“10 их наядын төлөвлөгөө” ЦУВРАЛ I:  ЖДҮ-тэй хамаатай  ЗӨВЛӨМЖ

2021 оны 02 сарын 18

Засгийн газар өчигдөр /2021.02.17/  "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө"-г баталлаа.

Ингэснээр энэ сарын 10-ны өдөр  танилцуулсан зургаан асуудлыг 2023 он хүртэлх хугацаанд хэрэгжүүлэхээр болж байна. Тусгасан чиглэлүүдийн нэг гол цөм нь ЖДҮ-ийн салбарыг дэмжих тухай юм. Тухайлбал:

 

  • Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл олгоно.

 

  • Монголбанкны жилд нэг их наяд төгрөг байгаа репо санхүүжилтийг хоёр их наяд төгрөг болгож нэмэх /ингэхдээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох 300 сая төгрөгийг 500 сая, уул уурхайн бус экспортын үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох нэг тэрбум хүртэл төгрөгийг гурван тэрбум хүртэл болгох/-ээр тусгав.

 

Нийгэм, эдийн засгийн гол сэдэв болох ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад чухал нөлөөтэй энэ салбарыг хөгжүүлэхийн чухлыг бид байнга ярьдаг ч өнөөгийн хөгжлийн түвшин нь чамлалттай байдаг.

Тэгвэл засгийн шинэ төлөвлөгөөний хүрээнд энэ салбарт үзүүлэх дэмжлэг “бай”-гаа онож, эдийн засагт өгөөжтэй баялаг үйлдвэрлэж чадах тэр хэсгүүдэд хүрч чадвал том зургаараа Монголын эдийн засгийн бүтцийн гажуудлыг залруулахад тодорхой хэмжээнд үр дүнтэй байж болох юм.

Өнөөдөр бид коронавируснээс хамаарсан хүнд нөхцөл байдлын өмнө хүчгүйдэж байгаа ч цаашид энэ өвчинтэй зэрэгцэн аж төрөх шаардлага дэлхий нийтийн өмнө бий болоод байна. Тиймээс үүссэн нөхцөл байдалд дасан зохицохын сацуу эдийн засгийн идэвхжилээ унагаахгүй, иргэд ажилтай, орлоготой байх байх бодлогыг төрөөс тогтвортой хэрэгжүүлэх шаардлагатай. Нэг талаас бодлогын шинэчлэлийг нөхцөл байдал шаардаж буй юм. Түүнчлэн 10 их наядын төлөвлөгөөнд тусгасан чиглэлүүдийн уялдаа энд яригдах ёстой. Ажлын байрыг дэмжих  арга хэмжээг хэрхэн яаж ЖДҮ болон бусад чиглэлүүдтэй уяж хэрэгжүүлэх вэ гэхчлэн анхаарах ёстой олон зүйлс бий. Гэхдээ энэ удаад ЖДҮ-ийн санхүүжилтийн асуудлыг авч үзэж буй тул бусад сэдвийг дараагийн цувралуудад хөндөе.

ЖДҮ-ийн салбарт  сүүлийн хоёр жилд улсын төсвөөс санхүүжилт олгоогүй нь угтаа бол энэ салбарыг чиглэсэн санхүүжилтийг эрх мэдэлтнүүд өөрийн хамаарал бүхий этгээдүүддээ олгоход нөлөөлж байсантай холбоотойг хаа хаанаа мэдэж байгаа. Хууль, эрх зүйн орчин нь 2019 онд  өөрчлөгдсөн ч нийгмийн үл итгэх хандлага, санах ой үүнд нөлөөллөө үзүүлсэн.

