“Суварган цэнхэр уулс”, “Гэрлэж амжаагүй явна”, “Жинжиймаа”, “Зүүдэнд ирсэн хонгорхон ижий”, “Сийлэн бөөр”, “Хэен Хуар” зэрэг киноны гол дүрд тоглосон МУГЖ Н.Батцэцэг бол Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн өнгө төрхөө тодорхойлсон эмэгтэй. Түүнтэй уран бүтээлийн талаар товчхон ярилцлаа.
-Таны бага нас 40 мянгатын сэхээтнүүдийн дунд өнгөрсөн. Бага насандаа ямар хүн болохыг мөрөөддөг байсан бэ?
-Би багадаа том мөрөөдөлтэй хүүхэд байлаа. Тэр үед дунд сургуулиас нь хүүхдийг ирээдүйн ээж болоход нь бэлдэж охидод гэр ахуйн хичээл, хөвгүүдэд дархан мужааны хичээл гэж ордог байлаа. Эрүүл ахуйн хичээл гэж орж байсныг санаж байна. Дээрээс нь аав ээж, эмээ өвөө нар гэр боловсролыг хичээнгүйлэн өгдөг байсан. Өвөө ертөнцийн зүй тогтлыг сургасан үлгэр хэлж өгнө. Эмээ бусдад муу үйл хийхгүйн чухлыг амьдралын жишээтэй ярьж өгнө. Аав ээж хэл ус сурахыг захина. Ингээд л нэг мэдэхэд хэл устай, урлагийн хүн болохыг мөрөөддөг ахлах ангийн сурагч болсон байлаа. Тэгээд их сургуулийн орчуулагчийн ангид сурч төгсөөд “Монголкино” үйлдвэрт жүжигчнээр орж ажилласан даа. Бидний үеийнхэн дор хаяж гурван хэлтэй байлаа шүү дээ. Орчуулагчийн анги орос хэлээр төгссөн, Герман, Польш, Америкт амьдарч байсан болохоор тэр орны хэлүүдээр ярина аа. Харин герман хэлээ мартсан байна лээ.
-“Эх бүрдийн домог” киноны Нарангаравуугийн дүр таныг цэнхэр дэлгэцийн амьдралтай холбосон. Жүжигчин хүний жаргал хийгээд зовлон нь юундаа байдаг юм бол?
-Тиймээ. Энэ кино миний тоглосон анхны кино. Нэг их зовлонсоод байх юу байх вэ дээ. Сайхан шүү дээ. Уран бүтээлээ сайн хийгээд улс амьтанд танигдаад явна гэдэг жүжигчин хүний бахдал биз дээ. Зөвхөн өөрөө хүндлүүлээд зогсохгүй бусдыг хүндэлдэг байх хэрэгтэй. Зөв явдал гишгэдэлтэй байх хэрэгтэй. Тэгвэл зовлон ч жаргал болж хувирдаг юм шүү дээ. Хүн зовлонг өөрөө бүтээдэг юм шиг санагддаг.
-“Суварган цэнхэр уулс” киноноос хойш залуус эх оронч сэтгэлгээ нь тэлж, эр цэргийн албанд татагдах нь ихэссэн гэдэг. Хэр их хайрын захиа авч байв даа?
-Тэр үед хайрын захиа шууд бичээд унадаг залуус байхгүй шүү дээ. Бид чинь бүрэг ичимхий цагийн улс. Харин “Суварган цэнхэр уулс” кино гарсны дараа хил рүү залуус их шуурсан шүү. Төрийн шагналт Ардын уран зохиолч Б.Догмидын хэлсэнчлэн “Суварган цэнхэр уулс” кино дэлгэцнээ гарсны дараа эр морь хоёрын аль л сор нь цугласан хилийн отряд, заставт залуус очиж алба хашихаар саналаа өгч байсан төдийгүй эр нь хил хязгаараа манаж, эм нь энгэр хормойгоо хумьж явж энэ эх орон, газар шороо, гал голомтоо хамгаалж явах ёстой юм шүү гэдгийг гэрээсэлсэн уран бүтээл болсон гэдэгтэй би санал нийлдэг. Энэ киног Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн найруулж, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Зундуй зургийг нь авч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Эрдэнэ-Очир, Төрийн шагналт гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар гээд том уран бүтээлчид тоглосон шүү дээ.
-Та Монгол киноны сор болсон, кино урлагийн салбарт амьдралаа зориулсан, алдар суутай Монголын олон кино найруулагч, жүжигчидтэй хамтарч ажилласан. Тэднээсээ юу сурч, ухаарч, таньсан бэ?
