Чингэлтэй дүүрэгт олон улсын жишигт нийцсэн сургууль ашиглалтад орлоо

2020 оны 09 сарын 25

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдаж ашиглалтад орж буй Нийслэлийн Ерөнхий боловсролын 149 дүгээр сургуулийн нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Япон улсын Элчин сайд Кобаяши Хироюки, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл тэргүүтэй холбогдох албаны хүмүүс, багш, сурган хүмүүжүүлэгчид, сурагчид болон эцэг, эхчүүдийн төлөөлөл оролцов.

Өмнө нь Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт сургууль байгаагүй. Нэг ээлжиндээ 648 хүүхдийн суудал бүхий дэлхийн жишигт нийцсэн сургуультай болсноор сургуулийн насны 2700 гаруй хүүхэдтэй тус хорооны хүүхдүүд харьяаллын дагуу 149 дүгээр сургуульд суралцаж эхэлж байна. Анхны хичээлийн жилээ 665 сурагч, 65 багш, ажилчинтайгаар эхлүүлж байгаа бөгөөд сурагчдын 80 орчим хувь нь Баянгол дүүргийн “Сэтгэмж” сургуулиас, бусад нь Сонгинохайрхан дүүргийн 129, 105 зэрэг сургуулиас шилжин иржээ.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Анх Япон улсын зүгээс манай улсад хоёр сургууль барих хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж, зөвхөн газар чөлөөлөлт, хуучин сургуулийг нураахад 2 тэрбум төгрөг Монгол Улсын талаас шаардлагатай гэснийг 2018 оны улсын төсөвт санхүүжилтийг суулгаснаар сургуулийн барилгын ажил эхэлсэн. Мөн нийслэлийн төсвийн хөрөнгөөр сургууль хүртэлх авто замыг хийсэн. Сургуулийн автобусны асуудлыг ч нийслэлтэй хамтарч шийдэж байна” гэлээ.

Нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэлсэн үгэндээ “Дэлхийн жишигт нийцсэн иж бүрэн тоног төхөөрөмжтэй сургууль нийслэлийн алслагдсан хороонд ашиглалтад орж байгаад баяртай байна. Нийслэлийн ирээдүй болсон хүүхэд, багачуудынхаа нэрийн өмнөөс Японы ард түмэнд талархсанаа илэрхийлье. Манай хоёр орны олон жилийн найрамдалт харилцааны үр дүн гэж харж байна. Боловсролын салбарт хийгдэж байгаа хөрөнгө оруулалт хамгийн зөв чухал зүйлрүүгээ хийж байгаа хөрөнгө оруулалт гэж үздэг. Зөвхөн боловсролын гэлтгүй өөр олон салбарт манай хоёр улс хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж ирснийг энд онцлон хэлэхийг хүсч байна” хэмээв.

Энэхүү сургууль нь 18 анги танхимтай. Үүнээс хоёр анги нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан. 65 багш, ажилтантай үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Сургуулийн спорт заал нь олон улсын стандартад нийцсэн зөөлөн шалавчаар тохижуулсан зэрэг хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангажээ. Мөн Японы талаас сургалтын иж бүрэн тоног төхөөрөмжөөр ханган ашиглалтад оруулж хүлээлгэн өгч байгаа аж.


 


 

 
 
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.161.34) 2020 оны 09 сарын 25

Одоо баригдаж байгаа Монгол сургуулиудад Япон стандартыг нэвтрүүлэх хэрэгтэй. Ялангуяа зураг төсөл хийх стандартыг боловсруулж Зураг төслийн компаниудад тухайн стандартаараа сургалт явуулан, сургалтанд хамрагдсан Зураг төслийн компаниудад Дунд сургуулийн барилгын зураг төсөл хийх Тусгай эрхийг нь өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол өнөөдөр янз янзын хаалга цонх, шат гишгүүр, танхим өрөө, Хүүхдийн ариун цэвэрт нийцэхгүй Том хүний суултуур гээд ёстой яана даа гэмээр юмнууд сургуулиудад харагдаад байна. Зураг төсөл хийдэг байгууллагууддаа мэдлэгжүүлэх стандартыг боловсруулж Тусгай эрх олгох хэрэгтэй

0  |  0
ард(202.55.188.92) 2020 оны 09 сарын 25

одоо халуун ус маш их хэрэгтэй байна шүү.

0  |  0
Top