөний 04 цаг болж байна. WhatsApp-д танихгүй монгол дугаараас хэд хэд залгажээ.  Монголд танилцсан япон хаалгач “Над руу залгаарай, ярих хэрэг байна” гэсэн мэссэж үлдээжээ. Залгатал “Манай багт төвийн хамгаалагч яаралтай хэрэгтэй байна. Өнөөдөр наймааны цонх хаагдаж, тав хоногийн дараа лиг эхэлнэ. Би чамайг санал болготол дасгалжуулагч уулзах хэрэгтэй байна гэсэн” гэж байна.

Өглөөний 4 цаг болж байдаг. Хэдэн цагийн дараа тоглолттой, харин би япон хаалгачтай Монголын багт орох талаар яриад зогсож байдаг. Хажуу орон дээр багийн анд унтаж байснаа сэрээд “Унтаач ээ, маргааш тоглолттой шүү дээ” гэж байна. Япон анддаа бодох хэрэгтэй гэтэл нөгөөх чинь “Яг одоо хариу хэрэгтэй. Зөвшөөрвөл бичиг баримтаа шууд явуулъя. Гарын үсэг зураад шууд илгээгээрэй” гэж байна. Би 30 минут бодоодхий гэж хэлээд сайн бодлоо. Ингээд зөвшөөрөхөөр шийдсэн юм. Краснодараас Улаан-Үд хүртэл замдаа Москвад зогсох нислэг оллоо. Өглөө 6 цагт нисэх нь. Гол нь Улаан-Үд орчихвол тэнд намайг тосно, үгүй бол автобусаар Улаанбаатар орчихно гэдгээ мэдэж байлаа. Орой 6-7 цагт тоглолт дуусна, 9 цаг гэхэд Кропоткинд очоод тэндээсээ автобусаар хоёр цаг яваад Краснодар. Яг амжих нь гэж бодлоо.

 Алдаатай тасалбар

Тоглолтод бид хялбархан яллаа. Завсарлагаагаар утсаа харахад нислэгийн тасалбар авчихжээ. Сэтгэл хангалуун байсан ч Монгол явах гэж байгаагаа хэнд ч хэлсэнгүй. Тамирчидтай гар барин ялалтын баяр хүргээд харин дасгалжуулагчдаа “Уучлаарай. Би өглөө нисэхгүй бол болохгүй боллоо” гэж хэллээ. Дасгалжуулагч итгэсэнгүй, тасалбараа харуул гэж байна. Өглөө 6 цагт ниснэ гэж тайлбарлатал Краснодараас шөнө 12 цагт нисэх юм байна шүү дээ гэж байна. Хартал үнэхээр тийм байна. Тасалбар худалдан авсан найзаа сайн гэгч нь загначхаад ачаагаа гялс бэлтгээд Кропоткин орлоо. Найз минь вокзалд хүргэж өгсөн юм. Краснодарт бас нэгэн найз угтаж аваад нисэх буудалд хүргэснээр арай гэж онгоцонд амжиж билээ.

Багийн анд оператор

Миний хоёр дахь монгол баг минь “Андууд Сити” байлаа. Би энэ багт хүрэл медаль хүртсэн. Шагнал гээд багт лигийн ивээн тэтгэгчдээс 30 сая төгрөг өглөө. Алтан медаль 50 сая, мөнгөн медаль 40 сая төгрөг байсан. Харин энэ мөнгийг тоглогчид дунд хэрхэн хуваарилсныг би ойлгоогүй. Монголын супер баг “Эрчим” ээлжит удаагаа аварга болоход тоглогч нарт маш бага мөнгө оногдож байлаа.

Би цалингаа төгрөгөөр авч байсан. Харин миний дараагийн баг болох “Хаан хүнс”-ийн ерөнхийлөгч тун сайн хүн байлаа. Анхны цалингаа авахаас өмнө тэр надаас “рубль, төгрөг, долларын алинаар нь авах вэ” гэж асуусан. Гадаад тамирчдад доллароор төлөх ёстой ч доллар солиулахаас залхуураад төгрөгөөр өгөх үе их байсан. “Андууд” багт байхад хувцас солих өрөөнд дугтуйтай мөнгөөр цалин олгодог байлаа.

Монголын хөлбөмбөгт хөрөнгө мөнгө бага. Тийм болохоор олон хөлбөмбөгч хажуугаар нь ажил хийдэг. “Сэлэнгэ Пресс”-д тоглож байхад манай багт хэд хэдэн оффисын ажилтан байсан бол “Андууд”-д нэг хагас хамгаалагч телевизийн оператор ажилтай хүн байв. Ажилтай болохоор заримдаа оройн бэлтгэлд хоцорно, заримдаа чөлөө авна. “Андууд”-д бас нэг махны худалдагч байсныг санаж байна. Бид дөрвөн өрөөтэй байранд амьдарч байсан. Нэг өрөөнд нь би, нөгөө хоёр өрөөнд япончууд, том өрөөнд гурван монгол тоглогч байлаа. Нэг өдөр гал тогооны өрөөнд ортол нэг монгол нь бохир хувцастай зогсож байна. Учрыг асуутал мах авчирсан юм гэнэ. Хаанаас гэтэл өөрөө махны худалдагч байсан юм билээ.    

Алим

Гадаадад тоглоход нэг сайн тал нь хэл сурна. Би Монголд анх очихдоо арваад л англи үг мэддэг байлаа. Хоёр дахь жил нь манай багт нигер тоглогч ирэхэд би байнга хамт явдаг байлаа. Харилцсаар байгаад англи хэлээ сайжруулж чадсан. Улс төр ярьж чадахгүй ч ахуйн хүрээнд элбэг ойлголцчихно. Талбай дээр мэдээж англиар ярина. Гэхдээ монголчуудыг бас англи хэлэндээ сайн гэхэд хэцүү. Намайг Алим гэдэг. Мэдээж Зумакулов гэхээр хэт урт тул дуудахад хэцүү. Ингээд өмсгөл дээр минь Алим гэж бичлээ. Өрсөлдөгч багийн тоглогчид хараад инээгээд байхаар нь лавлатал харин Алим гэдэг нь манай яблоко юм байна.

Би өнгөрсөн жил Монголыг орхисон. Өөр оронд баг хайж эхэлсэн. Надад агент байхгүй болохоор Facebook-ээр багуудад танилцуулгаа, бичлэгтэйгээ илгээнэ. Хэцүү гэдгийг хэлье. 100 багт захидал бичихэд тав нь уншина, ганцаас нь л хариу ирнэ гээд бод. Гэхдээ надад ОХУ-аас илүү Азид тоглох нь таалагддаг.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z(202.9.46.129) 2020 оны 06 сарын 14

hha huurhun ym be

0  |  0
Top