Б.Лхагвасүрэн: Зээлийг зориулалтын  бусаар зарцуулбал төрөөс хүүний хөнгөлөлт үзүүлэхгүй

2021 оны 03 сарын 09

Засгийн газраас баталсан  “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө” хэрэгжиж эхэлж буйтай холбоотойгоор Засгийн газар, Монголбанкнаас мэдээлэл хийж байна. /2021.03.09/ 

Төлөвлөгөөний хүрээнд Ажлын байрыг дэмжих чиглэлд 2 их наяд төгрөгийн зээл олгох ажил маргааш буюу 10-ны өдрөөс эхлэн хэрэгжих юм.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлэхдээ “Санхүүгийн салбарын гол бүтээгдэхүүн болох зээл хангалттай хэмжээтэй гарч байж эдийн засаг өсөлттэй байна. 2020 онд зээл олголт 6 хувиар буурсан. 18 их наяд байж байгаад 17 их наяд болсон. Эдийн засаг 5.3 хувиар агшсан.

2021 онд  зээл олголтыг  өсгөх шаардлага байгаа гэдэг үүднээс 10 их наядын төлөвлөгөөг Төв банк дэмжиж байгаа.  Төв банкны үнэт цаасанд  байршсан 8 их наяд төгрөгийг эдийн засаг руу гаргах юм. Төлөвлөгөө зарлагдсанаас хойш банкууд хүсэлт авахад эрэлт их байгаа нь харагдаж байна.

Ажлын байрыг дэмжих зээлийн санхүүжилт шинэ зээлд очих уу, хуучин зээлийг дахин санхүүжүүлэх үү гэдэг дээр хэлэхэд 70 хувь нь шинэ зээлд, 30 хувь нь хүндрэлд орсон зээлийг дахин санхүүжүүлэхэд зориулна.

Репо санхүүжилтийн тухайд бол 30-аас доошгүй хувь нь шинэ зээлд, 70 хувь нь дахин санхүүжилтэд зориулагдаж байгаа.

Зээлийг зориулалт бусаар зарцуулбал төрөөс үзүүлэх хүүний хөнгөлөлт байхгүй болж, арилжааны зээл болно гэв.

Сангийн сайд Б.Жавхлан хэлэхдээ  эдийн засгийг идэвхжүүлэх чиглэлийн энэ удаагийн зээл олголтод холбогдох байгууллагууд хяналтыг их сайн хийж явна гэсэн юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top