Монгол Улс  цар тахлын хүнд үед “Саарал жагсаалт”-аас гарч чадсаныг сайшаав

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 01 сарын 11

Монгол Улс ФАТФ-ын “Саарал жагсаалт”-аас түүхэн богино хугацаанд гарсныг Азийн хөгжлийн банкны зүгээс онцолж байна. Түүнчлэн Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын Ахлах эдийн засагч Деклан Магий, тус байгууллагын Авлигатай тэмцэх, шударга ёсыг сахиулах газрын Ахлах мэргэжилтэн Карло Антонио Гарсия нар Монгол Улс “Саарал жагсаал”-аас хэрхэн амжилттай гарсан бэ гэдэгт дараах үнэлэлт, дүгнэлтийг хийжээ.

“Монгол Улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх бодлогыг идэвх санаачлагатай хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулахдаа хөгжлийн түншүүд болон хандивлагч улс орнуудтайгаа нягт хамтран ажилласан.

Жил бүр дэлхий даяар 2.6 их наяд ам.долларыг авлигын замаар алддаг гэсэн тооцоо бий. Авлига, залилан нь хууль дээдлэх ёсыг доройтуулж, эдийн засгийн хөгжлийг хойш татаж, сургууль, эмнэлэг болон бусад нэн шаардлагатай үйлчилгээнд зарцуулах хязгаарлагдмал хөрөнгө, нөөцийг улам бүр хомс болгож байдаг.

Нийгмийн энэхүү гажуудлын эсрэг тэмцэлд Азийн хөгжиж буй орнууд тэргүүн эгнээнд жагсаж байна. Эдгээр орнуудын авлигатай тэмцэхдээ баримталж буй нэг стратеги нь татвараас зайлсхийх, хууль бус худалдаа хийх болон бусад гэмт хэрэг үйлдэх замаар тухайн улс руу орж, гарч байгаа хөрөнгө, мөнгөний урсгалыг таслан зогсооход тус дөхөм үзүүлэх стандартыг олон улсын гэрээ хэлэлцээрт нэгдэн орсны үндсэн дээр нэвтрүүлэх явдал юм. 

Энэхүү ажлын нэг чухал хэсэг нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх (МУТСТ) бодлого юм. Энэ хоёр чиглэлээр ажиллах асуудалд хойрго хандаж, ач холбогдол өгөхгүй байгаа улс орнуудад бизнес эрхлэх өртөг зардал өсч, банкны гүйлгээний зардал нэмэгдэхийн зэрэгцээ МУТСТ эрсдэлээ удирдаж чадахгүйд хүрснээр хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд тухайн орны эрсдлийг үүрэх сонирхолгүй болж бизнесийн харилцаагаа зогсоох зэрэг дотоод болон гадаад ноцтой сөрөг үр дагавар бий болдог.

Хэдийгээр амаргүй сорилттой тулгарах ч хөгжиж буй улс орнууд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхэд хяналт тавих чиглэлээр томоохон ахиц дэвшил гаргах боломжтой.

Монгол Улс энэ чиглэлд бодит үр дүнд хүрсэн сайн жишээ болж байна. 2019 оны  аравдугаар сард дэлхийн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх байгууллага болох Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллага (ФАТФ) тус улсыг “Саарал жагсаалт”-д оруулсан. Энэ жагсаалтад орсон улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, зэвсэг дэлгэрүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэхтэй тэмцэх дотоод тогтолцоо нь стратегийн дутагдалтай бөгөөд энэхүү асуудлаа шийдвэрлэх нэн тэргүүний шаардлагатай болсон гэсэн үг юм.

Гэхдээ Монгол Улс 12 сарын дотор, тэр дундаа цар тахлын хүнд үед, энэхүү жагсаалтаас гарч чадсан нь хөгжиж буй улс орон шаардлагатай шинэчлэл, арга хэмжээг шуурхай хэрэгжүүлвэл Саарал жагсаалтаас маш хурдан хугацаанд гарч болдгийг бодитой харууллаа.

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ажил нь нэн ярвигтай тул төр, хувийн хэвшлийн олон төрлийн үйл ажиллагаанд олон улсын мэдлэг туршлагыг шаарддаг. Тиймээс энэ чиглэлээр мэргэшсэн хөгжлийн түнш байгууллагуудтай хамтран ажиллах нь маш чухал юм. Монгол Улс үр дүнтэй стратеги боловсруулахын тулд ийм шинжээчдийн сүлжээнд хандаж, үр дүнтэй хамтран ажилласан байна.

