Өнөөдөр зургаадугаар сарын 16-ны өдөр. 25 хоногийн дараа Улс орон даяар Төрийн зарлигт наадам болох гэж байна. Засаг төр саяхан захирамжаа гаргаж наадам болохыг зарласан билээ. Учир нь өнөө л нэг Коронагаас болж наадам болох үгүйдээ яригдсан юм. Ямартай ч болох нь батлагдсан энэ үед уяачид морьдоо уяад эхэлжээ. Бид Хэнтий аймгийн Баянхутаг сумын Жаргалант багийн Их уул, Бага уул орчим, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас хойно 40 км орчимд байх уншигчдын сайн мэдэх Эрдэнэ уулаас хойш 5 км яваад хүрэх Дэлгэрцогт хайрхны орчим нутаглах уяачдын галаар зочиллоо.
Энэ нутагт морь уяхад бүх зүйл нь тэгш бүрдэж, өвч ногоо элбэг ургаж, хүн малын сэтгэл тэнэгэр сайхан зусаж байна. Бидний очсон энэ өдөр Аргын тооллын зургаадугаар сарын 13 буюу Билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 23, Улаагчин гахай өдөр байсан бөгөөд уяачид морьдоо ёсолдог билигт сайн өдрийг угтан ирсэн нь энэ билээ. Учир нь гахай өдөр уяа морьдоо барьж ёслон тэр жилийн морины их ажлаа эхлүүлбэл морьд улдахгүй, хөл сэвтэхгүй, морь хүүхдэд ээлтэй сайн гэж үзэн жил бүрийн энэ өдөр уяа морьдоо ёсолдог уламжлал тогтоод нэлээдгүй жил болжээ.
Бидний очсон айл Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул Алтангэрэлийн Амарсанаагийнх байв. Буурал өвгөн өөрийн өсгөж үржүүлсэн мал ахуйгаа үр хүүхдүүддээ өвлүүлэн үлдээж, өөрөө хэдэн бага малаа даган нутагтаа жилийн дөрвөн улирал малаа маллан амьдардаг. Тэднийх зургаан хүү, дөрвөн охинтой айл. Зургаан хүү аавынхаа мал сүргийг өсгөн үржүүлж, аймаг орон нутгийн наадамд морьдоо сойдог гэдгээ хэлж байлаа.
Ууган хүү А.Шинэнбаяр энэ айлаас хамгийн эхэнд морины сүүл боож, уяа засалд суралцсан бол удаах дүү ААУ.А.Баярмагнай өөрийн “Цолмон халтар” азаргаа Хэнтий аймгийн “Сэцэн Ханы хурд” хаврын бүсийн наадамд дөрвөн жил дараалан айрагдуулжээ. Түүний халтар азарга бол Хэнтий аймгийн уяач, морь мэдэх хүн бүрд зүсээ, нэрээ таниулсан хүлэг бий.
Харин А.Баярмагнайн дүү А.Сүхбат Хэнтий аймгийн Бэрх тосгоны наадамд хоёр жил дараалан хоёр морьтой очиж, айрагдуулсан чамгүй амжилт гаргасан уяач байгаа. Түүний хүнд бэлэглэсэн, арилжаасан адуу очсон наадам болгондоо айрагдаж, бүүр жил дамнан хурдалдгаараа алдартай. Ёстой л хүнд гар татахгүй сайнаа өгдөг хүн юм санжээ. А.Сүхбатын унаган хонгор даага 2015 оны Дадал суманд болсон Хаврын бүсийн наадамд хол түрүүлж, төмөр хүлэг эзэндээ авчирч, хоёр жилийн дараа хязаалан үрээ Хэнтий аймгийн баяр наадамд айрагдаж байсан. Мөн дараах дүү А.Эрдэнэсүхдээ өгсөн саарал даага 2014 онд Хэнтий аймгийн Баянхутаг суманд 1 км шахуу хол түрүүлж, давхар уяагаар Төв аймгийн Эрдэнэ сумын баяр наадамд тасархай түрүүлэн, их амжилтаа эхлүүлэн, эзэн А.Эрдэнэсүхийг ААУ болгож байсан үе саяхан юм.
