Герман, Канадын биологичид коронавирус нойр булчирхайн эсэд нэвтэрч, тэндээ үрждэг болохыг тогтоожээ. Тэдний судалгааны дүнг “Nature Metabolism” сэтгүүлд нийтэлсэн байна.
Халдвар авсан хүмүүст хийсэн ажиглалтаас үзвэл коронавирус бие организм дахь глюкозын эргэлтийг тасалдуулдаг болохыг харуулсан ч шалтгаан нь өнөөг хүртэл тодорхойгүй байжээ. Саяны судалгаа SARS-CoV-2 вирус нь нойр булчирхайн гадаад болон дотоод шүүрлийн эс, ялангуяа инсулин ялгаруулдаг бета эсэд нэвтэрдэг болохыг харуулжээ.
SARS-CoV-2 вирус уушгины эсийг гэмтээгээд зогсохгүй хүний тархинд нэвтэрч гэмтээдэг байна. Германы Улмийн их сургуулийн профессор Александр Клегерийн хэлснээр, ялангуяа хүнд хэлбэрээр өвчилсөн хүмүүст цусан дахь глюкозын хэвийн эргэлт тасалдаж буйг эрдэмтэд судалсан байна. Судалгаагаар нойр булчирхайн инсулин болон бусад дааврын ялгаруулалт, зөөвөрлөлтөд оролцдог эс коронавирусийг бие организмд нэвтрүүлдэг ACE2, TMPRSS уургийг их хэмжээгээр ялгаруулдаг болохыг тогтоожээ. Ингэснээр вирус нойр булчирхайн эсэд хялбар нэвтэрч, тэндээ үрждэг байна. Улмаар даавар ялгаруулалтад ноцтой гэмтэл үүсэж, нойр булчирхайг хурц үрэвсүүлдэг байна. Биологичид SARS-CoV-2 вирус бета эсэд нэвтэрснээр чихрийн шижингийн ауто дархлааны хэлбэрийг үүсгэж болзошгүй гэж үзэж байна. Ингэснээр дархлааны эсүүд эргээд инсулин ялгаруулдаг эсийг устгаж эхэлдэг байна.