Х.Мадет: Морь уях хүнгүй болж магадгүй болоод байна

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 05

Ирэх жил Ардын хувьсгалын 100 жилийн ой тохионо. Бүтэн зуунд ганц тохиох энэхүү тэгш ойн баяртаа хүчит бөхчүүд, хурдан морь уяачид, эрхий мэргэн харваачид маань бэлтгэж эхэлжээ. Харин энэ том баяр наадмыг хэрхэн зохион байгуулах бол гэдэг тэдний санааг зовоож байгаа том асуудал юм. Учир нь өнгөрсөн наадмын хурдан морины уралдаан асар их маргаан дагуулсан. Дахин ийм будилаан гаргахгүйн тулд Үндэсний их баяр наадмын тухай хуулиа шинэчилж, дүрэм, журмаа тодорхой болгох шаардлагатай.

Уяачид энэ талаар ямар бодолтой байдаг талаар бид Баян-Өлгий аймгийн Алдарт уяач, тус аймгийн Морин спорт, уяачдын холбооны тэргүүлэгч гишүүн Х.Мадеттай уулзаж, ярилцлаа.

-Хүч хөдөлмөр гаргаж, уясан хүлгээ янз бүрийн шалтгаанаар хасуулсан олон уяач өнгөрсөн наадмаас гомдолтой буцсан.

-Тиймээ, тэр бол үнэн. Маргаантай зүйл их байсан. Нэгдүгээрт, сэрвээ гэж хаагуур нь яг үзэх ёстой гэдэг байна. Зарим нь хойшоо, зарим нь урагш тавиад байх юм. Морио хасуулсан уяачдын гомдлыг нэг мөсөн барагдуулахын тулд энэ асуудлыг шийдэх цаг хэдийн болчихжээ. Хоёрдугаарт, өвчин зовлон гараад ноднингоос хойш морь уяхад хэцүү болсон, зарим уяач бүр уяж, сойхоо болиод эхэлсэн. Ингэсээр байгаад сүүлдээ монголчууд маань морь уяхаа бүр болих юм болов уу гэж бодогдох боллоо. Хаврын уралдааны асуудлыг бас бодох шаардлагатай байна. Олон хүн цуглуулахгүй, яг ингэж зохион байгуул гэх юм бол малчид, уяачид маань үг сонсдог, мэдлэгтэй хүмүүс байна, болно шүү дээ. Өмнө нь Хүүхдийн байгууллагаас унаач хүүхдүүдийг нас, хүйсээр нь ялга, жижиг хүүхдийг унуулахгүй гэж байсан. 16 настай хүүхэд унах ёстой гэхээр паспорт авсан хүмүүс морь унаж, уралдах хаашаа юм. Бас 7 нас, 12 нас гээд ангилал гаргасан байсан. Энэ бүх асуудлаа шийдэх цаг нь болжээ. Баян-Өлгий аймгийн уяачдаа төлөөлж хэлэхэд одоо малчид, уяачдаа харах, хандах цаг нь болжээ гэж боддог.  

-Морь уяхад хүнд, хэцүү болжээ дээ.

-Морь уяна гэдэг хүнд хөдөлмөр. Морь гэдэг адгуус юу хүсээд байгааг тэр болгон уяач нар мэдэхгүй шүү дээ. Морио нарийн харж, ажиглаж, уяа тохирсон эсэхийг ойлгож, яаж засах хэрэгтэй, яавал морь нь түрүүлж, айргийн тавд давхих юм байна гэдгийг ойлгох, мэдрэх уяачдын мэдлэг бол агуу юм. Нөр их хөдөлмөр, олон жилийн туршлага мэдлэг. Энэ бүхнийг ойлгох хэрэгтэй. Сүүлийн үед уяачдыг луйварчин энэ тэр гээд сөрөг, муу муухайгаар дууддаг боллоо. Уг нь нэг талаас бодоход уяачид бид чинь энэ төр нийгэм, тэр наадмыг дэвжээж, баясуулж цэнгүүлж байгаа улсууд шүү дээ. Нөгөө талаас өв соёлоо авч яваа хүмүүс. Тэднийг сайн талаас нь харах цаг болжээ. Хүндрэлтэй юм зөндөө л байна. Гэхдээ яах вэ. Уяачид бид нэгэнт морь малдаа дуртай, хийж байгаа зүйлдээ орчихсон хүмүүс болохоор гомдоллоод олон юм ярьдаггүй.

-Гэхдээ та бүхний хөдөлмөрийг үнэгүйдүүлээд байна шүү дээ.  

-Уяачдын хөдөлмөрийг үнэлэх, харах цаг үнэхээр боллоо. Гэтэл сүүлийн үед бүр үгүйсгэдэг болоод байгаа. Эхлээд хүүхдийн байгууллагаас уяачид ингэлээ тэглээ гээд шүүмжлээд эхэлсэн. Сүүлд энэ өвчин зовлон нэрмээс боллоо. Хүмүүс морь уях уу, яах вэ гэдэг болоод байна. Уяачгүй болж мэдэх цаг ч тулаад байна. Би Баян-Өлгий аймгийн Морин спорт, уяачдын холбооны тэргүүлэгч гишүүн хүн. Бидэнд маш их санал гомдол ирдэг. Залуу уяачдадаа “Сайн цаг ирэх байх. Шантралгүй морио уяад, сайн  хөдөлмөрлөөрэй гэж захидаг болоод байгаа.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Das (192.82.74.48) 2021 оны 01 сарын 05

Морь уяахгүй байхад монгол эдийн засаг сүйрэх үү? Хачин юм ярьж бхын

0  |  0
монгол(64.119.22.89) 2021 оны 02 сарын 28

Морь уяхыг одоо бүр өмхий хасагуудаас асуудаг болчоо юу.

0  |  3
Зочин(64.119.24.157) 2020 оны 12 сарын 24

Amjilt husie

0  |  0
(139.5.217.23) 2021 оны 02 сарын 26

UHEED TONILOJ UZ HUJAA MINI ENE DELHIIGEES

0  |  1
Top