Хэрэв ЖДҮ-ийн салбарын санхүүжилт өнгөрсөн жилүүдэд зорилтот хэсгүүддээ хүрдэг байсан бол зах зээлийн шалгарал, зарчмаар тодорхой хэсэг нь хөл дээрээ зогссон байх байсан биз. Түүнчлэн тэдгээр аж ахуйн нэгжүүдийн хэд хэчнээн нь импортыг орлох бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, цаашлаад экспортод чиглэсэн үйлдвэрлэл явуулах байсныг тооцох боломж хэцүү ч энэ салбарт алдагдсан боломж их гэдгийг ойлгоход хэцүү биш болов уу.

Тэгэхээр цаашид бид 10 их наядын төлөвлөгөөний хүрээнд ЖДҮ-ийн салбарт санхүүжилт хийхдээ илүү хариуцлагатай хандах шаардлагатай юм.

ЖДҮ хөгжсөн улс орнуудын жишгийг харахад уг салбарыг хариуцсан агентлаг бүр яамны бүтэцтэй байдаг талаар бид олон жил ярьсан. Манай тухайд өнгөрсөн жилээс эхлэн агентлагийн түвшинд ЖДҮ салбараа зохицуулахаар болсон нь сайн мэдээ. Хэдий тийм ч гаднын улс орнуудын ЖДҮ-ийг дэмжих санхүүжилтийн бүтцийг харахад манайд чамлалттай зүйлс бишгүй байгаа юм.

Манай санхүүгийн системд банк давамгайлсан учраас 10 их наядын төлөвлөгөөний хүрээнд эдийн засагт нийлүүлэх санхүүжилтүүд ерөнхийдөө банкны салбараар дамжих байх л даа. Бага хүүтэй, урт хугацаатай зээл олгох нь банкуудад эрсдэлтэй ч санхүүгийн салбарын гол ачааллыг үүрдэг гэдэг утгаараа яах аргагүй оролцоно.

Тэгвэл зарим эдийн засагчдын зүгээс ЖДҮ-ийг дэмжих  санхүүжилтийн бүтцийг гаднын улс орнуудын загвараас харж, өөрийн онцлогтоо нийцүүлэн хэрэгжүүлж болох талаар ярьж байна.


 

ТИЙМЭЭС ЗАРИМ УЛС ОРНУУДЫН ЖДҮ-ИЙГ ДЭМЖИХ САНХҮҮЖИЛТИЙН БҮТЦИЙН МЭДЭЭЛЛЭЭС ХҮРГЭЕ.

 

БНСУ ба ЖДҮ-ийн банк

Өмнөд Солонгост энэ салбарын санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор ЖДҮ-ийн банк үүсгэн байгуулсан. Аливаа банкны зээлд ЖДҮ-ийн эзлэх доод хэмжээг тогтоож өгсөн.

 

  • Солонгосын Аж Үйлдвэрийн Банк 70%
  • Бүс нутгийн банк 60%
  • Арилжааны банк 45%
  • Гадаадын банк 35% 

 

Солонгосын Төв Банкнаас хямд өртөгтэй санхүүжилтийг банк, санхүүгийн байгууллагуудад үзүүлдэг. Төрөөс байгуулсан тусгай сангуудаар дамжуулан санхүүжилт үзүүлдэг.

Зээл олголтыг дэмжих зорилгоор:

 

  • Зээлийн батлан даалт
  • Экспортын даатгалын системийг тус тус хэрэгжүүлдэг.

 

 

Японы ТУРШЛАГА

Япон Улсын Засгийн газар, Жижиг Дунд Үйлдвэрийн Холбооны хамтарсан хөрөнгө оруулалттайгаар ЖДҮ-д зориулсан Шоко Чукин Банкийг 1936 онд байгуулсан түүхтэй. Засгийн газраас тодорхойлсон салбаруудад зээлийн 100% батлан даалт үзүүлдэг.

Япон Улсын богино хугацаатай зээлийн хүүгийн дундаж хэмжээ маш бага. Сүүлийн 10 жилийн турш буурсан үзүүлэлттэй байна. 2007 онд 1.6% байсан бол 2017 онд 0.61% болсон. Урт хугацаатай зээлийн хүү мөн адил үзүүлэлттэй буюу 2007 онд 1.7%, 2017 онд 0.8% болж буурчээ.

