Монголын эдийн засаг 2020 онд 5.3 хувиар АГШЖЭЭ

2021 оны 02 сарын 17

Үндэсний статистикийн хороо Дотоодын нийт бүтээгдэхүүний тооцоог гаргахдаа НҮБ-ын Статистикийн комиссоор баталсан, олон улсын аргачлалын дагуу гурван аргаар тооцож гаргадаг.

Тэгвэл өнөөдөр /2021.02.17/  ҮСХ-ноос Дотоодын нийт бүтээгдэхүүний 2020 оны  урьдчилсан гүйцэтгэлийг танилцууллаа.

Дотоодын нийт бүтээгдэхүүн (үйлдвэрлэлийн аргаар тооцсон) 2020 онд урьдчилсан гүйцэтгэлээр оны үнээр 37 их наяд төгрөг болж, өмнөх оноос 322.3 тэрбум төгрөг буюу 0.9 хувиар,  2010 оны зэрэгцүүлэх үнээр 18  их наяд төгрөг болж, өмнөх оноос 1 их наяд төгрөг буюу 5.3 хувиар буурчээ.

Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн (2010 оны зэрэгцүүлэх үнээр) 2018 онд 7.2 хувь, 2019 онд 5.2 хувийн өсөлттэй гарч байсан ч 2020 оны эхний улиралд 10.7 хувь, эхний хагас жилд 9.7 хувь, эхний есөн  сард 7.3 хувь, жилийн дүнгээр 5.3 хувийн бууралттай гарч байна.

Тодотгоход, Дотоодын нийт бүтээгдэхүүн эдийн засгийн үйл ажиллагааны салбарын идэвхжилийг илэрхийлдэг.  НҮБ-ын Статистикийн комиссоор баталсан, олон улсын аргачлалын дагуу гурван аргаар тооцохын давуу тал нь бидэнд илүү нарийвчлах, хооронд нь уялдаа холбоотой байлгах, алдаагүй тооцсон гэдгээ хянах боломжийг өгдөг. Эдийн засгийн хэмжээг тооцох 3 арга нь зөвхөн тооцоогоо хянах төдийгүй эдийн засгийн хөгжлийн түргэсгэх, зөв залах, хөгжлийн загварыг тодорхойлох зэргээр өргөн ашиглагддаг. Өөрөөр хэлбэл, Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг үйлдвэрлэлийн аргаар тооцохдоо буруу тооцсон байна уу гэдгээ шалгах боломж бүрдэж байгаа юм. Түүнчлэн хэрэглээн дээр эсвэл орлого дээр дутуу тооцсон байна уу гэдгээ хянах боломжтой. Эцсийн ашиглалтын арга, орлогын аргаар тооцоод,  уялдуулж шалгадаг гэсэн үг.  Гурван тооцоогоо баланслуулж, “Нөөц ашигласны хүснэгт”-ийг гаргадаг. Тэгж байж манай Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ зөв гарч байна уу гэдгээ  тогтоодог гэж Үндэсний статистикийн хорооноос тайлбарладаг юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top