-Үхэл, сэхлийг дэнсэлдэг эрүүл мэндийн салбарын “ДАРАЛТ” тогтворгүй байна-
Ахмад настан “Э” хоёр жилийн өмнө цус харваж, асаргаанд орсон. Үр хүүхэдгүй, ханилсан хань нь олон жилийн өмнө бурхан болсон түүнийг эгч, дүүс нь эргэн тойрч, эм танг нь дөхүүлдэг аж. Түүний тэтгэвэр 400 мянган төгрөг бөгөөд ихэнхийг нь даралт, харвалтын болоод цус шингэлэх эмэнд зарцуулагддаг гэнэ. Өрхийн эмнэлгээр зарим эмээ хөнгөлүүлдэг ч зарим эмийг нь заавал дүүргийн эмнэлэгт очиж, бичүүлэх шаардлагатай болсон байна. Энэ нь долдугаар сарын 1-нээс хөнгөлөлттэй эмийн жагсаалт, түүнийг олгох журам шинэчлэгдэн батлагдсантай холбоотой. Төрийн энэхүү шийдвэр гэр, эмнэлэг хоёрын хооронд арайхийж явдаг “Э”-гийн хувьд бүтэшгүй зүйл болжээ.
Тэрбээр “Дүүргийн эмнэлэг рүү явах, дараалалд удаан зогсох гэдэг миний хувьд хэт хол сонсогдож байна. Эмийн тусламжтайгаар өдөр хоногийг өнгөрөөдөг над мэтийн хүмүүст улам л хатуу ханддаг боллоо, төр засаг. Хүн бүл цөөтэй, хэдэн ахмад настнуудаа байдаг гэдгийг мартсан юм уу, эсвэл хурдхан “явуулах” замаа хайж байгаа ч юм уу мэдэхгүй байна” хэмээн халаглаж байв.
Энэ мэт шалтгаанаар зайлшгүй уух ёстой эмээ хөнгөлүүлж чадалгүй, тэтгэврийн хэдэн төгрөгөө тэмтэрч, түрийвчээ хоослож буй олон ахмад бий. Тэтгэврийнх нь мөнгө нэмэгдээгүй байтал авдаг эм, амиа зогоодог хүнснийх нь үнэ өдөр бүр өссөөр...
Эрүүл мэндийн сайдын шинэ тушаалаар даатгалын сан 30 хувийг хөнгөлж, иргэд 70 хувийн төлбөрөө төлж эмээ худалдан авдаг болов
Эрүүл мэндийн сайд Үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай 590 нэр төрлийн эмийн жагсаалтыг шинэчлэн батлахтайгаа зэрэгцэн бас нэгэн шийдвэр гаргасан нь 70 хувийн хөнгөлөлттэй олгодог байсан эмийг 30 хувь хөнгөлөх болгосон өөрчлөлт байсан юм.
Өмнө нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 70 хувийг хөнгөлж, иргэд 30 хувиа төлснөөр эмээ худалдан авдаг байсан бол Эрүүл мэндийн сайдын шинэ тушаалаар даатгалын сан 30 хувийг хөнгөлж, иргэд 70 хувийн төлбөрөө төлж, эм худалдан авдаг болсон. Энэхүү шийдвэрээ зөөллөх үүднээс “Эрүүл мэндийн даатгалын сангаас тархины саажилт, уналт, таталтын эсрэг эмийг 0-19 насны хүүхдэд 100 хувь хөнгөлнө” хэмээн мэдэгдсэн нь бий. Гэвч бодит байдал дээр энэ шийдвэр биелэлээ олж чадахгүй байгаа талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан аравдугаар сарын 18-нд өгсөн мэдээлэлдээ дурдсан юм.
Тэрбээр “Эрүүл мэндийн салбарт мөрдөгдөх ёстой хууль, дүрэм хангалттай биелэлээ олж чадахгүй байна. Тодруулбал, хөнгөлөлттэй үнээр олгогдох зарим эмийг хил гааль хаалттай байсан гэх шалтгаанаар оруулж ирээгүйн улмаас эрдэнэт хүний амь нас эрсэдсэн тохиолдол гарсан. Тэр дундаа уналт, таталтын үед зайлшгүй уух ёстой эмийн нөөцийг хангалттай бэлтгээгүйн улмаас 50 орчим хүүхэд хорвоог орхисон байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эхчүүдийн зүгээс уналт, таталтын эмийг 100 хувь хөнгөлөхгүй байгаагаас гадна олдоц муу байгаа талаар байнга гомдол ирүүлж байна. Ямар шатанд алдаа байгааг бид шалгах болно” гэж мэдэгдсэнийг энд онцолъё.