Ийн ах дүү гурав их уяаны эзэн болж хүлэг морьдоо уясаар байгаа бол бага хоёр дүү А.Отгонсүх, отгон дүү А.Отгонбаяр нар ч морины сүүл боож, хулсан хусуурыг элээж, их эрдмийг ах нараасаа суралцаж байна. Ах дүү уяачид биднийг очиход уяа дүүрэн морьдоо барьж, их ажлаа эхлүүлж байв. Уяачид зан үйл үйлдэн, уул, нутаг усаа аргадаж, адуу мал нь олны хэл амнаас хол байж жилээ даан сайхан уралдаж уяа дагасан бүх хүн баяр баясалтай байхыг билэгшээн сүсэглэдэг байна. Энэ айлын хувьд нэг азарга, таван их нас, гурван соёолон, бага гурван насны 10 гаруй морьдтойгоор энэ жилийн уяагаа эхлүүлж байгаа нь энэ юм. Өнгөрөгч 2019 онд А.Амарсанаа гуайн уяа сум орон нутгийн наадмаас 20 гаруй айраг түрүү хүртсэн амжилттайгаар өндөрлүүлжээ. Энэ жил нэг ч наадамд уралдаагүй ч өвлөөс эхлэн морьдоо бэлтгэж эхэлжээ. Энэ нь шинэ цагийн морины уяа засал гэдгийг хөвгүүд нь хэлж байлаа. А.Амарсанаа гуайн хүүхдүүдтэй хамт Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын уугуул Заанхүүгийн Мөнхбат морьдоо уяж байгаа.
Энэ хүний хувьд А.Амарсанаагийн уяатай нийлж, 11 жил морь уяж, асартай наадмын өмнө хэд хэдэн удаа цолоо дуудуулаад байгаа хүн юм. Мөн үүний адил Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул Ч.Боролдой хамт хүлэг морьдоо сойж байна. Түүний хувьд Сүхбаатар аймгийн аварга хүлэг шалгаруулах “Жавхлант шарга” уралдааны сорилго уралдаанд “Соотон” халтар азаргаа айрагдуулж, Дүнжингарав хаврын бүсийн уралдаанд Цэнгэлдэхэд цоллуулсан түмэн эх азаргануудтай өнгөнд уралдуулж үзсэн азарганы хийморьтой хүн байдаг гэж уяаных нь ч ярьж байна. Халтар азарга зодог тайлсан та бүхний харж байгаа уяаны эхэнд зогсож буй хонгор азарга халаа авч олон айрагдаж түрүүлж, эзнээ баярлуулж байна.
Энэ айлын уяанд гадаад үүлдрийн адууны үржил ороогүй цэвэр монгол адуунууд зогсож байна. Монгол Монголдоо хэн хүний нүдэнд тусах морьд зогсох нь харагдана. Зүс мэдэхгүй Монгол ч шагшрах нь ч үзэгдэнэ. Одоо үед цэвэр монгол адуугаараа наадмуудад уралддаг жирийн нэгэн уяачдын төлөөлөл эдгээр хүмүүс билээ. Адуунд дурлаж, уяа эхлүүлэхэд хөрөнгөнөөс илүү сэтгэл зүтгэл байхад болох юм гэдгийг хэнд ч харуулж, итгэл төрүүлэх тийм мэдрэмжийг манай сэтгүүлийн багийнхан авсан юм.
Нэмж сонин сайхан дуулгахад энэ хавьд ногоо сайхан гарсан тул холын уяачид их чуулжээ. Тухайлбал, МУТМУ Дамбын Хишигжаргал, МУАУ Сашкагийн Эрдэнэбат, МУМУ Түмэндэлгэрийн Ихбаяр, МУТМУ Д.Мөнхбат уяа морьдтойгоо иржээ. Үүнээс гадна А.Амарсанаа гуайн хойно Хэнтий аймгийн Баянхутаг сумын Их уул, Бага ууланд МУТМУ Эрдэнэбатын Эрдэнэчулуун, ААУ Энхбатын Дашчирэв зэрэг уяачид байдаг билээ.
Энэ зун бүх наадам нэг өдөр болох тул энэ хавийн наадмын сорилго сунгаанууд шимтэй болно гэдгийг уяачид ам уралдан хэлж байлаа. Эгэл малчны хотод хүлэг үүрсэж, зургаан хар хүү аавын бий болгосон таван хошуу тамгатай хүлгүүдийн их хурдыг сорьж байна.
Сэтгэгдэл ( 0 )