Монгол Улс энэ оны төсөвтөө уул уурхайн салбараас 3.4 их наяд төгрөг төвлөрүүлэх тооцоололтой. Эрдсийн экспортын гол хоёр нэр төрөлдөө найдлага тавьж, 42 сая тонн нүүрс, 1.4 сая тонн зэсийн баяжмал экспортод гаргах төлөвлөгөөтэй байгаа.
Тооцоолол ийм ч хэрэгжихдээ хувь хэмжээ нь буурах эрсдэл дотоод, гадаад эрсдэл бий. Гааль, татварын шинэчлэл болон “Ногоон гарц”-ын хүрээнд нүүрсний экспорт нэмэгдэх байх гэсэн хүлээлт байгаа ч 42 сая тоннд болох хүрэх боломжгүй гэсэн байр суурийг олон эдийн засагчид илэрхийлж байгаа юм.
Шинжээчдийн байр сууриас гадна 2019, 2020 онуудын нүүрсний экспортын үзүүлэлт бидэнд тодорхой мэдээллийг өгнө гэдгийг тодотгоё.
Гаалийн ерөнхий газрын мэдээллээр 2020 онд эрдэс бүтээгдэхүүний экспортын 96.2 хувийг чулуун нүүрс, зэсийн баяжмал, молибдены баяжмал, хайлуур жонш, төмрийн хүдэр, цайрын хүдэр болон боловсруулаагүй нефтийн экспорт эзэлжээ.
Тэгвэл нүүрсний экспортын тухайд 2019 оны гүйцэтгэлтэй харьцуулахад чулуун нүүрсний экспорт 7879.7 мян.тонноор, үнийн дүн нь 950.7 сая ам.доллароор, хилийн дундаж үнэ нь 10 ам.доллараар тус тус буучээ. 2020 онд чулуун нүүрсний 95.2 хувийг БНХАУ руу гаргасан байна.
Сануулахад, 2019 онд 42 сая тонн нүүрс экспортлохоор хуульчлан баталж байсан ч, 6 орчим сая тонноор тасалдаж, мөн оны арваннэгдүгээр сард нийт дүнгээрээ 34.7 сая тонн нүүрс экспортлоод байсан билээ.
Тэгвэл 2020 онд мөн л 42 сая тонн гэсэн мөрөөдлийн тоогоо тусгасан ч арваннэгдүгээр сарын нийт дүнгээр 26.9 сая буюу 27 сая орчим тонн нүүрс экспортод гаргасан. Арванхоёрдугаар сард 1 сая гаруй тонныг гаргасан гэсэн тооцоолол байна. Тэгэхээр 2020 оны төсөвт тусгасан 42 сая тонн нүүрсний экспорт 14 орчим сая тонноор тасалджээ.
Цаашлаад энэ 2021 оны тухайд ч нүүрсний экспорт өнгөрсөн хоёр жилийнхээс өсөх боломж хэцүү болов уу.
Уул уурхайн бусад нэр төрлийн экспортын түүхий эдийн мэдээллийг хүргэе.
2020 онд хайлуур жоншны экспорт өнгөрсөн оныхоос 21.2 мянган тонноор, үнийн дүн нь 49.2 сая ам.доллароор тус тус буурчээ. 2019 онд 1 тонн хайлуур жоншны экспортын дундаж үнэ 293.6 ам.доллар байсан бол 2020 онд 230.3 ам.доллар болон буурчээ. Хайлуур жоншны 23.2 хувийг ОХУ, 76.6 хувийг БНХАУ-д гаргасан байна.
2020 онд боловсруулаагүй нефтийн экспорт 4070.5 мянган баррель буюу 150.8 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 2474.7 мянган баррелиар, үнийн дүнгээр 215.8 сая ам.доллароор тус тус буурсан байна. 1 баррель нефтийн дундаж үнэ 56 ам.доллароос 37.1 ам.доллар болж буурчээ.
Төмрийн хүдрийн экспорт 8.2 сая тоннд хүрч, 2019 оны дүнгээс 246.5 мянган тонноор буурсан байна. Экспортын дундаж үнэ нь 78.0 ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оныхоос 9.8 ам.доллароор нэмэгджээ. Төмрийн хүдрийг 100 хувь БНХАУ-д экспортолсон байна.
Сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос хэсэгт багтах барааны экспортын дийлэнхийг алтны экспорт эзлэдэг. 2020 онд экспортолсон алтны хэмжээ өнгөрсөн онтой харьцуулахад 21.4 тн-р, үнийн дүн 1369.3 сая ам.доллароор нэмэгдсэн байна.
1 кг алтны үнэ 46132.0 ам.доллароос 58628.8 ам.доллар хүртэл өсчээ. Алтны экспорт 3.1 хувь Их Британид, 3.6 хувь Сингапурт, 93.4 хувь Швейцарт тус тус ногдож байна.
Үндсэн төмөрлөгийн экспортын 97 хувийг хар төмөрлөгийн хаягдал; тунгаасан зэс, хайлш; хөнгөн цагаан бусад эдлэл; боловсруулаагүй хар тугалганы экспорт эзлэж байна.
2019 оны гүйцэтгэлтэй харьцуулахад хөнгөн цагаан бусад эдлэлийн экспорт 1.1 сая ам.доллароор, боловсруулаагүй хар тугалганы экспорт 1.0 сая ам.доллароор; тунгаасан зэс ба хайлшны экспорт 9.6 сая ам.доллароор тус тус буурсан байна.
Сэтгэгдэл ( 1 )
Odoo buur doordoh baih uchir ni nuurs har tosny hereglel 10-30% buuran zovhon mongold gehed nuursnii hereglelee buursan german nuurseer azildag tsahilgan stanc ugui bolson mon har tosny hereglelee bas buurz orosuud dampuurald orz bn getel manaihan eneruu hogzih jum yariad l .....