ЭНЭ ТАЛААР "ТВ8" ТЕЛЕВИЗИЙН "ТОЛЬ" МЭДЭЭЛЛИЙН ХӨТӨЛБӨР
ДАРААХ СУРВАЛЖИЛГЫГ БЭЛТГЭЖЭЭ
“ХӨНГӨЛӨЛТ” нэрийн дор халхлагдаж буй бас нэг асуудал нь хувь хэмжээ өөрчлөгдсөн явдал юм. Жишээлбэл, артерийн даралт бууруулах 33 мянган төгрөгийн үнэтэй “Энап” гэдэг эмийг өмнө нь 70 хувь хөнгөлүүлж, 10 мянган төгрөгөөр авдаг байсан бол одоо 23 мянган төгрөгөөр худалдан авдаг болсон гэсэн үг. Энэ мэт үнийн зөрүү Хөнгөлөлттэй эм худалдан авдаг иргэдийн хувьд бодит дарамт болж байна.
ДАН ИРГЭД ГЭЛТГҮЙ ЭМИЙН САН, ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ЭМЧ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД Ч АСУУДАЛ НЭМСЭН ТАЛААР ЭХ СУРВАЛЖУУД ЯРЬЖ БАЙЛАА
“Нью Хурд” эмийн сангийн эм зүйч Э.Долгормаа “Хөнгөлөлттэй эмийг ихэвчлэн ахмадууд авдаг. Есдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн шинэ журмаар эмийн хөнгөлөлт өөрчлөгдсөн. Гэвч ахмадууд энэ талаар мэдээлэл дутмаг байна. “Өмнө нь авдаг байсан үнээрээ авах гээд мөнгөө тааруулаад ирэх, эмийн үнээ нэмлээ гэж загинах, бүх эмээ авч чадахгүй байх” зэрэг олон бодит асуудал, өдөр бүр гарч байгаа. Бүр зарим эм Хөнгөлөлттэй эмийн жагсаалтаас хасагдсан. Үүнийг иргэд мэдэхгүй “Хөнгөлөх ёстой” гэж шаардаж байна. Заримдаа их хэцүү байдаг” гэлээ.
“Оранж” эмийн сангийн эм зүйч Б.Солонго: “Нийгэм маш их бухимдалтай болсон. Үнийн өөрчлөлт, хөнгөлөлтийн хувь хэмжээнд угаасаа дургүйцлээ илэрхийлж байгаа. Ямар ч хүн халааснаас нь гарч байгаа мөнгө нэмэгдэхээр уурлах л байх. Эрүүл хүн эм уух шаардлага байхгүй шүү дээ. Өвчин, зовлонтой хүмүүс бухимдахаас яахав” гэж ярилаа.
Эмийн сангуудыг ийн “хашрааж” буй энэ асуудал анхан шатны эмнэлгийн байгууллага дээрээ ямархуу байгааг сонирхов.
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 5-Р ХОРООНЫ ӨРХИЙН ЭМНЭЛЭГ. Тус газраар үйлчлүүлэгчдийн багагүй хувь нь “Хөнгөлөлттэй олгогддог эм”-ийн асуудлаар ханддаг аж.
Биднийг очиход эмээ бичүүлэхээр дугаарлаж буй 2-3 иргэн байсан бөгөөд тэд шинэ журманд сүжиг муутай байгаа талаараа ярьж байв.
Тэд “Өвчний нэр, оношноос шалтгаалаад нэг хүн 2-4 төрлийн эм зайлшгүй уух шаардлагатай байдаг. Даралт нь ихэсдэг хүн байлаа гэхэд өөх тос зохицуулдаг эм, цус шингэлдэг эмийг хамт хэрэглэдэг. Тэднийг тодорхой хэмжээгээр хөнгөлөх нь бидэнд маш нэмэртэй байсан. Харин шинэ журмаар 30 хувь хөнгөлдөг болсон. Авдаг эмээ өндөр үнээр аваад эхлэхээр амьжиргаанд шууд нөлөөлж байна. Эрүүл мэндийн яам ер нь ямар нэг шийдвэр гаргахаараа шууд гэнэт дуулгадаг. Тэр асуудлаа өмнө нь судлах ёстой. Хэрэв журмыг өөрчилбөл яах вэ. Иргэдийн нуруун дээр хэр дарамт болох вэ. Амьдрал ахуйтай нь хэр нийцэх вэ зэргийг тогтоосныхоо дараа шийдвэрээ гаргаж баймаар байна.
