Н.Наранбаатар: 600 өрхийн 500 гаруй мянган мал отор нүүдлийн байдалтай байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 09 сарын 29

УИХ-ын гишүүн Н. Наранбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр Өмнөговь аймгийн 15 суманд ажиллаж, иргэдтэй уулзан, төрийн болон төсөвт байгууллагын өмнө тулгамдсан асуудал, өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн байдалтай биечлэн танилцжээ.


-УИХ-д сонгогдсоноосоо хойш та анхны томилолтоо авч, аймагтаа ажиллажээ. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Гишүүн болсноосоо хойш анхны томилолтоороо аймгийнхаа бүх сум, багт ажиллаад ирлээ. Нийт 4300 км явж, 2500 гаруй хүнтэй уулзсан байна. Цаашдаа Улсын Их Хурлын чуулганы завсарлагаа болгоноор тойрогтоо ажиллана гэж зорьж байгаа. Иргэд, сонгогчидтойгоо аль болох ойр байж, тэдний санал хүсэлтийг УИХ-д хүргэх, хууль тогтоомжид тусгах, иргэдийнхээ гүүр болж ажиллах төлөвлөгөөтэй байгаа.

-Иргэдийн зүгээс танд ямар санал, хүсэлт хүргүүлж байна. Тулгамдаж байгаа асуудал юу байна вэ?

-Цаг үе нь өвөлжилтийн бэлтгэл ажлын үе таарлаа. Төв суурин газрын хувьд дулааны цахилгаан станц, түгээлт хийж байдаг дулаан хангамжийн үйл ажиллагааны асуудал чухал байдаг. Тиймээс сумын төвүүдийн эрчим хүч, уурын зуухны үйл ажиллагаатай танилцаад ирлээ. Ерөнхийдөө бол төв суурин газруудын өвөлжилтийн бэлтгэл ажил сайн хангагдаад явж байна. Аймгийн төвийн хувьд бүтээн байгуулалтаа дагаад олон байшин, барилга ашиглалтад орсонтой холбогдуулаад дулааны станцын хүчин чадлын тухай асуудал тавигдаж байна. Зуухны хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай болсон байна. 

Түүнчлэн хөдөө аж ахуй, өвөлжилтийн бэлтгэл тааруу байна.  Зун бороо хур багатай байснаас үүдээд бэлчээрийн 80 хувь нь гандуу байна. Үүнээс болоод отор нүүдэл их байна. Аймгийн хэмжээнд 600 өрхийн 500 гаруй мянган мал отор нүүдэлд байна. Хил залгаа Дундговь, Дорноговь аймгуудад оторлож байгаа. Үүнийг дагаад бэлчээр, худаг ус, өвөлжөө бууцны маргаан их гарч байна. Аймгийн баруун, хойд сумдад бороо хур ороогүйгээс болоод зүүн, урд сумдад оторлож, олон хүн мал цугласнаас бэлчээрийн маргаан их гарч байна. Энэ талаар малчид ярилаа. Отор нүүдэл хийж байгаа иргэдтэй газар дээр нь очиж уулзахад худаг ус гаргаж өгөх, малын өвс тэжээл, мал махаа борлуулах, махны үйлдвэрүүдтэй холбож өгөх, хил боомтоор малын махаа экспортлох тухай хүсэлт тавьж байна.

Энэ асуудлаар сумдын дарга нартай уулзахад, отор нүүдлээр ирсэн малчдыг аль болох тэнд нь өвөлжүүлэх, төрийн үйлчилгээг нүүдэллэсэн малчдад хүртээмжтэй үзүүлэх асуудлыг тавьж байна. Энэ дагуу хилийн бүс нутагт отор нүүдэл хийж яваа малчдыг өвөлжүүлэх талаар ярилцаж, хилийн цэргийн анги байгууллагатай гэрээ байгуулснаар өвөлжих бололцоотой боллоо.