-Манай киноны жүжигчид Монголын ард түмний хайртай хүмүүс шүү дээ. Ардын жүжигчин Д.Чимид-Осор, Б.Дамчаа, Н.Дагийранз, Г.Равдан, Гавьяат жүжигчин Р.Дамдинбазар, Т.Цэмпилмаа, Ц.Цэнд-Аюуш, Д.Гүрсэд, Д.Сүхбаатар, Ш.Цэцэг, Соёлын тэргүүний ажилтан Д.Элбэгсайхан, Б.Бямбажав, Ч.Хүрэл, Н.Зориг гээд л. Тэднээсээ олон зүйл сурсан даа. Намайг нийгэмшүүлсэн газар бол кино үйлдвэр. Би олны дунд хэрхэн биеэ авч явах, хэзээ хэнд юу хэлэхээ ч мэдэхгүй жаахан хүүхэд байхдаа кинонд очсон. Товчхондоо тэд намайг Батцэцэг болгосон. Ганцхан үгээр хорвоог багтааж хэлдэг, харцаараа зэмлэдэг, магтаал дундаа зэмлэлээ ивдэг монгол ухаан тэдэнд минь бий. Ер нь монгол хүн олон таван үггүй, дорнын сэтгэлгээтэй хүмүүс.
-Урлагийн залууст дутагдаад буй чанарыг нэрлэ гэвэл?
-Дутагдсан чанар гайгүй дээ. Мөнгө л дутагдаад уран бүтээлээ хийж чадахгүй байх шиг санагддаг. Монгол залуус авьяас, чадалтай шүү дээ. Тийм учраас төрөөс киноны салбарыг бодлогоор дэмжих хэрэгтэй. Чадалтай, чансаатай залуус олон байна. Тэднийгээ өнгөлж, зүлгэж өгвөл маш их бүтээл, амжилт гаргана гэж боддог.
-Кино зураг авалтад болж байсан хамгийн хөгжилтэй дурсамжтай зүйлээсээ хуваалцана уу?
-Өө, зөндөө зөндөө. 2000 оны зун би “Хааны сүүлчийн хатан”, “Цагаан сүүний домог”, “Зүүдэнд ирсэн хонгорхон ижий” гээд гурван кинонд зэрэг тоглож байлаа. Ж.Солонго найруулагчийн “Хааны сүүлчийн хатан” киноны зураг авалт Тэрэлжийн наахна болж байв. Манай нөхөр О.Машбатын “Зүүдэнд ирсэн хонгорхон ижий” Улаанбаатарт, харин Г.Жигжидсүрэн найруулагчийн “Цагаан сүүний домог” Баянбууралд зураг авч байсан юм. Тэр гурвын дунд график гаргачихсан завсаргүй зөөлгөж зураг авхуулдаг байлаа. Нэг их бороотой өдөр Жийгээ найруулагчийн натур руу нөхрөөрөө хүргүүлж байсан чинь Баянбууралын наад хөндийн шаварт суугаад юун нөгөө киноны Монголжин хатан. Шөнөжин нөхөр хүүхэдтэйгээ шавар ухаад халтайсан юмнууд очиж билээ. Бас нэг өглөө унтаж байсан чинь цагаан хоолойгоор “Зургандаа, зургандаа” гэж байна. Ухасхийн босоод Гэнэнпил хатны үгийг амандаа давтаад угаагуур луу явж байсан чинь “Цагаан сүүний домог”-ийн натур дээр байсан гээд бод доо. (инээв).
-Та бол монгол эмэгтэй хүний үзэсгэлэн гоо, намба төрх, ааль араншинг цогцлоосон эмэгтэй. Охид, бүсгүйчүүддээ хандаж юу гэж зөвлөмөөр санагддаг вэ?
-Баярлалаа. Надад бусдаас гойд юм байхгүй ээ. Өөрийнхөө цаг үеийн эзэн байхыг бүгд хичээдгийн адил явж ирлээ. Одоогийн охид бүсгүйчүүд улам гоо болжээ. Хөгжил ирэхийн чинээгээр бид байгалиас холддог. Тийм болохоор байгальдаа ойр байгаарай. Их аялж, зугаалж, их унтаж амарч байгаарай гэж захья даа. Амьдрал их энгийн шүү дээ. Эмэгтэйчүүд маань гадаад гоо сайхан гэхээсээ илүүтэй дотоод сэтгэлийн гоо сайхан хүнийг хамгийн их гэрэлтүүлдэг. Монгол эмэгтэйчүүдэд үнэнч, зарчимч сайхан чанар олон бий.
-Монголын кино урлагийн хөгжил ямар түвшинд явж байна гэж хардаг вэ? Шинэ гарч буй киноны давлагаа нэг хэвийн голдиролд орсон шиг?
