Эрдсийн зах зээлийн сэргэлтэд бүрэн найдаж болохгүй

2021 оны 01 сарын 08

УИХ-аас хуульчлан баталсан 2021 оны төсөвт уул уурхайн салбараас 3.4 их наяд төгрөг төвлөрүүлэх тооцоолол бий. Тодруулж хэлбэл, эрдсийн экспортын гол хоёр нэр төрөлдөө найдлага тавьж,  42 сая тонн нүүрс, 1.4 сая тонн зэсийн баяжмал экспортод гаргах төлөвлөгөөтэй байна.

Бодит байдал дээр тооцоолол  хөрсөн дээр буухдаа буурах  магадлал өндөр, ялангуяа нүүрсний экспортын тухайд. Хэдийгээр гааль, татварын шинэчлэл болон  “Ногоон гарц”-ын хүрээнд нүүрсний экспорт нэмэгдэх байх гэсэн хүлээлт байгаа ч нөгөө талаас эрсдэл дотоод, гадаад аль аль талдаа байна.

Өнгөрсөн 2020 оны төсөвт мөн л 42 сая тонн нүүрс экспортод гаргахаар тусгасан ч арваннэгдүгээр сарын тооцооллоор 27 сая тонноор хэмжигдсэн үзүүлэлттэй байгаа юм. Түүнчлэн өмнөх оны мөн үеийнхээс нүүрсний орлого 32 хувиар буурсан тааруу мэдээтэй.

Зэсийн баяжмалын экспортын тухайд  арваннэгдүгээр сарын тооцооллоор 1.26 сая тонныг экспортод гаргаж, 1.53 тэрбум ам.долларын орлого олсон нь мөн л буурсан үзүүлэлт. Өмнөх оны мөн үеэс  үнийн дүн нь 8.5 хувиар буурсан  байгаа юм.

Энэ оны төсвийн орлого болон эдийн засгийн төсөөллийг оны өмнө өөдрөгөөр тооцоход хүргэсэн суурь хүчин зүйлсийн нэг нь Оюутолгойн зэсийн баяжмал дахь алтны агууламжийг өснө гэсэн тооцоолол байсан.

Өнөөдрийн тухайд дэлхийн зэсийн зах зээлийн хөдөлгөөнийг харахад түүхэн өсөлтийн үзүүлэлттэй байна. Лондоны металлын биржид  тонн зэсийн фьючерс үнэ 8178 ам.доллар болж өсөөд байна.

Үүнд, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дүн эцэслэгдсэн нь нөлөөлж буйг шинжээчид онцолж байгаа. Ер нь бол 2021 оны зэсийн зах зээл өсөлттэй угтсан. Сүүлийн найман жилийн дээд амжилтыг шинэ он гарсаар тогтоогоод байгаа юм. 

Зэсийн ханшийн хэлбэлзэл БНХАУ-ын аж  үйлдвэрийн салбарын үзүүлэлтэй нягт уялдаатай. Тус улсын  үйлдвэрлэлийн салбарын өсөлт арванхоёрдугаар сарын байдлаар өмнөх сарынхаас буурсан үзүүлэлттэй гарах урьдчилсан тооцоолол гараад байна. БНХАУ-д сүүлийн өдрүүдэд коронавирусний шинэ тохиолдлуудын тоо нэмэгдэж, том хотууддаа хөл хорио тогтоож буй талаарх мэдээллүүд гарч буй нь хүндрэлийн араас өнгийсөн аж үйлдвэрийн салбарт нь дахин асуудал дагуулах уу гэдгийг ч шинжээчид бичиж байна.

Зэсийн экспортоос төсөвтөө 1.5 их наяд төгрөгийн орлого олохоор тооцсон манай тухайд энэ мэт болзошгүй эрсдэлүүд өндөр, төсвийн орлого тасалдах магадлал байгаа учраас зардлын эрэмбээ хугацаа алдалгүй эргэн харах шаардлагатайг эдийн засагчид сануулж байгаа юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(64.119.24.87) 2021 оны 01 сарын 08

UDAHGUI NUGUU NUURSIIG SHOROO BOLGODOG HUJAANUUD BAS SHOROO BAOLGONO LDOO,BAABAR GEED SONIN ETGEED BUR JILIIN DARAA GEHED GRAFITAAR BUH YUMIG HIIDEG BOLNO NAAD ZEL MES YUUCH BISH HEND CH HEREGGUI BARAG UNEGUI UHAAD HUJAANUUD AVAAD YAVAH NI ZUV GEED BICHDEG BAISANDA OYU TOLGOIN GEREENII UYEER,,,UDAHGUI ALTIG ZA TEGEED BUGDII NI SHOROO BOLGONO BIZDE,,

0  |  0
Top