Эдийн засагчдыг төлөөлөн Ө.Ганзориг Ерөнхий сайдад ЗАХИАС хүргүүллээ

2021 оны 02 сарын 01

Эдийн засагч Ө.Ганзориг  шинэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Монголын нийт эдийн засагчдыг төлөөлөн ЗАХИАС хүргүүлжээ.

 

Ерөнхий сайд юуны өмнө цар тахлаас улбаатай эдийн засгийн хямралтай тэмцэх томоохон сорилттой нүүр тулж байна. Үүнээс гадна түүнийг нийгэм, эдийн засгийг хамарсан томоохон реформыг үргэлжлүүлэх, түүчээлэх шаардлага хүлээж байна.

Цар тахлын үед УОК эрүүл мэндийн эрсдэлд онцгой анхаарч ажилласан. Гэхдээ хөл хорионоос улбаалан үүссэн эдийн засгийн эрсдэлийг давж гарах тал дээр дорвитой ажил хийгдэлгүй өнөөг хүрлээ.

Компаниуд 2020 онд ажилтнуудаа цомхотголгүй, бүтээн байгуулалтаа таслалгүй сайн ажиллаж, эдийн засгийг үүрээд гараад ирлээ. Харин 2021 оны хувьд байдал тэс өөр байх болно. Компаниуд одоо нөөцөө шавхсан байдалтай байна.

2021 онд эдийн засгийг сэргээх, ажил олголтыг дэмжих, бүтээн байгуулалтыг дэмжих цогц бодлогуудыг хийхгүй бол эдийн засгийн урвуу гинжин урвал эхлэх болно. Нэгэнт эдийн засаг ингэж хямарвал цар тахал цаашаа болж, ажилгүй, хоолгүй иргэдээ яах вэ гэдэг бүүр аймшигтай том асуудал босож ирэх нь тодорхой.

Цар тахлын үед эрүүл мэндийн эрсдэлд онцгой анхаарч ажиллаж буй боловч бид Боловсролын асуудлыг зөнд нь орхилоо. Бидний хүүхдүүд бүхэл бүтэн 2 жилээр сурч боловсрох эрхээ бүрэн эдэлж чадсангүй. Энэ асуудлыг яаралтай шийдэхгүй бол монголын ирээдүйд дутуу боловсорсон бүхэл бүтэн үеүд бий болох нь ойлгомжтой болсон.

Өмнөх засгийн газар нийгэм, эдийн засгийг хамарсан томоохон реформуудыг эхлүүлэх эрмэлзэлтэй байна гэж ард иргэдэд итгэл найдварын оч харуулсан. 30 жилийн турш ужгирсан олон асуудал бидний өмнө тулгараад байна. Эдгээр асуудлуудыг шийдэхгүй бол Монгол Улсын социализмаас ардчилалд шилжих шилжилт, тодруулж хэлбэл төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжих шилжилт дуусахгүй үргэлжилнэ.

Социалист нийгмийн үлдэгдэл болсон Нийгмийн даатгалын систем, социализмаас хойш сэглэгдэж орхисон Боловсролын систем, барууны загварыг буруу хуулсан Санхүүгийн систем, үнэлэмж нь доройтож ард түмэнд итгэл төрүүлэхээ больсон Эрүүл мэндийн системүүд аврал эрэн хашхирч байна.

Бид Тэтгэврийн реформ хийж иргэдийнхээ мөнгийг буцааж өөрсдөд нь өгөх, Боловсролын реформ хийж дэлхийд өрсөлдөх иргэд бэлддэг болох, Гадаад харилцааны яамыг шинэчилж гадаадаас доллар авчирдаг систем болгон хувиргах, Санхүүгийн реформ хийж хөрөнгө, даатгалын захаа хөгжүүлэх, Эрүүл мэндийн реформ хийж улс орондоо бүх өвчнийг эмчилдэг болгох тус тус шаардлагатай байна.

Эдгээр реформыг хийхэд бидэнд саад болж байгаа гадны хүчин зүйл үгүй. Зөвхөн бидний залхуурал, яамдуудад шургалсан дунд шатны олигархууд, бидний мэдлэггүй боловсролгүй байдал л саад болж байна.

Харин эдгээр реформыг хийгээд дуусахад Монгол Улс дэлхийд өндөр хөгжилтэй улс болон хөгжих бүх бололцоо бүрдэх юм. Ерөнхий сайд танд ажлын өндөр амжилт хүсье.

Хүндэтгэсэн,

Ө.Ганзориг /Эдийн засагч/    

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Eej(64.119.23.126) 2021 оны 02 сарын 02

маш зөв сэтгэлгээтэй мундаг залуу шүү ерөнхий сайд анхааралдаа аваасай хамтарч ажиллаасай

0  |  0
Badarch taxar(64.119.24.222) 2021 оны 05 сарын 17

Horiogoo tawi sulruulaa gej helehgvi olon yum chalchih yum

1  |  0
zochin(192.82.76.194) 2021 оны 02 сарын 01

zuv bn

0  |  0
Tuguldur Chuluun(64.119.18.161) 2021 оны 02 сарын 01

Маш зөв асуудлуудыг дэвшүүлсэн байна\n

1  |  0
Top