Монгол Улс мөнгө угаах гэмт хэрэгт өртөх эрсдэл өндөртэй орнуудтай хамтран ажилладаг ФАТФ-аас гаргасан санаачлага болох Олон улсын хамтын ажиллагааны хяналтын бүлгээс боловсруулсан үйл ажиллагааны төлөвлөгөөнд нийцсэн төлөвлөгөө боловсруулсан. Ингэхдээ хөгжлийн түнш байгууллагууд болон хандивлагч улс орнуудтай хамтран ажиллажээ. Өөрөөр хэлбэл, дэлхийн хамгийн шилдэг мэргэжилтнүүдтэй ажилласан юм.

Мөн тус улс нь үл хөдлөх хөрөнгийн зуучлагчид, нягтлан бодогчид, үнэт чулуу, үнэт металлын худалдаа наймаа эрхлэгчид, хуульчид, нотариатчид зэрэг төрөл бүрийн салбарын хувийн хэвшлийн мэргэжилтнүүдийг нэгдсэн байдлаар сургаж, тайлагналын шинэ шаардлагыг мөрдүүлэх чиглэлд ажилласан байна.

Монгол Улсын эрх баригчид хамтын ажиллагаа, улс төрийн хүсэл эрмэлзэл, шинэ дүрэм журамд суралцах, түүнд дасан зохицох хүсэл эрмэлзэлд анхаарлаа төвлөрүүлсэн. Энэхүү манлайллын ачаар Монголын төрийн байгууллагууд хөрөнгө нөөцөө үр ашигтай ашиглах замаар хамгийн хурдан хугацаанд хамгийн өндөр үр дүнд хүрэхэд шаардлагатай өөрчлөлт хийхэд гол анхаарлаа төвлөрүүлэх боломжтой болсон.

Цаг хугацаа, хөрөнгө нөөц хэмнэх талаар тодорхой, урьдчилан тавьсан зорилтуудыг хэрэгжүүлж, Сангийн яам нь уг ажлыг гардан хариуцаж ажилласнаар олон тооны төрийн байгууллагууд анхаарлаа нэгэн зүгт төвлөрүүлж, шуурхай, үр дүнтэй хамтран ажиллах боломж бүрдсэн.

Зарим хөгжиж буй орнууд мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгийн шахалтад орох хүртлээ арга хэмжээ авалгүй цаг алдаж алдаа гаргадаг. Монгол Улс харин ийм замаар явсангүй. Саарал жагсаалтад орох хандлагатай болж ирмэгц тус улсын удирдагчид асуудлыг тэр даруй судалж, улмаар шийдвэрлэх ажлыг эхлүүлсэн.

Монгол Улс Саарал жагсаалтад орох үед Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхтэй холбоотой тогтолцооны дутагдлаа аль хэдийнэ  шийдвэрлээд эхэлчихсэн байсан. Ийнхүү идэвхи санаачлагатай ажилласны үр дүнд Олон улсын хамтын ажиллагааны хяналтын бүлгээс анх Монгол Улсад 20 орчим чиглэлийн үүрэг даалгавар өгөх хүлээлттэй байсан ч, зөвхөн зургаан гол асуудлыг шийдвэрлэхийг даалгасан байна.

Монгол Улсын туршлага нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо бүрдүүлэх тал дээр ижил асуудалтай тулгарч буй бусад улс орнуудад чухал сургамж болж байна. Олон улсын гэрээ хэлэлцээрт оролцож, тавигдаж буй нөхцөл, шаардлагыг хангах нь чухал боловч улс орны иргэдэд ээлтэй бодит шинэчлэл хийж байж удаан хугацааны эерэг өөрчлөлт бий болдог.

Мөнгө угаахтай тэмцэх ажлыг олон улсаас тулгаж буй тохиолдлын юмуу шаардлагагүй шинэ дүрэм журам хэмээн үзэж хэрхэвч болохгүй. Эдгээр өөрчлөлтийг хийснээр авлигыг бууруулж, уул уурхай зэрэг олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг нэмэгдүүлэн, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэхийн зэрэгцээ засгийн газрын үйл ажиллагааг сайжруулж, иргэдийн амьдралд олон талын эерэг нөлөөг үзүүлдэг гэсэн байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.182.125) 2021 оны 01 сарын 12

Өрийг өрөөр хаасан энэ бол амжилт биш

0  |  0
Hurlee(67.170.23.116) 2021 оны 01 сарын 11

Hahahaa FATF iig saihan huursandaa! Muu malnuud.

0  |  0
(64.119.23.50) 2021 оны 01 сарын 11

dunguj saaralaas garna gedeg bol aimshig

0  |  0
Авилга(202.179.26.164) 2021 оны 01 сарын 13

Авилга, хээл хахуулв, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг биш харин ч эдгээрийг дэмжиж байдаг орнуудын бүх хэв шинж тэмдэг Монголд, монголын олигархууд, коммунистуудад байсаар атал саарал жагсаалтаас гарч байгаа нь нэг л үнэмшилгүй санагдлаа.

3  |  1
Top