Moody’s: Монгол Улсын Зээлжих зэрэглэлийн төлөвийг АХИУЛЛАА

2021 оны 03 сарын 17

Зээлжих зэрэглэл тогтоогч Мүүдийз агентлаг 2021 оны гуравдугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B3” хэвээр хадгалж, төлөвийг “Тогтвортой” болгож ахиулсан байна.

Сануулахад, “Фитч” агентлаг хоёрдугаар  сарын эхээр гаргасан мэдэгдэлдээ манай зээлжих зэрэглэлийг цаашид буурах эрсдэлтэйг, ирэх жилүүдэд төлөх өрийн хэмжээ өндөр байгааг анхааруулж байсан.

Тэгвэл Мүүдийз агентлагийн шинэ дүгнэлт эерэг мэдээлэл болж байна. Ковид-19 цар тахлын сөрөг нөлөөллөөр буураад байсан Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлыг дараах үндэслэлээр тогтворжиж эхэлсэн гэж Мүүдийз агентлагийн шинжээчид дүгнэжээ.

 

  • Засгийн газраас 2020 онд авч хэрэгжүүлсэн цар тахлын эсрэг цогц арга хэмжээг хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр болон улсын төсвөөс хамтран санхүүжүүлсэн нь Засгийн газрын зээллэгийн шаардлагыг бууруулсан;

 

  • Монгол Улсын экспортын хамгийн том зах зээл болох БНХАУ-ын эдийн засаг сэргэснээр уул уурхайн салбарын экспорт сайжирсан. Ялангуяа нүүрсний экспорт 2020 оны 2 дугаар  хагаст сэргэж, алт, зэсийн экспорт өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй байна;

 

  • Өнгөрсөн оны есдүгээр  авч хэрэгжүүлсэн өрийн дахин санхүүжилтийн арга хэмжээ нь 2021 оны эргэн төлөгдөх өрийн дарамтыг бууруулсан. Түүнчлэн 2022-2024 онд эргэн төлөгдөх нийт өр төлбөр ижил түвшний зээлжих зэрэглэлтэй улсуудтай харьцуулахад тийм ч өндөр биш байна;

 

  • Эргэн төлөх төлбөрөөс гадна төсвийн гүйцэтгэл сайжирсан нь зээлийн нийт эрэлт хэрэгцээг багасгахад дэмжлэг болж байна. Төсвийн алдагдлыг 2021 онд бууруулж, ДНБ-ий өсөлтийг дэмжих гол хүчин зүйл нь уул уурхайн салбарын орлогыг нэмэгдүүлэх болно;

 

  • Мөн гадаад валютын албан нөөц 2021 онд 4.6 тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцоолсон байна.

 

Тэгвэл “Фитч” агентлаг Монгол Улсын  Зээлжих зэрэглэлийг бууруулахад нөлөөлөх хүчин зүйлсийг улстөрийн тогтворгүй байдал, хөрөнгө оруулагчдад хандах хандлагатай холбон тайлбарлаж буй юм. Тус агентлаг 2020 оны  тавдугаар сард Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үнэлсэн мэдэгдэл гаргах үедээ  “Коронавирусний  шокийн нөлөөллөөр, түүхий эдээс өндөр хамааралтай улмаас ДНБ болон экспортын өсөлт огцом саарч, төсвийн санхүүжилт тасалдаж, гадаад буфер муудсан нь Зээлжих зэрэглэлийн үнэлгээнд сөргөөр нөлөөлж байна. Гэсэн хэдий ч үүсээд буй шокоос хамааралтай нөхцөл байдал түр хугацаанд үргэлжлэх төдийгүй 2021 оноос эдийн засаг огцом сэргэж Засгийн газрын өр, ДНБ-ий харьцаа буурна” гэж үзсэн байдаг.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МОНГОЛ ХҮН(202.126.89.215) 2021 оны 03 сарын 17

Сайхан мэдээ байна

1  |  0
Top