-Кино хийж байгаа залуус гаргасан мөнгөө олохын тулд сэдвээ сонгодог. Түүхэн юм уу цэрэг эх орны сэдэвтэй кино хийвэл хүн үздэггүй. Тийм учраас үздэгээр нь зодоон нүдээн, мафитай адал явдалтай кино хийдэг. Энэ нь хүүхэд залуусын хүмүүжил төлөвшилд ямар байх нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл нийгмийн үе, үеийг төлөвшүүлж ирсэн кино хэмээх хүчирхэг зэвсгийг бодлогоор хөгжүүлэхгүй байгаагийн уршиг. Киноны салбар хаягдсан тэр цагаас нийгмийн хүмүүжил орхигдсон гэж болно. Кино шиг хүртээмжтэй салбар байдаггүй. Хүмүүс киноны үг яриа, дууг хамгийн хурдан сурдаг. Дүрүүдийг хамгийн их даган дуурайдаг шүү дээ. Залуус нэг киногоор дамжиж хэдэн зуун хуудастай роман уншсантай дүйхүйц мэдлэг, ухаарал олж авдаг. Тиймээс сайн кино сайхан ухаарлыг түгээнэ.
-Таны нөхөр найруулагч байсан. Та хоёр хэрхэн анх учирч байв, ханийнхаа ямар занд нь татагдаж байв. Гэр бүлийнхээ үнэ цэнийг хадгалж үлдэхийн тулд хосууд юун дээр анхаарах хэрэгтэй вэ?
-Бид урлагийн хүрээнд танилцсан. Тэр маань өргөн мэдлэгтэй, ухаалаг, халамжтай хүн байсан. Хосууд биесээ өмчлөх сэтгэхүйтэй байдаг нь зовлонд унагадаг. Бид хүний орчлонд түр ирэхдээ нөхөр юм уу эхнэртэйгээ түр ханьсаад цувраад үхнэ шүү дээ. Тийм болохоор зарим юмыг тэвччих нь асар их зовлонг товчлох гарц болдог.
-Кино урлагийн амьдралд хөл тавьж буй залуу үедээ өвлүүлж сайхан ном бүтээлүүд хэвлүүлсэн. Одоо ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Номынхоо хоёрдугаар цувралыг бичиж байна. Хүн хөгшрөхөөрөө ном бичдэг гэж залуудаа сонсож байсан. Би жамаараа л яваа юм байна гэж бодоод заримдаа инээд хүрдэг шүү. Өөрийн үзэж туулсан мэдлэг туршлага дээрээ тулгуурлаж мэргэжлийн онолоор баяжуулж ном гаргах нь жүжигчин болохоор зэхэж буй залууст хэрэгтэй юм болов уу. Өгөөжөө өгч байгааг нь ч харах сайхан байдаг.
-Кинонд дүр бүтээхийн тулд өөрийнхөө ямар үнэ цэнтэй зүйлээ золиосолж байсан бэ, жишээ нь сунайсан урт хар гэзэгтэй охид дүрдээ хувирах гээд гэзгээ тайрах бол энүүхэнд шүү дээ?
-За, нэг их золиослоод байх юу байх вэ дээ. Энэ амьдралаа кино урлагт зориуллаа. Зорилготой, дурлаж тэмүүлсэн зүйлтэй байх нь жаргал юм.
-Урлагаас гадна өөрийгөө хөгжүүлсэн хийх дуртай зүйл тань юу вэ. Одоо багшилж байгаа юу?
-Би зуны дэлгэр цагт хөдөө аялах дуртай. Жимс, самар түүх дуртай. Бас оёдол шийдэм хийх дуртай. Заримдаа номоо бичээд хэдэн өдрөөр ганцаараа сууж дотоод ертөнцөөрөө амьдрах бас гоё.
-Амьдралын хамгийн чухал зүйлийг та юу гэж боддог вэ?
-Амар амгалан байх.
-Жүжигчин хүн хаан, харц ямар ч дүрд хувирч болно шүү дээ. Та өөрийнхөө амьдралыг алдар цуутай дүрээр илэрхийл гэвэл мөн чанараараа хэнтэй ойр дүйх бол?
-Би тийм алдар цуутай дүрийн илэрхийлэл болохоор амьдралтай хүн биш ээ. Жирийн амьдралтай ганц хувь бүтээгдсэн бие хүн.
-Нийгмийн боловсрол, ёс суртахууныг ямар байна гэж та боддог вэ?