Япон Улсын Эдийн засаг, Худалдаа, Аж Үйлдвэрийн Яамны (METI) бүрэн эрхийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг Японы ЖДҮ-ийн бодлогыг цогцоор нь хэрэгжүүлэх үүрэгтэй. Тус улсын Засгийн газрын өмчит Японы Санхүүгийн Корпорац нь нийгмийн санхүүгийн хэрэгцээг хангахын тулд үндэсний бодлогод суурилсан уян хатан санхүүжилтийн хөтөлбөр, схемийг бий болгож, хувийн санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааг нөхөх зорилготой.

 

 

Казахстаны ДАМУ

БНКУ-ын Засгийн газраас жил бүр арилжааны банкуудад хөрөнгө байршуулж, ЖДҮ-д хөнгөлөлттэй зээл олгох боломжийг олгодог. Засгийн газар "ДАМУ" бизнес эрхлэлтийг хөгжүүлэх сангаар дамжуулан 2010 оноос хойш "Бизнесийн зураглал-2025" хөтөлбөрийн хүрээнд ЖДҮ эрхлэгчдэд зориулсан зээлийн хүүгийн зардлын татаас, зээлийн батлан даалтын үйлчилгээг үзүүлж эхэлсэн.

ЖДҮ-ийн хөгжлийг хангах зорилготой ДАМУ сан нь анх 1997 онд  байгуулагдсан 100% төрийн өмчит байгууллага бөгөөд 2001 оноос өмнө дотоодын түүхий эд үйлдвэрлэгчдийг дэмжих арга хэмжээний хөтөлбөр, АХБ, ЕСБХБ-ны зээлийн шугамын улсын төсөв дэх хөрөнгийн бүртгэл, хяналтыг хариуцдаг байсан. 2002 оноос эхлэн өөрийн хөрөнгөөр жижиг бизнесүүдэд шууд зээл, төслийн санхүүжилт, лизингийн үйлчилгээ үзүүлж эхэлсэн. 2010 оноос хойш Засгийн газрын ЖДҮ-тэй холбоотой хөтөлбөрүүдийн гол хэрэгжүүлэгчээр ажиллаж байна.

 

Франц СХЕМ

БНФУ-ын Засгийн газраас ЖДҮ-ийн санхүүжилтэд тулгарч буй бэрхшээлийн хариу арга хэмжээ болгож 2 гол схемийг ажлуулдаг. Үүнд:

 

Credit mediation буюу зээлийн зуучлалын схем

Францын Төв Банк 2008 оноос уг схемийг ашиглаж эхэлсэн бөгөөд өнөөөдөр ЖДҮ-ийн санхүүжилтийн гол хэлбэр болсон. Банк, санхүүгийн байгууллага, зээл олгогчтой асуудал үүссэн эсвэл зээл авч чадахгүй байгаа компаниуд онлайнаар хүсэлт гарган зуучлалын процессд хандах боломжтой. Тухайн орон нутгийн зуучлагч хүсэлтийг хүлээн авч тухайн компанийг судалсны дараагаар зээл олгохоос татгалзсан санхүүгийн байгууллага болон зээл хүсэгчийн хооронд тодорхой шийдлийг гарган санал болгодог. Орон нутгийн хэмжээнд шийдэгдээгүй тохиолдолд бүс нутаг, цаашлаад үндэсний хэмжээнд хүсэлтийг хүргүүлэх боломжтой.

 

Bpifrance ЖДҮ-д санхүүжилт, хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлдэг.

Тус байгууллага нь Засгийн газрын нэрийн өмнөөс батлан даалт, хамтарсан санхүүжилт, шууд зээлийн үйлчилгээг ЖДҮ-д үзүүлдэг. Мөн Венчур капитал сангуудад батлан даалт олгодог. Саяхнаас үйл ажиллагаагаа экспортын зээлийн баталгааны үйлчилгээгээр өргөжүүлж, Төрийн экспортын батлан даалтын агентлаг болсон.

