-Эвээ олж эхэлж байгаа тарифын зохицуулалтыг нэг хүн хариуцахгүй бол сарын дараа аягүй бол замаа хаана, хэрүүл эхэлнэ-
Тавантолгой чиглэлд нүүрс тээвэрлэдэг 500 орчим тээвэрчин наймдугаар сарын 19-ний өдрөөс арав хоног зам хааж эсэргүүцлээ илэрхийлсэн. Уртын тээвэрт нүүрсний тээврийн тарифыг нэг тонн км тутамд 55-65 юань байгааг эсэргүүцэж, 80+ юаньд хүргэх энэ тэмцэлд нүүрсний тээврийн 2500 гаруй жолооч нэгдсэн юм. Тэдний тэмцэл үр дүнгээ өгч яг одоо Цагаан хад орчимд уртын тээврийн тариф 80-85 юаньд хүрсэн тухай мэдээллээ. Тэмцлийн үр дүн болон нөхцөл байдлын талаар “Баян зам” тээвэрчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга П.Баярхүүгээс тодрууллаа.
-Нүүрсний тээврийн тарифыг нэмэгдүүлэх гэсэн та нарын тэмцэл үр дүнд хүрэв үү?
-Уурхайгаас Цагаан хад боомт хүртэлх 230 км буюу уртын тээврийн замд нэг тонн тутамд нүүрсний тээврийн үнийг 55 юань буюу 22 мянган төгрөг болсныг л эсэргүүцсэн. Тээврийн үнийг ийм бага тогтоосон нь Хятад тал руугаа л “чихдэг” байсан. Хятадын зах зээл, худалдан авагчийн эрх мэдэл л гэж ойлгуулдаг байсан. Тэгтэл асуудлын гол нь худалдан авагч талдаа биш байсан юм. Бодит байдал дээр цөөн тооны хүмүүс ашиг хонжоо хайгаад дундаас нь баяжаад, олонх нь хохироод байна аа гэх асуудлыг дэвшүүлээд тэмцсэн. Сүүлдээ аргаа бараад нүүрсний тээврээ зогсоогоод зам хаасан. Бид бүхэн 10 хоног зам жааж, экспорт үндсэндээ тасалдах аюулд орсон. Энэ тэмцэл Засгийн газрын чихэнд хүрсэн юм шиг байна. “Эрдэнэс-Тавантолгой” компанийн талаас худалдан авагч талд мэдэгдэл өгөөд Монгол Улсад тээврийн жишиг тариф мөрдүүлэхээр болсон байна. Энэ нь үндсэндээ нэг км-т тонн тутамдаа 80+ буюу 80-аас дээш юаньд барихаар тохиролцжээ. 80+ гэдэг нь маань үндсэндээ албан ёсоор мөрдүүлэх тарифын 75 хувь л гэсэн үг. Арав хоногийн дотор уртын тээврийн тариф 55 юаниас 85 юаньд хүрлээ. Өөрөөр хэлбэл бидний тооцоолсноор тээвэрчдээс хулгайлагддаг байсан 1.5 тэрбум төгрөг жолоочийнхоо, компаниуддаа үлддэг болчихлоо. Энэ бол ганц нэгхэн компанийн цалин нэмэгдэж байгаа асуудал огт биш. Энэ бол салбарын хэмжээнд яригдах асуудал. Энэ жишиг цаашдаа ч тогтох ёстой. Тээвэрчдийн сэтгэл хангалуун байна. Нэг рейсэнд 600 мянган төгрөг авдаг байсан бол үндсэндээ сая гаруй төгрөг авдаг боллоо.
-Бодит нөхцөл байдал дээр ямар байгаа вэ?
-Нүүрсний тээвэр одоо шинэчилсэн журмаар явж байна. Бүх компаниуд шинээр 80+, заримдаа таван юаниар илүү тарифаар нүүрс тээвэрлэх гэрээ байгуулдаг боллоо. Бидэнд ирсэн мэдээллээр компаниудын 60 хувь нь ачилтад орсон, зарим тохиодолд 85-90 юаниар тээвэр хийх зар гараад эхэлчихэж. Тээвэрлэлтийн нөхцөл байдал хэцүү байна. Ганцхан сарын дотор гурван хүн нас барчихлаа. Хөдөлмөрийн аюулгүй байдал сахихгүй, замбараагүй байгаа учраас тээвэрчид эндэж байгаа юм. Эндэгдэлд хэн нэгэн хариуцлага хүлээхгүй байна.
