Шинжлэх ухаан, технологийн хөгжлөөс эхлээд нийгмийн бүхий л салбарт хөгжил дэвшил асар хурдтай довтолгож явна. Манай үндэсний спортод ч хөгжил дэвшил бий болж, улмаар шинжлэх ухааны ололт амжилт нь өөрөө бататгах болов. Бид л нүүдэлчдийн соёлын нэгэн том өв болох адуу, морины уралдаанаа зохион байгуулж чадахгүй байгаа нь харамсалтай. Хамгийн гол маргаан нь эрлийз хурлийз адуу уралдуулахгүй хэмээн наадам болгоноор хэрүүл маргаан гарч, улмаар малчид, уяачдын бүтэн жилийн хөдөлмөрийг үгүй хийж байна. Сүүлийн 10 гаруй жил уяачид маань адууныхаа цусыг сэлбэж, илүү хурдан, Монголын байгаль цаг уурт тохирсон үүлдэр бий болгон хөгжүүлж байна. Гэтэл баяр наадам болохоор эрлийз хурлийз хэмээн ялгаж салгаж байгаа нь хачирхалтай. Тодотгож хэлбэл, уяачид нь адуу дагасан соёлоо улам хөгжүүлэн дэлгэрүүлж байхад Төр нь бодлогоо гаргаагүй байна. Уяачдын хөдөлмөр төрийн бодлогоосоо хол тасраад явчихаж.
Юуны өмнө эрлийз адуу өөрөө хурдан байхаас гадна хүний оюун санаа, хөдөлмөрөөр бий болдог учраас гойд байдаг гэдгийг уяачид ч хэлдэг, баяр наадам, морин уралдаан ч өөрөө батлан харуулсаар байна. Тэгэхээр нэг зүйлийн тухай эргэн санах, түүх сөхөх хэрэг гарна.
Юу вэ гэвэл эрлийз адуу нь өнөөдөр гэнэт бий болчихсон зүйл биш. Магадгүй хэдэн зууны тэртээгээс эхтэй гэдгийг Монгол Улсын байлдан дагуулалтын түүх өөрөө хэлээд өгнө. Тухайлбал, дэлхийг байлдан дагуулж байсан Чингис хаан, өвөг дээдэс маань Азиас хальж, Европод дайтаж явсан учраас аль өнгөтэй өөдтэй адууг сорчлон авахаас өөр арга байгаагүй. Энэ үеэс л монгол адуу эрлийзэжсэн гэж үзэх бүрэн үндэслэл бий. Аян дайны үед ганц хурдан унаа бол адуу байсан. Тэрэг техникгүй энэ үед адуугаа хурдан, хүчтэй байлгаж гэмээнэ ялалт байгуулна. Тэгэхээр эзэнт гүрний үед адууныхаа цусыг сэлбэж сайжруулж байсан нь ойлгомжтой. Эзэн Чингис хаан Сартуул улсад долоон жил дайтахдаа тус улсын адуун сүргээс дайны олзод авч, цус сэлбэх бүү хэл зүйл болж байсан байж таарна. Энэ мэтчилэн олон улсаас адуу авч, цус сэлбэсэн нь гарцаагүй. Гагцхүү Монгол адууны цөм бүтэц эвдэгдээгүй өнөөдөрт ирсэн нь адуучид, уяачдын маань ухааны асуудал. Энэ нь ямар ч маргаангүй зохицуулагдаж ирсэн зүйл. Дэлхийн хоёрдугаар дайны үед Монгол адууны гүйцэтгэсэн үүргийн талаар бүгд мэднэ. Тэгвэл энэ нь цус сэлбэж сайжруулсан адууны л түүх.
Бүр наашлуулж үзвэл 1939, 1945 оны дайны дараа цэрэг дайны зориулалтаар Донн адууг Монгол адуутай эрлийзжүүлээд тэвчээртэй адуу бий болгохоор Жаргалантын морин зовадыг байгуулсан гэдэг. Гэтэл хөгжлийнхөө явцад тэрэг техник хөгжихөөр армид морь хэрэггүй гэж үзээд Жаргалантын морин зовадыг тараасан байдаг. Тэр үеэс буюу жараад оноос Жаргалант, Батсүмбэрт холимог цустай бага адуунууд Төрийн баяр наадамд хурдалж эхэлсэн түүхтэй. Ийнхүү Жаргалантын морин зовад тарахад шилмэл 200 гүү Морин тойруулгад ирсэн өгсөн төдийгүй 1966 онд Оросоос оруулж ирсэн хэдэн азарганы үр төл гээд Монгол адуу улмаа эрлзийжсэн түүхтэй. Өнөөдөр Донн адууны үр төл зургаа дахь үе дээрээ тасралтгүй хурдалж байгааг ч уяачид өгүүлдэг. Монгол Улсын нэрт уяач Д.Даваахүү бол эрлийз адуу үржүүлж, өнөөдрийн өндөрлөгт гарсан хүн. Түүнийг Донн адууны 200 гүү авч байсан Морин тойруулгын уяач гэдгийг бүгд мэднэ. Монголын цуутай хурдан хүлгүүд болох “Тогоруу халтар”, “Солонго”, “Цавьдар халзан”, “Наран” хонгор, Амгалан төрийн ажнай шарга гээд бүгд цус сэлбэсэн хурдан хүлгүүд юм.
