Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 1.2 их наяд төгрөгөөр буурчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 01 сарын 25

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2020 онд урьдчилсан гүйцэтгэлээр 16.5 их наяд төгрөг болж, өмнөх оноос 1.2 их наяд төгрөг буюу 6.7 хувиар буурлаа.

Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 1.1 их наяд төгрөгөөр, боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 227.6 тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлсөн байна.

Харин цахилгаан хий, уур, агааржуулалтын салбарын үйлдвэрлэл 74.9 тэрбум төгрөгөөр, ус хангамж, сувагжилтын систем, хог хаягдал, зайлуулах болон хүрээлэн буй орчныг дахин сэргээх үйл ажиллагааны салбарын үйлдвэрлэл  23.6 тэрбум төгрөгөөр өсжээ.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт 2020 онд урьдчилсан гүйцэтгэлээр зэсийн баяжмал, металл агуулгаараа,  төмрийн хүдэр болон алтны олборлолт өмнөх оноос 1.1-24.6 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа, жүүс, цемент, гурил, шингэн сүү зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.8-11.5 хувиар тус тус өссөн байна. Мөн нүүрсэн шахмал түлш болон амны хаалтны үйлдвэрлэл 2020 онд өмнөх оноос 2.7-13.3 дахин өссөн байна.

Харин хүрэн нүүрс, хайлуур жонш, чулуун нүүрс, газрын тос зэрэг бүтээгдэхүүний олборлолт өмнөх оноос 1.8-40.3 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбарт спирт, согтууруулах ундаа, шохой, катодын зэс, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах, баяжуулсан нүүрс, самнасан ноолуур, металл бэлдэц, тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.8-49.1 хувиар буурчээ.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2020 онд урьдчилсан гүйцэтгэлээр 19.7 их наяд төгрөг болж, өмнөх оноос 902.3  тэрбум төгрөг 4.4 хувиар буурлаа. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулалт 539.2 тэрбум төгрөгөөр, боловсруулах аж үйлдвэрийн салбарын борлуулалт 470.6 тэрбум төгрөгөөр тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top