-Та бүхэн шаардлага Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийг нүүрс тээврийн асуудал дээр томилох тухай байсан. Энэ асуудал хэрхэн шийдэгдсэн бэ?
-Энэ асуудал шаардлагын нэг л хэсэг мэт боловч урт түүхтэй шаардлага л даа. Бид нар 80+ тариф дампуураад 70 юань руу хүрч байхад Засгийн газарт шаардлага хүргүүлж байсан юм. Тухайн үед Ерөнхий сайд нүүрс тээвэрт уялдаа холбоог нь мэддэг, төрийн зохицуулалт хийдэг хүн хэрэгтэй гэдэг дээр санал нэгдэж байлаа. Бүр даалгавар ч өгч байсан юм. Гэтэл энэ нь амьдрал дээр огт хэрэгжээгүй. Энэ хугацаанд бизнес ямар ч уялдаа холбоогүй болж, бохир бизнес цэцэглэж, олон тооны тээвэрчид амиа алдлаа. Зам сайхан зассанаар бусдаар үндсэндээ энэ салбар доройтоод байгаа юм. Үүнийг л зохицуулахын тулд Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч томилохыг шаардсан. Арав хоног зам хааж тэмцэж байхад үндсэндээ бүрэн эрхт төлөөлөгч томилогдоно гэдэг тайлбар өгсөн. Бид ч тээврээ сэргээсэн. Өдийг хүртэл Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч томилогдсонгүй.
-Чухам яагаад Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч томилогдохгүй байгаа юм бол. Та бүхэн судалж үзсэн үү?
-Зарим сайд, дарга нар бүрэн эрхт төлөөлөгч хэрэггүй гэдэг байр суурьтай байгаа юм шиг байна. Гэтэл бодит байдал нөхцөл байдал маш хүнд байгаа. Нэгдүгээрт Монголын эдийн засгийн 40 гаруй хувийг бүрдүүлэх гээд байгаа нүүрс тээвэрт төрийн 24 байгууллага янз бүрийн байдлаар оролцож байна. Энэ олон байгууллага дотор Зам тээвэр болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамд, хил, гааль, татварын байгууллагууд, нийгмийн даатгал, бүр тагнуулын байгууллага ч орчихож байгаа юм. Их хурлын зарим гишүүд ч шууд хутгалдаад ороод ирнэ. Энэ олон байгууллага хоорондоо уялдаагүй, өөр амбицтайгаар асуудалд ханддаг. Нэг байгууллага нэг журам гаргахад л тухайн орчинд авлига үүсгэдэг. Өмнө баталсан журмаа цуцлаад дахиад нэг журам баталдаг. Эцсийн бүлэгт компаниуд, тээвэрчид л хохирдог юм. Үүнийг цэгцэлдэг, уялдаа холбоог нь хангадаг төрийн төлөөлөл хүн байхгүй бол асуудал явахгүй юм байна. Ингэснээр зөвхөн нүүрс тээвэрчид төдийгүй салбарт, цаашлаад төрд хэрэгтэй юм, уг нь.
Эвээ олж эхэлж байгаа тарифын зохицуулалтыг нэг төрийн бус байгууллага хянаж чадахгүй. Эрх зүйн боломжийн хувьд ч ийм. Үүнийг зохицуулах нэг хүн байхгүй бол сарын дараа аягүй бол замаа хаана, хэрүүл эхэлнэ. Хэн нэгэн нөхөр ашиг хонжоо олно. Ийм байдалд хүргэхгүйн тулд асуудлыг эзэнтэй болго л гэж шаардаад байгаа юм.
-Тэмцэж буй та бүхний ашиг сонирхол өөр зүгт яваа юм биш үү. Хэвлэл, мэдээллээр явж буй сэдвүүдийг харахад...?
-П.Баярхүү гэдэг нөхөр тодорхой хүнийг зүтгүүлээд байна гэж хараад байх шиг байгаа юм. Асуудалд ингэж хандаж байгаа нь бидний тэмцэж буй асуудлыг жижигхэн харагдуулж байна гэж шууд хэлнэ. Үүнийгээ болиоч гэдгийг л уриалах байна. Бүрэн эрхт төлөөлөгч томил гэдэг маань хэн нэгэн дарга, сайдын эрх ямбанаас булаах гээд байгаа хэрэг огтхон ч биш. Хууль журмаараа л асуудалд хандъя. Нүүрсний тээвэр замбараагүй байгаад төр л эцсийн дүндээ томоор хохироод байгаа юм. Зөвхөн Хятад талдаа ашигтай бүх бизнес энэ салбарт ноёлж байна. Бүрэн эрхт төлөөлөгч томилж энэ бүгдийг зохицуулъя гэж л бид тэмцэж байгаа. Засгийн газрын хоёр ч хурлаар орлоо. Асуудал шийдэгдсэнгүй. Гэхдээ тээвэрчид цөхрөлгүй хүлээсээр л байна. Магадгүй Засгийн газрын дараагийн хуралдаанаар ч шийдэгдэхгүй байх. Эрхэм сайд дарга нар асуудалд эерэгээр хандаач, замбараагүй байдлыг цэгцлэх бүрэн эрхт төлөөлөгч томил гэдгийг л төр засагт хүргэмээр байна.