 

Хятадын ГУРВАН БАГАГҮЙН ЖУРАМ

БНХАУ-ын ЖДҮ эрхлэгчдийг том компаниудтай харьцуулахад банкны зээлээс өөр, орлох санхүүгийн хэрэгслийг ашиглах хандлага илүү байдаг. Гэсэн хэдий ч банкны зээл нь ЖДҮ-ийн чухал санхүүжилтийн хэрэгсэл. Иймээс Засгийн газраас төрийн өмчит томоохон банкуудыг жижиг хот, тосгонд ЖДҮ-ээр дагнасан салбар, газруудыг нээж ажиллахыг уриалгыг дэвшүүлсэн.

Сүүлийн жилүүдэд Хятадын Засгийн газар ЖДҮ-ийг дэмжих бодлогоо улам бүр эрчимжүүлсээр байна. Гарааны шатанд байгаа ЖДҮ-ийг дэмжих зорилгоор венчур капитал/хаалттай хөрөнгө оруулалт чиглэлээр санхүүжилт үзүүлэх Үндэсний ЖДҮ-ийг Хөгжүүлэх Санг 2015 онд үүсгэн байгуулсан. 2016 онд тус сангийн 4 бүс нутгийн охин салбарууд байгуулагдаж, 2018 оны байдлаар 6.05 тэрбумын юанийн 208 төслийг санхүүжүүлээд байна. Үүнтэй адил ЖДҮ-ийг дэмжих чиглэлээр дараах сангууд байгуулагдаад байна. Үүнд:

 

  • Үндэсний Хөгжиж буй Салбаруудын Венчур Хөрөнгө Оруулалтын Хөтөч Сан (2015)
  • Үндэсний Санхүүжилтийн Батлан Даалтын Сан (2018)

 

Засгийн газар ЖДҮ-д зориулсан улсын төсөвтөө өөрчлөлт оруулж, ЖДҮ-ийг Хөгжүүлэх Тусгай Сангийн санхүүжилтийн бодлогыг инновацлаг хотууд үндэсний хөтөлбөртэй уялдуулан, 2015-2017 онд 30 хотын 21.5 тэрбум юанийн төслүүдийг санхүүжүүлсэн.

2009-2018 онд, Хятадын Засгийн газар санхүүгийн байгууллагуудын ЖДҮ-д олгох зээлийг өргөжүүлэх зорилгоор нөөцийн харьцааны бодлого, ЖДҮ-д зориулсан зээлийн хуваарилалтын төлөвлөгөө зэрэг бодлогын хэд хэдэн зохицуулалтыг дэвшүүлсэн.

Хятадын Ардын банк ЖДҮ-ийн 3.15 хувийн хүүтэй зээлийг дэмжих зорилгоор зорилтот дунд хугацааны зээлийн хөнгөлөлтийг бий болгосон. 400 тэрбум юанийн дахин санхүүжилт, дахин тооцооны хэрэгслээр ЖДҮ эрхлэгчдэд чиглэсэн зээлийн нийлүүлэлтийг нэмэгдүүлсэн.

2015 онд Хятадын  Банкны Зохицуулах Хорооноос банкуудын ЖДҮ-ийн зээлтэй холбоотой “Гурван багагүйн” журмыг гаргасан. Үүнд:

 

  • ЖДҮ-ийн зээлийн өсөлт нийт зээлийн өсөлтөөс багагүй байх;
  • ЖДҮ-д олгосон зээлийн дүн өмнөх оныхоос багагүй байх;
  • ЖДҮ-ийн зээлийн хүсэлт өмнөх онд хүлээн авсан хүсэлтээс багагүй байх.

 

2018 оны  нэгдүгээр  сард ЖДҮ-ийг Дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлж эхэлсэн. Шинэчилсэн найруулгад БЖДҮ эрхлэгчид орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татварыг тодорхой нөхцлөөр хойшлуулах, хөнгөлөх, чөлөөлөх зэрэг давуу эрх эдэлнэ гэж заасан.