Ковидтой холбоотойгоор бүх юмны үнэ өссөн. Одоо гурил, будааны үнэ өсч байна. Өвчтэй хүний амин зуулга болсон заавал хэрэглэх ёстой эмийн үнэ нэмэгдчихээр бид яаж амьдрах вэ. Мөн даралттай хүн Өрхийн эмнэлэг дээрээ даралтын эмээ бичүүлчихээд, дүүрэг орж, цус шингэлэх эмээ бичүүлэх юм уу. Ёстой утга авцалдаагүй юм” гэж бухимдлаа илэрхийлэв.
Харин тус өрхийн эмнэлгийн эмч “Өмнө нь 70 хувь хөнгөлөгддөг байхад үнэхээр нэмэртэй байсан. Одоо ихэнх эмийг 30 хувь хөнгөлж байгаа. Түүнийгээ дагаад үнийн асуудал байнга яригдаж байна. Түүнчлэн бид өмнө нь бүх хөнгөлөлттэй эмээ бичиж өгдөг байсан бол одоо зарим эмийг дараагийн шатлалын буюу нарийн мэргэжлийн эмч нар бичдэг болсон. Манай программ дээр гарч ирэхгүй гэсэн үг. Тухайлбал, хүчтэй антибиотик, үе мөчний өвдөлт намдаах, цус шингэлэх эмүүд, олон найрлагатай зарим нэг даралтын эм гэх мэтийг дараагийн шатлалын эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар бичнэ. Ер нь салбар яам энэ журмыг дахин шинэчлэн батлахдаа анхан шатны байгууллага, өвчтөнтэй тулж харьцаж буй биднээс судалгаа хийж, мэдэгдэж байвал илүү бодит шийдвэр болмоор юм.
Хөнгөлөлттэй эмийн шинэ жагсаалтаас зарим эмүүд хасагдсан.
Иргэд их авдаг болохоор уу, эсвэл эрүүл мэндийн даатгалын сан нь алдагдалтай ажлаад байгаа болохоор тэр юм уу, сайн мэдэхгүй байна. Байнга уудаг эмүүд нь хасагдсанд иргэд маш их бухимдаж байгаа. Бидэнд тэр уураа гаргана.
Бид дээд байгууллагаасаа гаргасан тушаал, шийдвэрийг дагах үүрэгтэй.
Түүнчлэн иргэд дүүргийн эмнэлэгт очиж, эм бичүүлэх асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаа. Дүүргийн эмнэлгийн дараалал ямар байдаг билээ. Цаг захиалахаар бараг сарын дараа байдаг. Гэтэл энэ хүмүүс сар эмгүй байж чадахгүй.
Мөн хөнгөлөлттэй эмийн жагсаалтад онцын шаардлагагүй зарим эмнүүд орсон байдаг. Тодруулбал, 3-5 ширхэгээр нь хөнгөлдөг эмнүүд бий. Тэрийг иргэд угаасаа бичүүлдэггүй. Хоёрын хооронд 5-6 ширхэг эм бичүүлж байхаар ижил үйлчилгээтэй олон ширхэгтэй эм бичүүлье гэдэг. Тэгэхээр яг хэрэгцээтэй эмүүдээ хөнгөлөлтөдөө оруулмаар байна.
Бид ийм асуудлыг дээд байгууллагууд руугаа уламжилдаг, тодорхой хариу шийдвэр гардаггүй. Ахмадууд минь тэтгэврийн хэд маань эмэндээ л дуусчих юм гэдэг” хэмээв.
ЭНЭ ТАЛААР "ТВ8" ТЕЛЕВИЗИЙН "ТОЛЬ" МЭДЭЭЛЛИЙН ХӨТӨЛБӨР
ДАРААХ СУРВАЛЖИЛГЫГ БЭЛТГЭЖЭЭ
Эмч болоод иргэдийн ярианд “судалдаггүй, сонсдоггүй, амьдралгүй” гэх үгнүүд олон давтагдаж байна. Үүнээс анхан шатны байгууллагынхаа санаа бодлыг сонсдоггүй, ард иргэдийнхээ амьдралын түвшинг тооцоолдоггүй Эрүүл мэндийн яамтай юм байна гэх дүгнэлт гарна.
