Цар тахлын хүндрэлтэй үед иргэдэд учрах эдийн засгийн хүндрэлийг бууруулах, зээлийн чанар муудахаас сэргийлэх зорилгоор орон сууцны ипотекийн хөтөлбөрийн зээлийн эргэн төлөлтийг 2021 оны долоодугаар сарын 1-ний өдрийг хүртэл хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулах арга хэмжээг Монголбанкны зүгээс авч хэрэгжүүллээ.
Банкууд зээлдэгчдээс ипотекийн хөтөлбөрийн зээлийн эргэн төлөлт хойшлуулах хүсэлтийг цахимаар буюу банкны гар утасны апликэйшн, цахим хуудас, утас зэрэг хэрэгслээр 2021 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хүлээн авч шийдвэрлэж ажиллажээ. Үр дүнд нь хөтөлбөрийн хүрээнд зээлийн үлдэгдэлтэй нийт 77,147 зээлдэгчээс 55,741 зээлдэгч эргэн төлөлт хойшлуулах хүсэлт гаргаснаас 55,676 зээлдэгчийн 2.9 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй буюу нийт ипотекийн хөтөлбөрийн зээлийн багцын 80 хувьд зээлийн эргэн төлөлтийг хүү хуримтлуулж тооцохгүйгээр 2021 оны долоодугаар сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулсан байна.
"Орон сууцны ипотекийн хөтөлбөрийн зээлтэй иргэдийн хувьд нийт эргэн төлөлт хойшлуулсан хугацаанд буюу дунджаар долоон сарын хугацаанд 227 орчим тэрбум төгрөгийн төлбөрөөс буюу ойролцоогоор 86 тэрбум төгрөгийн үндсэн төлбөр, 141 тэрбум төгрөгийн хүүний төлбөрөөс чөлөөлөгдөж байна. Тодруулбал, ипотекийн хөтөлбөрийн зээлтэй иргэн 2021 оны долоодугаар сарын 1-ний өдрийг хүртэл сард дунджаар 580 орчим мянган төгрөг, нийт 4.1 сая төгрөгийн зээлийн эргэн төлөлтөөс чөлөөлөгдөөд байна" гэж Монголбанкнаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 1 )
МАН сонгуульд зориулж 10 их наядын хөтөлбөрөөр ажилгүй залуусыг сургалтанд хамруулах ч гэх шиг дэмий жмөнгө үрсэн шоу зохиосон болж байхаар иргэдийнхээ ипотекийн зээлийг тэглээд өгчихвөл иргэдэд ч хэрэгтэй, ЭЗ т ч ээлтэй сайхан болно. Дээр нь Хүүк чинь ерөнхийлөгч өолох нь гарцаагүй. Маш их ашигтай санал байгаа биз.