-Бүрэн эрхт төлөөлөгч томил гээд байгаагийн гол шалтгаан нь нүүрсний тээврийн үнийг дахин унагаахгүй байх, эргээд завшигчид ашиг хонжоо олох нөхцөл үүсгэхгүйн тулд гэж ойлголоо зөв үү?
-Маш товчхондоо тийм. Эвээ олж эхэлж байгаа тарифын зохицуулалтыг нэг төрийн бус байгууллага хянаж чадахгүй. Эрх зүйн боломжийн хувьд ч ийм. Үүнийг зохицуулах нэг хүн байхгүй бол сарын дараа аягүй бол замаа хаана, хэрүүл эхэлнэ. Хэн нэгэн нөхөр ашиг хонжоо олно. Ийм байдалд хүргэхгүйн тулд асуудлыг эзэнтэй болго л гэж шаардаад байгаа юм. Би дахин хэлье. Тодорхой хүмүүс энэ асуудлыг хувийн сонирхлоор тайлбарлаад байгааг л болих хэрэгтэй. Зарим тохиолдолд хэвлэл мэдээллийг ч ашиглаж байна. Асуудлыг шийдэгдэхгүйн тулд албаар жижигрүүлж харагдуулж байгаа байх.
-Төрийн өмчит “Эрдэнэс-Монгол” компани “Гашуу сухайт-Авто зам” ХХК байгуулсан. Энэ компанитай тээвэрчдийн холбоо хэрхэн харилцаж байна?
-“Гашуун сухайт-Авто зам” компани компаниудтай их харилцдаг. Компаниудаас татвар цуглуулж замын сан бүрдүүлэх, үүгээрээ замаа арчлах үндсэн үүрэгтэй компани. Одоогийн байдлаар хувь машинтай жолооч 350 мянган төгрөг татварт өгдөг бол компанийн хувьд 250 мянган төгрөг төлдөг. Энэ төлбөрийн ялгаанаас болж жолооч нар бидэнд ханддаг юм. Адилхан ачаа ачаад нэг замаар гарч байгаа мөртлөө яагаад төлбөр нь ялгаатай байгааг л биднээс асуудаг. Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгавар дотор 100 хувь биелсэн ганц асуудал бол зам засвар юм. Замын арчилгааг үнэхээр сайн хийж байгаа.
-Гэтэл бодит байдал дээр жолооч нар амь насаараа хохирох байдал буурахгүй. Үүнийг юутай холбон тайлбарлах вэ?
-Олон хүчин зүйлээс шалтгаалдаг юм билээ. Эхэндээ бид замын чанар муу байгаатай холбон тайлбарладаг байсан. Одоо ажиглаад байхад тухайн жолоочийн суурь өвчин, эрүүл мэндийн шалтгаантай холбоо юм шиг байна. Нэгхэн сарын дотор гурван хүн нас барахад бид нар тоолж үзлээ. Ард нь 13 хүүхэд өнчирсөн байна. Ийм хохирлыг яаж хэмжих, хэрхэн туслах нь ойлгомжгүй байна. Бүгд би буруугүй гээд холддог эцэст нь жолооч л буруутай болоод үлддэг. Ний нуугүй хэлэхэд компаниуд даатгалаас зугтаадаг. Шалтгаан нь компаниудад дарамт их байгаатай холбоотой. Орлогоо ил зарлаж болдоггүй, экспортын замаас НӨАТ авдаг. Үүнээс зугтаахын тулд даатгалаас зугтдаг. Нөгөө талаараа Хятадад их хэмжээний мөнгө үлдэж байна. Зарим зүйлээс хөнгөлж байж манайд мөнгө орж ирнэ, цаашлаад даатгалыг бодитой төлдөг болно.
Сэтгэгдэл ( 0 )