Батырхан Ерханат: Уяачдын хөдөлмөрийг үнэлсэн хууль хэрэгтэй байна

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 23

Өвлийн дунд  сар гарч, ес эхэлсэн энэ үед орон нутагт зарим газраар өвөлжилт хүндэрчээ. Зундаа гантай, гандуу байсан аймгуудад бэлчээрийн даац хэт хэтэрсэн, мал тарга хүч дутуу авсан, ус хүрэлцээгүйн улмаас бэлчээр хайн, отор, нүүдэл хийж яваа малчин олон байна. ММСУХ-ноос оторчид, уяачидтай уулзаж, өвөлжилттэй танилцаж байгаа.

Бидний уулзсан малчин, уяачдын бодол ирэх жилийн наадамд хандаж, яавал элдэв маргаангүй зохион байгуулдаг болох талаар санал бодлоо хуваалцаж байлаа. Ихэнх нь эрлийз, монгол адуу гэсэн маргаан наадмыг будилаантуулж байгааг өгүүлж, уяачийн бүтэн жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад харамсаж байгаагаа илэрхийлж байв. Бүтэн жил тэжээж, сойсон морио наадамд аваад очихоор янз бүрийн шалтгаар хасчихдагт гомдолтой хүн олон байв. Энэ бүх маргааныг таслах ганц арга нь Үндэсний наадмын хууль, дүрэм, журмаа батлах гэж ярьж байлаа.

Бид энэ талаар Баян-Өлгий аймгийн уяачдын холбооны нарийн бичгийн дарга Батырхан Ерханаттай уулзаж, тодруулсан юм.

-Олон уяачтай уулзаж ярилцахад уяач хүний хөдөлмөрийг үл тоон, үнэгүйдүүлж байна гэж хэлж байна. Холбооны нарийн бичгийн даргын хувьд та ямар байр сууртай байдаг вэ?

-Удахгүй УИХ-аар Үндэсний баяр наадмын тухай хууль хэлэлцэх байх. Энэ хуульд уяачдын эрх ашгийг хамгаалсан заалтууд оруулмаар байна. Уяачдын ажил бол их хүнд ажил хөдөлмөр байдаг. Ихэнх нь малчин хүмүүс шүү дээ. Тэдний ар талд туслах уяач, унаач хүүхэд гээд олон хүн байдаг. Зарим нь цалин хөлсгүй явж л байдаг. Морь уях бол бүтэн жилийн хөдөлмөр. Манай Баян-Өлгий аймгийн хувьд морь уядаг хүмүүс нь одоо уях морио хашаандаа тэжээлдээ оруулчихсан, өвлийн бэлтгэл ажилдаа орсон байгаа. Хурдан морийг өвлийн цагаас уяж, тарга хүчийг нь тааруулж, наадамдаа бэлтгэдэг. 2019 онд Уяачдын холбооны 7-р их хурал болсон. Энэ хурлаар сэрвээний асуудлыг нэлээд тодорхой тусгаж өгсөн. Яг энэ стандартын дагуу уралдъя гээд уяачид маань өөрсдөө тохироод, гараа өргөөд баталсан байдаг. Үүнийхээ дагуу тэд морь малаа уяад явж байгаа. Зарим том уяачид эрлийз морь оруулж ирж байгаа асуудал байгаа. Гэхдээ тэр нь сэрвээний хэмжээндээ багтаж байвал уралдах ёстой, уралдаж ч байгаа. Уяачид ер нь сэрвээндээ таарч байгаа морио л уядаг. Гэтэл сэрвээ өндөр гээд хасахаар уяачдын хөдөлмөрийг үнэгүйдүүлж байна гэсэн үг. Уяачийн хөдөлмөр маш хүнд. Үүнийг хуульдаа тусгаад өгвөл уяачид маань ажил төрлөө эрхлэхэд ч амар болох юм. Цаанаа туслах уяач, унаач хүүхдийн хөдөлмөр байгаа шүү гэдгийг хэлмээр байна. Өвлийн ийм хүйтэнд адуу малын тарга тэвээрийг тааруулах, уях маш хэцүү ажил. УИХ энэ бүхнийг харж үзээсэй, уяачдын маань хөдөлмөрийг үнэлсэн хууль баталж өгөөсэй гэж хүсэж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.184.12) 2020 оны 12 сарын 25

уяачдын хөдөлмөрийг яагаад төр үнэлэх гэж, уяачын хөдөлмөр гээд байгай чинь улсад, төрд хийж өгч байгаа ажил биш, өөрийнхөө амьдралын төлөө л хийж байгаа малчины хөдөлмөр ш дээ, аягүй бол уяачид төрийн албан хаагчид болоод дуусах юм байна л даа

0  |  0
ganaa(83.251.94.194) 2020 оны 12 сарын 24

huviaraa erhelj bgaa ajil biz dee mori yah chin . yu gd soliorood bnaaa

0  |  0
(139.5.217.23) 2020 оны 12 сарын 23

ZA YAMAR ARABIN EMIRAT BISHDEE,ENE HUN HAANA NISEED BAINAA

0  |  0
Top