Өнөөдрөөс бүх шатны эмнэлэг үнийн хөнгөлөлттэй эмийн жор бичиж эхэллээ. Өмнө нь хөнгөлөлттэй эмийн жорыг зөвхөн өрхийн эмнэлгүүд бичиж өгдөг байсан бол ЭМДЕГ-тай гэрээтэй Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээтэй бүх шатны эмнэлгийн эмч хөнгөлөлттэй үнийн эмийн жор бичиж байгаа юм.
Түүнчлэн үнийн хөнгөлөлттэй эм олгох эмийн сангуудад урьдчилсан төсөв хуваарилахгүй бөгөөд гүйцэтгэлээр нь санхүүжүүлэх учраас иргэд хөнгөлөлттэй эм авах гэж дугаарлах шаардлагагүй болж байна.
Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь өнөөгийн байдлаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны 24 дүгээр тогтоолоор баталсан үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалтыг мөрдөн ажиллаж байгаа бөгөөд уг жагсаалтад багтсан 170 ерөнхий нэршлийн 812 худалдааны нэршлийн эмийг даатгалын байгууллагатай гэрээ бүхий 1026 эмийн сангаар дамжуулан 20-93 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байна.
Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн хөнгөлөлтийн үйлчилгээнд 2010 онд давхардсан тоогоор 380 мянган даатгуулагчдад 2.0 тэрбум төгрөгийн зардлыг зарцуулж байсан бол 2019 онд дээрх үйлчилгээнд давхардсан тоогоор 1,5 сая даатгуулагчдад 40.6 тэрбум төгрөгийн зардлыг зарцуулсан. Энэ нь 2010 онтой харьцуулахад эмийн үнийн хөнгөлөлт авсан даатгуулагчдын тоо ойролцоогоор 7 дахин, нийт санхүүжилт 20 дахин өссөн үзүүлэлттэй байна.
Манай улсад коронавируст халдвараас шалтгаалсан нөхцөл байдалтай холбоотойгоор иргэд даатгуулагчдын хөнгөлөлттэй эм худалдан авах хэрэгцээ ихээр нэмэгдэж, эмийн үнийн хөнгөлөлтийн жор бичилт энэ оны 4-р сард эрс нэмэгдээд байна.
Тухайлбал хөнгөлөлттэй эмийн жор бичүүлж буй даатгуулагчдын тоо 2020 оны 2-р сарын сүүлийн долоо хоногт улсын хэмжээнд 23.3 мянга байсан бол 3-р сарын сүүлийн тав хоногт 53.4 мянгад хүрч 2,3 дахин нэмэгдсэн байна.
Эрүүл мэндийн даатгалын байгууллагын хяналт шалгалтаар зарим өрхийн эмч нар даатгуулагчийн онош, насанд тохироогүй эм бичих, өндөр үнэтэй эмийг нэг хүнд болон гэр бүлийн гишүүдэд их хэмжээгээр бичих болон ижил найрлагатай эмийг давхардуулан бичсэн зэрэг зөрчил гаргасан байна.
Мөн зарим эмийн сан дээрх зөрчилтэй жороор эм олгосон, эмийн нөөцөө хангаагүйн улмаас даатгуулагчдыг буцаасан, даатгалын санхүүжилтийг олгосон хэдий ч сарын эхэнд орж ирээгүй гэх шалтгаанаар иргэдийг төөрөгдүүлсэн, эмийн үнийн дээд хязгаарыг хэтрүүлсэн, өрхийн эмчтэй үгсэн хуйвалдах зэрэг хууль бус зохисгүй үйлдлүүдийг удаа дараалан гаргаж, эмийн үнийн хөнгөлөлтийн хүртээмжийг улам бууруулж байна.
Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь улс оронд үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан эмийн үнийн хөнгөлөлтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, даатгалын санхүүжилтийн дутагдлыг шийдвэрлэх талаар холбогдох байгууллагуудтай хамтран ажилласны үр дүнд энэ оны 4-6 дугаар сард эмийн үнийн хөнгөлөлтийн төсвийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, уг нэмэгдэл төсвийг тухайн аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бүх эмийн сангуудад ижил хэмжээгээр хуваарилах зарчим баримтлан, төсвийн сарын шинэчилсэн хуваарийг баталлаа.
Эмийн үнийн хөнгөлөлтийн төсвийг нэмэгдүүлсэнтэй холбоотой өрх сум тосгоны эрүүл мэндийн төвүүд болон даатгалын гэрээ бүхий эмийн сангууд нь нийгмийн хариуцлагаа ухамсарлан даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх, эмийн үнийн хөнгөлөлтийн үйлчилгээг иргэд, даатгуулагчдад тэгш, хүртээмжтэй, чирэгдэлгүй хүргэх үүднээс дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллах талаар чиглэл хүргүүлээд байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )