Уран гулгалтын үсрэлтүүдийн талаар өгүүлэхүй

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 17

Ойдий Отгонбаатар

Уран гулгалтын ертөнцийн оны гол үйл явдал ДАШТ нэг жил завсарласны дараа эхэлж байна. Шведийн Стокгольм хотын “Эрикссон Глоб” ордонд болох тус тэмцээний өмнө уран гулгалт анхлан сонирхож байгаа уншигчдадаа зориулж, энэ спортын гол элементүүд үсрэлтүүдийн талаар хүргэж байна.

Уран гулгалтын үсрэлтүүдийг тэшүүрийн ирнээс болон шүднээс гүйцэтгэдэгээр нь хоёр ангилдаг: шүдний гурав нь – тулуп (toe loop), флип (flip), лутц (lutz), ирний гурав нь – аксель (axel), сальхов (salchow), риттбергер буюу лүүп (loop).

Аксель

Уран гулгалтын анхдагч бөгөөд хамгийн хүнд үсрэлт бол аксель. Энэхүү элементийг алс холын 1882 онд Норвегийн тэшүүрчин (уран гулгагч биш) Аксель Паульсен анх гүйцэтгэсэн, тиймээс ч нэрийг нь авч үлдсэн. Бусад үсрэлтээс ялгарах гол онцлог нь тамирчин урагшаа харж үсэрдэгт, бусдаасаа тал эргэлт илүү хийдэгт оршдог, энэ нь ч гол хүндрэл нь. Гурвалсан акселийг тэмцээний явцад эрэгтэчүүдээс Канадын Верн Тэйлор 1978 онд анх амжилттай гүйцэтгэсэн бол эмэгтэйчүүдийг 1988 онд Японы уран гулгалтын “алтан хараацай” Мидори Ито манлайлсан юм. 3-аксель одоо ч бүсгүйчүүдийн хувьд хамгийн хүнд үсрэлтийн нэг хэвээр гэдэгийг М.Итогоос хойш ердөө арван тамирчин (одоо өрсөлдөж байгаагаас А.Косторная, Е.Туктамышева, Р.Кихира, ...) гүйцэтгэсэн гэдэгээс дүгнэж болно. Харин дөрвөлсөн акселийг эрчүүд бэлтгэл дээр л хийгээд байна.

ISU-гийн суурь үнэлгээ: 1 эргэсэн – 1.1, хосолсон – 3.3, гурвалсан – 8.0, дөрвөлсөн – 12.5.

Сальхов

1908 оны олимпийн аварга Ульрих Сальхов анх гүйцэтгэсэн энэ элементийг дүрслэхэд: нэг хөлний тэшүүрийн ирний дотор талаас түлхэлт авч нөгөө хөл дээрээ бууна. Хамгийн хялбар бөгөөд хамгийн бага үнэлгээтэй үсрэлт. Хосолсон болон гурвалсан үсрэлтүүдийн эрин үеийг эхлүүлсэн. Дөрвөлсөн сальховыг анх 1998 онд АНУ-ын уран гулгагч Тимоти Гэйбл залуучуудын ДАШТ-ий үеэр анх, харин эсрэг хүйстнүүдээс Японы алдарт Мики Андо 2002 онд амжилттай гүйцэтгэж, эмэгтэйчүүдийн дөрвөлсөн үсрэлтийн эринг нээсэн юм. Түүнээс хойш А.Трусова, Э.Турсынбаева болон Р.Кихира нар л энэхүү элементийг хөтөлбөртөө оруулж зориглоод байна.

ISU-гийн суурь үнэлгээ: 1 эргэсэн – 0.4, хосолсон – 1.3, гурвалсан – 4.3, дөрвөлсөн – 9.7.

Риттбергер

Англи хэлтэй улсуудад Loop буюу Лүүп (гогцоо) хэмээдэг энэ үсрэлтийг Төв болон Зүүн Европ, ОХУ-д анх 1910 онд гүйцэтгэсэн Германы уран гулгагч Вернер Риттбергерийн алдраар нэрлэж заншсан юм. Баруун хөлний (дийлэнх нь) ирнээс үсэрч тэр хөл дээрээ буудаг элементийг үсрэлтийн хослолын (комбинац, каскад) хоёр дахь, гурав дахь үсрэлт болгож ашигладаг. Харьцангүй хялбарт тооцогддог риттбергерийн дөрвөлсөн хувилбарыг Олимпийн хошой, дэлхийн олон удаагийн аварга Японы Юзүрү Ханью 2016 онд анх хийснээс хойш түүний гол өрсөлдөгч Нэйтэн Чан (АНУ), Шома Уно зэрэг цөөнгүй тамирчин эзэмшээд байна. Харин бүсгүйчүүдээс одоогоор А.Трусова, Өмнөд Солонгосын Ю Ён хоёр л бэлтгэл дээр тогтсон аж.

ISU-гийн суурь үнэлгээ: 1 эргэсэн – 0.5, хосолсон – 1.7, гурвалсан – 4.9, дөрвөлсөн – 11.0.

Тулуп

Тулуп, риттбергер хоёрын ялгаа нь тулупыг гүйцэтгэхдээ түлхэлтээ тэшүүрийн ирнээс бус шүднээс авдагт оршдог. Уран гулгалтын хамгийн их дэлгэрсэн үсрэлтийн нэгийг хамгийн сүүлд буюу 1920-д анх гүйцэтгэсэн аж. Дөрвөлсөн үсрэлтийн эрин тулупээр эхэлсэн гэдэг, тухайлбал,1988 онд Канадын Курт Браунинг тус элементийг алдаа мадаггүй гүйцэтгэснээр уран гулгалтын ертөнцөл хувьсгал хийсэн гэдэг. Энэ үйл явдлаас 30 жилийн дараа А.Трусова эмэгтэйчүүдээс анхдагч нь болсон юм.

ISU-гийн суурь үнэлгээ: 1 эргэсэн – 0.4, хосолсон – 1.3, гурвалсан – 4.2, дөрвөлсөн – 9.5.

Флип

Тулуп, флип хоёрыг нэг хүн, тухайлбал, АНУ-ын уран гулгагч Брюс Мэйпс зохиосон гэдэг. Флипийг гүйцэтгэх илүү хүнд, дүрслэхэд ч хэцүү: баруун хөлний тэшүүрийн шүднээс түлхэлт авах мөчид гулгаж буй хүн нөгөө хөлний тэшүүрийн ирний дотор талаар гулгаж байх ёстой. 3Ф-ийг анх 1975 онд АНУ-ын Т.Кубичка, 1981 онд домогт Катарина Витт нар хийсэн бол дөрвөлсөн хувилбарыг 2016 онд Японы Шома Уно амжилттай гүйцэтгэсэн байна. Бүсгүйчүүдээс анхдагчаар 2019 онд өнөөх л А.Трусова тодорчээ.

ISU-гийн суурь үнэлгээ: 1 эргэсэн – 0.5, хосолсон – 1.8, гурвалсан – 5.3, дөрвөлсөн – 11.0.

Лутц

Флип, лутц хоёр ойролцоо харагдах ч сүүлийнхийг тэшүүрийн ирний гадна талаас гүйцэтгэдэг тул үсрэлтийн өмнө урт тойрог хийдэг онцлогтой. Энэхүү хүнд элементийн анхдагчаар Австрийн Алоиз Лутцыг тооцдог, нэрийг нь ч өгсөн. 3Л-ийг 1962 онд Канадын Дональд Жексон, 4Л-ийг 2011 онд АНУ-ын Брэндон Мроз нар анх гүйцэтгэснээр түүхэнд үлджээ. Энэ хоёр үзүүлэлтээр эмэгтэйчүүдийг Швейцарийн алдарт Денис Бильман (1978 он), ОХУ-ын А.Трусова, А.Щербакова нар (1-2 өдрийн зайтай хийсэн) хошуучилдаг юм. Лутц хүндийн зэрэглэлээр акселийн дараа ордог, улмаар үнэлгээ нь ч өндөр байсан хэдий ч өнгөрсөн жилээс Олон улсын тэшүүрийн холбоо оноог нь бууруулж, флиптэй ижилсүүлсэн. Энэ нь гурвалсан, дөрвөлсөн лутц үсрэлтийг гаргууд эзэмшсэн Оросын эмэгтэй уран гулгагчдын оноог дарах арга хэмжээ гэж хойд хөршийн хэвлэлүүд шүүмжилсэн ч шийдвэр өөрчлөгдсөнгүй, 3Л флиптэй адил 5.3 оноо, 4Л риттбергер болон флиптэй адил 11.0 оноогоор үнэлэгдэх болжээ.

ISU-гийн суурь үнэлгээ: 1 эргэсэн – 0.5, хосолсон – 1.8, гурвалсан – 5.3, дөрвөлсөн – 11.0.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Gal(66.181.161.109) 2023 оны 05 сарын 06

thank you

0  |  0
Henuka(192.82.67.240) 2022 оны 02 сарын 18

Bayrlalaa❤

1  |  0
Top