Ер нь яагаад өмнө нь 70 хувиар хөнгөлж болоод байсан эмийг одоо гэнэт 30 хувь хүртэл буулгах болов. Салбар яам үүнийг хил гааль хаагдсан, долларын ханш өссөн гэх мэтээр олон нийтэд тайлбарлаж байгаа. Гэхдээ тэдний энэхүү шалтгаанууд үнэхээр байгаа юм бол харин ч эсрэгээрээ бодлогоо тогтвортой байлгах хэрэгтэй биш гэж үү.
Нөгөөтэйгүүр, ард түмний ачааг хөнгөлдөггүй “Хөнгөлөлттэй эмийн жагсаалт” гэгчийн дор эмийн наймааны бизнес явж байна уу, үүнд салбар яам хамаатай юм биш үү гэх хардлагыг ч төрүүлж байгаа юм.
Үхэл, сэхлийг дэнсэлдэг эрүүл мэндийн салбарын “даралт” тогтворгүй, эрүүл мэнд нь эрүүл биш байхаар бид юунд итгэж найдах вэ.
Саруулаар сэтгэж, хөдлөшгүйгээр оршин тогтнох учиртай эрүүл мэндийн яам сошиалаар ажилладаг, ховоор шийтгэдэг, итгэл алддаг газар бүү болоосой.
Сэтгэгдэл ( 4 )
насан туршдаа эм уух заалттай хүмүүст гол анхаарлаа хандуулмаар хэсэг хугацаанд уух ч яахав гэхэд бас л хэцүү хил хаана хаагаад эм өсөх болгов харин ч нээгээд ачаалал хөнгөрөөд байна гээд л ЗГ мэдээлэх юм. хууль зөрчин хуруу уншуулж эм бичдэг эмийн хөнгөлөлтийг судалгаа сайн хийж ЗГ шийдмээр байна Сайд чдээ чааваас олны хараал идээд унах л болж байх шиг байна.
Настангуудын тэтгэвэр олигтой нэмэгдээгүй шүү. 150,0₮ нэмэгдсэн нь хамгийн өндөр нь байх. Хоёрын хооронд 40,0-50,0 м/₮ нэмэгдсэн нэртэй тэгшитгэж бгаа нь буруу хувилбар болсон. Эм нь хүртэл хөнгөлөлттэй байснаа бүр нхэмэгдээд энэ талаар бодит судалгаа хийсэн эсэх нь эргэлзээтэй. Бас хажуугаар нь юмны үнэ өсөөд хүрэлцэхгүй болсон. Ямар судалгаа, тооцоо хийсэн, яасан ийсэн нь мэдэгдэхгүй нэг хүүхдээр сайд тавьж шийдвэр гаргуулчихаад нөгөөх нь өөрчлөгдөөд хариуцах эзэнгүй болсон. Ингэж ахмадуудаа хохироож болохгүй шүү залуус аа. Дараа нь та нарын үе ирж энэ зовлонг амсах бий вий.
ковидын дараахь иргэдийн өвчлөл их байна, зүрхээр нь өвдөж эхлээд л 2-7 хонгийн дотор нас барах нь насны ялгаваргүй нэмэгдэж байна, нэгэнт ковидын вакцин гэх ямар үйлчилгээтэй нь мэдэгдэхгүй найрлаг бүхий уусмалыг хүний биед хүчээр шахаж чадсан юм, араа дааж одоо хүндрэл өгөөд байгаа цус өтгөрөөд байгаа түүнээсээ болодд төрөл бүрийн зүрхний өвчлөлийн шинж тэмдэг, суурь өвчний сэдрэлт өгөөд байна, судлах хэрэгтэй, бодлого барьдаг яам ийм харанхуй гүлдийж явах нь гэмт хэрэг, ерөнхий сайд ч өөрөө уриалж хийлгэсэн, одоо эрүүл мэндийн салбартаа гол анхаарлаа хандуулах нь зөв
хөнгөлөлттэй эмийн жагсаалт, олгох журамыг ямар дуракууд нь баталдаг бана аа ??? амьдралаас хол тасархай хоол хороогчид бх юм