Хувийн секторт Ковид-19 цар тахлын үзүүлж буй нөлөөг харуулсан хоёр дахь шатны судалгааг Дэлхийн банкнаас гаргажээ.
Тус судалгаанд хөдөө аж ахуй болон уул уурхайгаас бусад салбарыг төлөөлөхүйц 360 компани 2020 оны наймдугаар сар болон 2021 оны хоёрдугаар сард хамрагдсан бөгөөд ижил төстэй судалгааг дэлхийн 44 улс оронд хийснээр судалгааны мэдээллийг улс орнуудаар харьцуулан харах боломжийг олгож буй аж.
Судалгааны мэдээллээс харахад, Монголын хувийн хэвшил маш хүнд үеийг туулж байгаа боловч эргэн сэргэж буй зарим шинж тэмдгүүд харагдаж буйг онцолжээ.
Цар тахал эхэлснээс хойш бараг бүх аж ахуйн нэгжүүд бэлэн мөнгөний хомсдолд орсон гэж судалгаанд оролцогчдын 99 хувь нь хариулжээ. Ханган нийлүүлэгч, байр түрээслүүлэгч эсвэл татварын байгууллагад төлөх төлбөрүүдээ хойшлуулах шаардлага 96 хувьд нь тулгарсан байна.
Компаниудын 76 хувь нь санхүүгийн байгууллагуудад өгөх өр төлбөрийнхөө хугацаанаас хоцорч, 89 хувь нь төлөгдөөгүй өртэй үлдэж, 87 хувь нь долоо хоногт ажиллах цаг хугацаагаа багасгажээ
Өнгөрсөн оны наймдугаар сарын судалгаагаар компаниудын 3 хувь хаалгаа барьсан байсан бол одоогийн байдлаар 27 хувь нь хаалгаа барьжээ.
Таатай мэдээ гэвэл, хаагдсан аж ахуйн нэгжүүдийн 62 хувь нь ирээдүйд дахин үйл ажиллагаагаа эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэсэн байна. Эрэлт нь багассан аж ахуйн нэгжүүдийн эзлэх хувь өнгөрсөн жилийн мөн сарынхтай харьцуулахад 20 хувиар буурч 59 хувьд хүрсэн нь өндөр хэмжээ юм.
2019 оны арванхоёрдугаар сараас хойш байнгын ажилчдынхаа тоог бууруулсан аж ахуйн нэгжүүдийн эзлэх хувь 51 хувиас 28 хувь болон буурч; үйлдвэрүүд дунджаар нийт хүчин чадлынхаа 71 хувийг эхний шатны судалгааны үеэр ашиглаж байсан бол 97 хувь болон өсч; аж ахуйн нэгжүүдийн 40 хувь нь биечлэн харьцахгүй, хүргэлтийн үйлчилгээг эхлүүлсэн буюу нэмэгдүүлэх замаар шинэ нөхцөл байдалд дасан зохицжээ. Наймдугаар сард тус үзүүлэлт 28 хувьтай байжээ.
Мөн нийт ажилчдын дунджаар 11 хувь нь наймдугаар сард зайнаас ажиллаж байсан бол одоогийн байдлаар 29 хувь зайнаас ажиллах болсон байна.
Бас нэгэн чухал зүйлийг дурдахад, Засгийн газраас үзүүлж буй дэмжлэг нэмэгдэж, аж ахуйн нэгжүүдийн 66 хувь Засгийн газраас дэмжлэг авсан бөгөөд авах гэж байгаа нь өнгөрсөн наймдугаар сард 46 хувьтай байснаас нэмэгдсэн үзүүлэлт болохыг дурджээ.
Сэтгэгдэл ( 0 )