-Иргэдэд тулгамдаж байгаа асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх вэ. Танд ямар гарц, шийдэл байна вэ?

-Тойрогтоо ажиллаад ард иргэдэд тулгамдаж байгаа асуудлуудтай нэг бүрчлэн танилцсан. Өнөөдөр дүнгийн хурлаа хийж, иргэд, сумдаас гаргасан санал хүсэлтийг зохих түвшинд нь шийдэж ажиллахаар боллоо. Аравдугаар сарын 10, 11-ний өдрүүдэд Шадар сайд Өмнөговь аймагт ажиллахаар болсон. Энэ үеэр аймгийн зүгээс хэд хэдэн хүсэлт хүргүүлэхээр төлөвлөж байна. Нэгдүгээрт, Даланзадгадын дулааны цахилгаан станцын зуухны өргөтгөлийн төсвийн хүсэлт байна. Хоёрдугаарт, отрын бүс нутагт худаг гаргах асуудал бий. Аймгийн зүгээс өөрсдийн хөрөнгөөр зургаан худаг гаргаж өгөх боломжтой. Бүх сумдад 15 сая төгрөгийн өвс тэжээлийн төсөвтэй байна. Отрын бүсэд энэ зургаан худаг хангалтгүй байгаа учраас худаг, өвс тэжээлийн тал дээр нэмэлт санхүүжилтийн хүсэлт тавихыг зорьж байна. Дээрээс нь малчдын мал, мах борлуулах асуудлаар санал гаргах юм. Мөн манай аймгийн Шивээхүрэн боомтоор мах экспортлох боломж, бололцооны тухайд хүсэлт тавихаар төлөвлөж байна.

-Өвөлжилтийн бэлтгэл, малчдын асуудлаас гадна төрийн үйлчилгээний байгууллагуудад ямар асуудал тулгамдаж байна. Гаргаж байгаа санал хүсэлтүүдийн тухайд тодруулна уу?

-Сүүлийн жилүүдэд сумдад сургууль, цэцэрлэг, соёлын төв гээд бүтээн байгуулалт их хийгдсэн. Одоо бол эдгээр төвүүдийг ажиллуулахад шаардлагатай тавилга, эд хогшил, техник хэрэгсэл, унаа машин гэсэн асуудлууд яригдаж байна. Ерөнхийдөө сумдад бүтээн байгуулалт сайн хийгдсэн учраас томоохон байшин, барилга хүсэх асуудал алга. Одоо баригдсан байшин барилгаа ашиглахад шаардлагатай зүйлсийг бэлтгэх чухал байгаа. Сумын төсөвт байгууллагуудаас ирүүлсэн хүсэлтүүдийг зохих газарт нь тавина. Аравдугаар сард сумдаас ирүүлсэн томоохон саналуудыг Их хуралд тавина. Аймгийн иргэдийн хурлын ирэх оны төсөвт мөн зарим хүсэлтүүдийг уламжилна. Мөн сумдад төрийн албан хаагч нар ирж ажиллах сонирхолгүй байна гэдэг асуудал яригдаж байна. Үүнийг анхааралдаа авна. 

-Сумдад төрийн албан хаагч дутагдалтай байна гэлээ. Ямар шалтгаантай байна вэ?

-Шалтгаан нь цалин бага. Мөн дээрээс нь төрийн албан хаагчийн шалгалтыг жилд олон удаа авдаг болох эсвэл шалгалтгүй болгох хүсэлт ирж байна. Төрийн албан хаагчдын нийгмийн асуудал бий. Орон сууц дутагдалтай байдаг учраас залуучууд ирэхгүй байна гэсэн тулгамдсан асуудал тавьж байна. Нөгөө талаас иргэдийн зүгээс шударга байдал хүсэж байна. ЖДҮ, авлига, хээл хахуульд холбогдсон хүмүүсийн хөрөнгө мөнгийг хурааж, өр зээлээ төлөх тухай зүйл ярьж байна. Мөн хөдөө сумдад улстөржилт их байгаа учраас үүнийг багасгах хэрэгтэй гэсэн санал гаргасан. Шударга байдлыг иргэд хүсэмжилж байна.

