КОВИД-19: Эдгэрсэн өвчтөнүүдийн хамгаалалт хагас жил үргэлжилнэ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 03

Коронавирусний халдвар авч, эдгэрсэн хүмүүст үүссэн эсрэг биет хагас жилийн хугацаанд дахин халдвар авахаас сэргийлж чадна гэж Их Британийн “Biobank” Био дээжийн сангаас явуулсан судалгаа харуулжээ.

Судалгаанаас үзвэл, 2020 оны арванхоёрдугаар сарын байдлаар Их Британийн хүн амын 8.8 хувь нь халдвар авсан байсан бөгөөд энэ үзүүлэлт Лондон хотод 12.4 хувьтай байжээ. Эдгэрсэн өвчтөнүүдийн цусан дахь эсрэг биетийн хэмжээг судлахад 99 хувьд нь гурван сарын дараа хамгаалалтын түвшин өндөр хэвээр байсныг эрдэмтэд тогтоосон байна. Эдгэрсэн өвчтөнүүдийн 88 хувьд шинж тэмдэг илэрснээс хойш зургаан сарын дараа эсрэг биет хадгалагдан үлдсэн байна.

Хэдийгээр энэ нь дархлаатай хэр холбоотой болох нь одоогоор тодорхойгүй байгаа ч судалгааны үр дүнгээс үзвэл хүмүүс зургаан сарын турш дахин халдвар авахаас хамгаалагдах боломжтой байна гэж  “Biobank” сангийн ахлах шинжээч Наоми Аллен мэдэгджээ.

Өнгөрсөн оны тавдугаар сараас арванхоёрдугаар сарын хооронд явуулсан судалгааны явцад 20.2 мянган хүний цусны дээжийг шинжилсэн байна. Ингэхдээ 30-аас доош насны хүмүүсийн цусанд эсрэг биет их байсан бол 70-аас дээш насныханд харьцангуй бага байжээ.

Амтлах, үнэрлэх чадвар алдагдах шинж тэмдэг хамгийн түгээмэл буюу нийт тохиолдлын 43 хувьд ажиглагдсан бол 24 хувьд ямар ч шинж тэмдэг илрээгүй байна.

 

Top