2018 оноос эхлэн санхүүгийн байгууллагууд ЖДҮ-ийн зээлээс олсон хүүгийн орлогын 10 сая юань хүртэл хэмжээнд нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх болсон.

 

 

Турк улсын ЖДҮ

БНТУ-ын ЖДҮ-ийн бодлогын хэрэгжилтийг хангадаг гол байгууллага бол Туркийн Аж Үйлдвэр, Худалдааны Яамны харьяа KOSGEB юм. Тус байгууллага нь ЖДҮ-д дэмжлэг үзүүлэх 11 төрлийн хөтөлбөр хэрэгжүүлдэг. Үүнд:

 

  • R&D инновац ба үйлдвэрлэлийн хэрэгжилтийг дэмжих хөтөлбөр
  • Бизнес эрхлэлтийг хөгжүүлэх хөтөлбөр
  • Хамтын ажиллагааг дэмжих хөтөлбөр
  • ЖДҮ-ийн хөгжлийг дэмжих хөтөлбөр
  • Хөгжиж буй компаниудын зах зээл ЖДҮ-ийг дэмжих хөтөлбөр
  • KOBİGEL-ЖДҮ-ийн хөгжлийг дэмжих хөтөлбөр
  • ТЕКНОПАЗАР-Технологийн бүтээгдэхүүнийг сурталчлах, маркетингийн дэмжлэгийн хөтөлбөр
  • Олон улсын инкубатор ба хурдасгуурыг дэмжих хөтөлбөр
  • Зээлийн хүүг дэмжих шинэ хөтөлбөр
  • ЖДҮ-ийн технологийн бүтээгдэхүүний хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр ба
  • Стратегийн бүтээгдэхүүнийг дэмжих хөтөлбөр

 

2018 оны байдлаар, KOSGEB-ийн мэдээллийн санд бүртгүүлсэн 1,402,595 ЖДҮ-ийн 165,209 нь 2010-18 оны хооронд өөр өөр хөтөлбөрийг хүрээнд нийт 4,335 сая лирийн дэмжлэг, санхүүжилт авсан байна. Туркийн Засгийн газар санхүүжилт шаардлагатай байгаа ЖДҮ эрхлэгчдэд туслах арга хэмжээнүүдийг голчлон хүүгийн татаас, зээлийн батлан даалт, шууд зээл олгох замаар хэрэгжүүлж байсан бол сүүлийн жилүүдэд ЖДҮ-ийн салбар дахь санхүүжилтийг төрөлжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байна.

 

  • 2012 онд лизинг, факторингийн зохицуулалтын тогтолцоо;
  • 2013 онд хөдлөх хөрөнгийн барьцааг хөнгөвчлөх хууль;
  • 2013  онд анжел хөрөнгө оруулалтын салбарыг зохицуулах, дэмжих хууль;
  • 2015-2018 оны хооронд венчур капиталын салбарт 2 триллион лираас дээш хөрөнгө оруулалт хийх Туркийн төрийн сангийн амлалт зэргийг танилцуулсан байдаг. 

 

Мөн Туркийн Засгийн газар Венчур капитал хөрөнгө оруулалтын зах зээлийг эрчимжүүлэх зорилгоор Истанбулын хөрөнгийн биржэд жижиг, дунд хэмжээний хувьцааны төрөлжсөн хэрэгсэл бий болгох, хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэн, тусгай сан, хамтарсан хөрөнгө оруулалтын хөтөлбөрүүдийг танилцуулж байна.

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Болормаа(202.126.88.140) 2021 оны 02 сарын 20

ЖДҮ төслийн зээл жилийн 2% Арилжааны банк 3.6% нэмээд сар бүр \n5.6 % ийн хүү төлж байгаа .Аилжааны банкны хүүг бууруулах хэрэгтэй байна.

4  |  0
Top