Аж үйлдвэрийн салбар 38.3 хувиар өслөө

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 03 сарын 15

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл оны эхний хоёр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 3.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 845.2 тэрбум төгрөг буюу 38.3 хувиар өсжээ. Үүнд:

 

  • Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 696.2 тэрбум төгрөг буюу 49.1 хувиар

 

  • Боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 125.4 тэрбум төгрөг буюу 24.5 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

 

Мөн цахилгаан хий, уур, агааржуулалтын салбарын үйлдвэрлэл 21.3 тэрбум төгрөгөөр, ус хангамж, сувагжилтын систем, хог хаягдал, зайлуулах болон хүрээлэн буй орчныг дахин сэргээх үйл ажиллагааны салбарын үйлдвэрлэл  2.4 тэрбум төгрөгөөр өсжээ.

Нийт борлуулсан бүтээгдэхүүний 2.9 их наяд төгрөг буюу 70.6 хувийг гадаад зах зээлд борлуулсан байна. Гадаад зах зээлд борлуулсан нийт бүтээгдэхүүний 2.6 их наяд төгрөг буюу 92.1 хувийг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн эзэлжээ.

Гадаад зах зээлд борлуулсан уул уурхайн бүтээгдэхүүний 57.6 хувийг металлын хүдэр олборлолтын салбарын бүтээгдэхүүн, 35.9 хувийг нүүрс олборлолтын салбарын бүтээгдэхүүн, 5.2 хувийг газрын тос олборлолтын салбарын бүтээгдэхүүн, 1.3 хувийг бусад ашигт малтмал олборлолтын салбарын бүтээгдэхүүн эзэллээ гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top