-Тааруу байна. Баахан дипломтой мэдлэг чадваргүй масс бий болж. Үнэхээр хэл ус мэдлэг чадвартай нь цөөхөн. Тэд голцуу гадаадаас ирдэг. Бас ёс суртахуун, хүмүүжлийн хувьд их унасан. Үг ярианы соёл бол хэцүү. Үүнийг 10 жилийн сургуулиас нь хичээлээр зааж сургах хэрэгтэй. Тэгж байж хариуцлага хүлээдэг, шударга шинэ үе бий болно. Түүнээс биш “шударга байцгаая” гэж уриа лоозон бичсэнээр юу ч өөрчлөгдөхгүй.
Сэтгэгдэл ( 11 )
Кино хийж байгаа залуус гаргасан мөнгөө олохын тулд сэдвээ сонгодог. Түүхэн юм уу цэрэг эх орны сэдэвтэй кино хийвэл хүн үздэггүй. Тийм учраас үздэгээр нь зодоон нүдээн, мафитай адал явдалтай кино хийдэг. Энэ нь хүүхэд залуусын хүмүүжил төлөвшилд ямар байх нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл нийгмийн үе, үеийг төлөвшүүлж ирсэн кино хэмээх хүчирхэг зэвсгийг бодлогоор хөгжүүлэхгүй байгаагийн уршиг. Киноны салбар хаягдсан тэр цагаас нийгмийн хүмүүжил орхигдсон гэж болно.
Urlagiin tom tuloologch uhaantai jujigchin munoosoo mon. Ene hund ardin jujigchin tsoloo ugohod yaadag bnaa.
ХӨГШРӨХ МӨРӨӨРӨӨ ХӨГШРӨХГҮЙ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨНӨӨС ХУСЧИХ САНААТАЙ !!!
Батцэцэг даруу авъастай сайн жүжигчдийн нэг. Тоглосон кино нь залууст сургамжтай сайхаан сайхан.
Маш сайхан жүжигчин шүү дээ.”Суварган цэнхэр уулс ” кино анх гарснаас хойш үнэхээр тухайн үеийн залуусыг байлдан дагуулсан. Залуучуудын бодох л ёстой асуудлыг ярьсан байна. ”Бид хүний орчлонд түр ирэхдээ нөхөр юм уу эхнэртэйгээ түр ханьсаад цувраад үхнэ шүү дээ. Тийм болохоор зарим юмыг тэвччих нь асар их зовлонг товчлох гарц болдог.” ...гэсэн үг маш их үнэн үг шүү. Танд амжилт хүсье. Төрийн шагналт, Ардын жүжигчин болохын ерөөл дэвшүүлье.
Манай сэтгүүлчид БОЛОН СУРВАЛЖЛАГЧ НАР :... САЙХАН МОНГОЛ ХЭЛЭЭРЭЭ САЙХАН ЯРЬЖ СУРАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ДАА... 2 үг хэлээд л ”байгаа” байгаа” байгаа” ГЭЖ ЯРИЛГҮЙ 2 ҮГ ХЭЛЭЭД Л ”одоо” одоо” одоо” ГЭЖ ХЭЛЭЛГҮЙ, 2 ҮГ ХЭЛЭЭД Л “ядаж “ ядаж” ядаж” ГЭЖ ЯРИЛГҮЙ. 2 ҮГ ХЭЛЭЭД “ аймаар” аймаар” аймаар “ гэж ХЭЛЭЛГҮЙ СУЛ ҮГ ХЭРЭГЛЭХГҮЙ, ГАДААД ҮГ ОРУУЛЖ ЯРИЛГҮЙ ЗӨВ САЙХАН ЯРУУ ТОД ХЭЛЖ, ЯРЬЖ СУРАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ...МОНГОЛ ХЭЛ МАШ ИХ БАЯН,БАЯЛАГ ХЭЛ ШҮҮ ДЭЭ... \nҮг ярианы соёл бол хэцүү. Үүнийг 10 жилийн сургуулиас нь хичээлээр зааж сургах хэрэгтэй. Тэгж байж хариуцлага хүлээдэг, шударга шинэ үе бий болно.
Төр бүгдийг нуруундаа үүрэх алба байхгүй кино салбар зах зээлийнхээ замаар чаомаар л хөгжих ёстой
(202.9.46.121 Чи энэ хүний насан дээр хэн ч биш байна
(202.9.46.121 Чи энэ хүний насан дээр хэн ч биш байна
Vnen shde. Heltei bol heltei, zvstei bol zvstei saihan emegtei shde
Энэ эмээ нэг юмны үнэр авчдээ. Өөрийгөө хэдэн янзын хэлтэй устай болгов. Арай л худал инээдэмтэй сонсогдож байна. Ичих хэрэгтэй