Нүүрс, зэсийн экспорт БУУРЧЭЭ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 01 сарын 07

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2020 оны арваннэгдүгээр сарыг дуусталх хугацааны гүйцэтгэлээр 11741.8 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.1 хувиар буюу 897.6 сая ам.доллароор буурчээ. Экспорт, импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 1968.5 сая ам.доллароор эерэг гарсан гэж Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

Монгол улс 2020 оны арваннэгдүгээр сарын байдлаар дэлхийн 149 улстай худалдаа хийснээс 73 улсад бараагаа экспортолж, 142 улсаас гарал үүсэлтэй барааг импортолсон байна.

Экспорт 6855.1 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 200.4 сая ам.доллароор буюу 2.8 хувиар буурчээ. Төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, жонш, молибдены  баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь эрдэс бүтээгдэхүүний экспортын 96.2 хувь, нийт экспортын 66.7 хувийг эзэлж байна.

 

ТОО ХЭМЖЭЭНИЙ ХУВЬД БУУРАЛТТАЙ ЭРДЭС БҮТЭЭГДЭХҮҮН

Чулуун нүүрс: 2002.9 сая ам.долларын 27.0 сая тонн экспортолсныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал үнийн дүнгээр 941.0 сая ам.доллароор, тоо хэмжээний хувьд 7.8 сая тонноор тус тус бага байна. 2019 оны мөн үед 1 тонн нүүрсний хилийн дундаж үнэ 84.6 ам.доллар байсан бол энэ онд 74.2 ам.доллар болж 10.4 ам.доллароор буурсан байна. Чулуун нүүрсний 95.1% БНХАУ руу гаргасан байна.

Түүхий нефть: Тайлант хугацаанд 3562.7 мянган баррель буюу 128.2 сая ам.доллар байгаа нь өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 2435.2 мянган баррелиар, үнийн дүн 206.5 сая ам.доллароор тус тус бага байна. 1 баррель нефтийн хилийн дундаж үнэ 55.8 ам.доллар байсан бол тайлант хугацаанд 36.0 ам.доллар болж 19.8 ам.доллароор буурчээ.

Зэсийн баяжмал:  1256.3 мянган тонн экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 36.4 мянган тонноор бага байна. Өнгөрсөн оны мөн үед зэсийн баяжмалын дундаж үнэ 1292.7 ам.доллар, экспортын үнийн дүн 1671.0 сая ам.доллар байсан бол энэ онд дундаж үнэ 1216.5 ам.доллар, үнийн дүн 1528.4 сая ам.доллар болж тус тус буурчээ.

Жоншны экспорт:  140.1 сая ам.доллар ба 605.5 мянган тоннд хүрч 2019 оны мөн үеийн гүйцэтгэлээс 25.5 мянган тонноор, үнийн дүнгээр 47.1 сая ам.доллароор тус тус буурсан байна. Жоншны 76.6 хувийг БНХАУ-д, 23.1 хувийг ОХУ-д экспортолсон байна.

 

ТОО ХЭМЖЭЭНИЙ ХУВЬД ӨСӨЛТТЭЙ ЭРДЭС БҮТЭЭГДЭХҮҮН

Молибдены  баяжмалын экспорт үнийн дүнгээр 36.4 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.0 сая ам.доллароор буурсан ба тоо хэмжээний хувьд 5705.8 тонныг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 516.6 тонноор их байна. Тус бүтээгдэхүүний нэг тонны экспортын хилийн дундаж үнэ 8750.6 ам.доллароос 6387.6 ам.доллар болж, 2363.0 ам.доллароор буурсан нь үнийн дүнгээр буурахад нөлөөлсөн байна. Молибдены баяжмалын 84.8 хувийг БНХАУ, 15.2 хувийг БНСУ –руу тус тус гаргасан байна.

Цайрын баяжмалын экспорт  тайлант хугацаанд 123.4 мянган тоннд хүрч 1 тонныг дунджаар 1234.2 ам.доллароор экспортолсон байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хилийн дундаж үнэ 171.9 ам.доллароор буурсан байна. Цайрын баяжмалын экспорт үнийн дүнгээр 152.3 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 22.9 сая ам.доллароор буурчээ.

Төмрийн хүдрийн экспорт  7.6 сая тонн буюу 585.8 сая ам.долларт хүрсэн байна. Өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлтэй харьцуулахад уг бүтээгдэхүүний экспорт 37.7 мянган тонноор, үнийн дүн нь 66.5 сая ам.доллароор тус тус өсчээ. 1 тонн төмрийн хүдрийн экспортын дундаж үнэ 76.9 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.4 ам.доллароор өссөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top