-Сумдад байгаа улстөржилтийг бууруулах боломжтой юу. Ямар шийдэл байна вэ?

-Холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах замаар зохицуулах боломж байгаа. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль гэж байгаа. Энэ хуульд өөрчлөлт оруулах төсөл явж байгаа. Жишээлбэл, сумын иргэдийн төлөөлөгчид нэр дэвших хүн намаас дэвшихгүй, зөвхөн бие дааж дэвшинэ гэсэн заалт явж байгаа. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд намын бүлэг байхгүй болох гэсэн асуудал яригдаж байгаа. Энэ хуульд иргэдийнхээ саналыг тусгах санал оруулна.

Мөн иргэдийн зүгээс гүний усны асуудлыг их хөндөж ярьж байна. Засгийн газрын ирэх дөрвөн жилийн хөтөлбөрт “Орхон гол”, “Хэрлэн гол” гэсэн төсөл тусгагдсан байгаа. Энэ нь Хэрлэн, Орхон голуудыг үерлэсэн үед усыг нь нөөцөлж аваад, говийн бүс рүү татах төсөл юм.

-Сумдаар явсан ажлын дүнгийн хурал болж өнгөрлөө. Хуралд юу юу яригдав?

-Өнөөдөр тойргоор ажилласан дүнгээ хэлэлцэж байна. Иргэд, сумдаас гарсан санал хүсэлтийг зохих түвшинд нь шийдэхээр боллоо. Мөн Улсын Онцгой комисс ирэх гэж байгаатай холбоотойгоор бид бэлтгэл ажлаа хангах, санал хүсэлтүүдээ нэгтгэлээ. Мөн төрийн болон төсөвт байгууллагын өмнө тулгамдсан асуудал, өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн байдал, ард иргэдийн санал, шийдвэрлэвэл зохих асуудлыг аймгийн удирдлагуудад уламжлан, улс, орон нутгийн төсөвт оруулах боломж шийдлийн талаар санал солилцлоо.

-Өмнөговь аймгийн алслагдсан сумдад ямар асуудал тулгамдаж байна?

-Манай аймгийн баруун талын алслагдсан гурван сумдад тог, цахилгааны найдвартай эх үүсвэр шаардлагатай байгаа. Одоо бол БНХАУ-аас цахилгаан, эрчим хүчээ авч байна. Цаашид аймгаас цахилгаан холбох хүсэлт гаргаж байгаа. Мөн дээрээс нь манай аймгийн хамгийн алслагдсан сум болох Гурвантэс рүү аймгийн хөрөнгөөр засмал зам тавьж байгаа. Энэ замын ажлыг хурдан дуусгах гэсэн гол хүсэлтүүд байна.

-Өмнөговь аймгийн хувьд Цагаан хад, Гашуунсухайт боомтууд, нүүрс тээврийн асуудал байнга анхаарын төвд байдаг. Эдгээр боомтуудад байдал ямар байна вэ?

-Эдгээр боомтуудад сая ажиллалаа. Харьцангүй асуудал багатай байна. Монгол, Хятадын хооронд “Ногоон гарц” нэртэй уул уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэх түр журам хэрэгжүүлж байгаа. Энэ нь үйл ажиллагааг хөнгөвчилж өгсөн. Хоногт 1000 орчим автомашин гардаг байсан бол өнөөдөр энэ тоо хоёр дахин нэмэгдсэн. Тийм учраас дараалал багатай байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Со ах(202.179.24.136) 2020 оны 09 сарын 29

Монгол улсад мал нэг их чухал биш болсон. Харин эх нутагтаа монгол хүн маш чухал болсон шүү.

0  |  0
Top