Уулын Карабахад ширүүн тулаан үргэлжилж байна

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 29

Энэ сарын 27-нд Уулын Карабахын нутагт Армен, Азербайжаны хооронд зэвсэгт мөргөлдөөн сэргэв. Талууд бие биеийгээ олон жил үргэлжилсэн сөргөлдөөнийг хурцатгаж, зэвсэгт мөргөлдөөн эхлүүлсэн гэж буруутгаж байгаа юм. Арменууд голдуу оршин суудаг Уулын Карабах Азербайжаны бүрэлдэхүүнээс гарах болсноо зарласнаар 1987 онд олон жил үргэлжилж буй сөргөлдөөний эх тавигдсан. 1991-ээс 1994 оны хооронд энэ бүс нутагт зэвсэгт тулгаралт идэвхтэй болж байв. Одоогийн байдлаар энэ бүс нутаг хүлээн зөвшөөрөгдөөгүй Бүгд Найрамдах Уулын Карабах Улсын эрх баригчдын хяналтад байдаг ба Армен дэмждэг.

Азербайжан, Армены Батлан хамгаалах яамдын мэдэгдлүүдээс үзвэл, Уулын Карабахад нөхцөл байдал хурцадсанаас хойших хугацаанд хоёр талаас  нийт 700 гаруй цэрэг амь үрэгдээд байна. Азербайжаны Батлан хамгаалах яамны мэдэгдлээр, зэвсэгт мөргөлдөөний үеэр Армены арми 550 цэрэг, 22 хуягт машин, 15 зенит пуужингийн “Оса” систем, 18 нисэгчгүй нисдэг аппарат, найман их буу, гурван зэвсгийн агуулахаа алджээ. Армены Батлан хамгаалах яамны мэдээллээр, Азербайжаны тал 200 цэрэг, 30 хуягт машин, 20 нисэгчгүй нисдэг аппаратаа алдсан байна. Ингэхдээ талууд хохирлын талаарх эдгээр мэдээллийг үгүйсгэж байгаа юм.

Уулын Карабахын Батлан хамгаалах яамны мэдээллээр, тулааны талбарт Карабахын 31 цэрэг амь үрэгджээ.

Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өнөөдөр /2020.09.29/ хуралдахаар товлоод байна. Уулын Карабахыг асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэх асуудлыг Бельги, Эстон, Франц, Герман, Их Британи албан ёсоор тавьсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top