Энэ уламжлал байх ёстой. Бүр цааш дэлгэрч байх учиртай. Ер нь бол зөвхөн энэ тал дээр ч бус бэлчээрийн мал аж ахуй, тэр дундаас адуу дагасан соёлын тал дээр төрийн бодлого үгүйлэгдэж байна. Өвөл уралдахгүй гэж хорих хэрэггүй юм. Монголчууд эртнээсээ өвлийн ид хүйтнээр морио уралдуулж байгаагүй. Хаврын тэргүүн сар гарч, урины үзүүр ирэхээр уралдуулдаг байсан. Хөдөө өссөн залуучууд морио уралдуулахын тулд мал маллаж байна гэхэд хэтийдэхгүй. Гэтэл морио уралдуулахыг нь хааж боогоод байхаар залуус яаж хөдөө амьдрах юм. Хэдэн малаа зараад хот суурин бараадна, мэргэжилтэй мэргэжилгүй, ажилгүй хүн нэгээр нэмэгдэнэ. Ар гэрийн асуудал тулгарна, хөдөө өссөн залуусын ихэнх нь төв суурин газарт амьдарч чадахгүй, учраа олохгүй тохиолдол ч байна. Гэтэл Хятадын харъяанд, хаалттай нийгэмд амьдарч байгаа өвөрмонголчууд дуртай үедээ морио уралдуулаад байхад эрх чөлөөт ардчилсан Монгол Улс яагаад морио уралдуулж болохгүй байгаа юм гэдгийг ч хөндөх л асуудал. Адуу, адуу дагасан соёлыг устгах гэсэн харийн бодлого ч нэгэнт бодитоор нүүрлэж байхыг үгүйсгэхгүй цаг үед амьдарч байна.
Үүний нэгээхэн жишээ нь Монгол өв соёлыг устгаж байна, тусгаар тогтнол хөндөгдөж байна гэх асуудал ярьж байгаа юм. Бүх зүйл хөгжлийнхөө шатанд өөрчлөгддөг. Дээр үед майхан бариад, морио хөтлөөд наадамд ирдэг байсан цаг өнгөрсөн. Одоо цагт уламжлал гээд майхан бариад суух нь зүйд нийцэхгүй. Гадна дотны зочин ирэхэд шороо бужигнуулаад майханд угтаж болохгүй. Гадны жуулчид ирэхэд Монгол ахуйгаа таатай орчинд сурталчлаад сууж байх учиртай.
Үүнээс гадна адуу зөвхөн байгалийн өвс идээд уралддаг байдал 2000 оноос хойш байхгүй болж, мэргэжлийн түвшинд нэгэнт хүрчээ. Морь уяаны ажилд шинжлэх ухаанчаар хандаж байна, эрдэс бодис нөхөхөөс эхлээд олон зүйл бий. Энэ бол моринд тулгуурлан хөгжиж байгаа бас л нэг том соёл шүү дээ. Энэ бүгдээс харахад адуу, морины уралдаан уламжлал дээрээ суурилаад хөгжих ёстой гэдгийг төвөггүйхэн харж болно.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
яг юу гээд байгаа нь ойлгомжгүй, гарчиг нь бүүр балай, ямар ч гэсэн морь хүүхдийн яргачдын талын хүн бичсэн бололтой
За даа баяр наадмыг ч одоо нэг их хөгжил, соёлын бодлого гэж үзэх үү? Хувь айлын нэр алдар, уламжлал тал руугаа илүү дөхөх биш үү? Тэгээд ч түмэн янзаар төрөөс угжуулж байгаа малчид өсөлт хөгжилтийн тухай яриад хэрэг байна уу? Харин хувьдаа гарч байгаа өсөлт хөгжилтөө өөртөө зөв шингээн, өөрсдөө төлөвших нь илүү чухал.