Энэ жилийн ОХУ-ын АШТ-д 70 кг-ийн жинд мөнгөн медаль хүртсэн Евгений Жербаев гадаад орны өмнөөс барилдахад бэлэн байгаагаа ярьсан. Дотоодын өрсөлдөөн ихтэй ОХУ-ын бөхчүүд гадаадын иргэншил авах явдал их байдаг, ялангуяа дагестанчууд Европын маш олон орны шигшээд барилдаж байна. Хамгийн гол нь хоёр орны Бөхийн холбоодын тохиролцоо, зөвшөөрөл чухал байдаг.
Буриадаас гадаад орны нэр дээр барилдаад олимпын медаль хүртсэн жишээ бий.
Агийн Буриадын Чулуутай гацаанд төрсөн Базар Базаргуруев Киргизийн шигшээ багт барилдаж, 2008 оны Бээжингийн олимпын хүрэл медаль хүртсэн. Базар ОХУ-ын шигшээ багт жиндээ 5-д дугаарлагдаж байсан тул том тэмцээнд оролцох боломж гардаггүй байлаа. Ингээд тэр Киргизийг сонгосон. Гэхдээ олимпын медалиа тэр арван жилийн дараа л авсан юм. Бээжингийн олимпод тэр шагналт тавдугаар байрт орсон ч 2017 онд тус олимпын допингийн шинжилгээг дахин шинжилснээр Украины мөнгөн медальт бөх Василий Федоришины хариу допингтой гарч, Базар дээшлэн, хүрэл медаль авч байлаа. 2018 онд түүнд Киргизийн Гавьяат цол олгож байсан юм. Энэ бол Буриадын чөлөөт бөхийн түүхэн дэх анхны олимпын медаль.
Одоо бас нэг бөх Киргизийн нэр дээр барилдаж байгаа нь Арсалан Будажапов. Тэр 209 оноос Киргизэд барилдаж, 2020 онд Азийн аварга болсон.
Дурдахгүй өнгөрч болохгүй нэгэн бөх бол домогт Борис Будаев. ЗХУ-ын Гавьяат тамирчин, ОХУ-ын Гавьяат дасгалжуулагч, дэлхий, Европын аварга, ОХУ-ын 4 удаагийн аварга тэрээр 68 кг-д барилддаг байлаа. Энэ жин бол мэргэжлийнхний хэлээр үхлийн жин байв. ЗХУ, дараа нь ОХУ-д энэ жин хамгийн өрсөлдөөнтэй, энэ жинд дандаа аваргууд барилддаг байв. Хэрэв энэ жинд ЗХУ, ОХУ-д түрүүлбэл олимп, дэлхийд түрүүлэх нь тодорхой гэлцдэг байжээ. 1982 онд Европын АШТ-д явах багийг тодруулах гэж Будаевыг Давидом Гигаур, Магомедом-Тасан Абушев нартай халз барилдуулахад хоёуланг нь ялж, шигшээ багийн эрх авсан байна. Тивийн аваргад очоод Будаев бүх өрсөлдөгчөө цэвэр ялж, аварга болсон түүхтэй.
ОХУ-ын Бөхийн холбоонд Кавказийн олон төлөөлөгч байдаг тул буриад залууд шигшээ багт багтахад улам хэцүү болсоор байлаа. Түүнийг мөнхийн мөнгөн медальт гэж нэрлэдэг болоод байв. 1989 оны УАШТ-д шүүгч нар түүнийг булхайдаад финалд шалгаруулсангүй. Тэр жилийнхээ ДАШТ-д оролцох гэж Будаев өрсөлдөгч нартайгаа зургаан халз барилдаан хийсэн байдаг. А.Аджемян, К.Омуралиев, С.Саркисян, И.Юсупов, В.Верхушин, Артур Муталибов нарыг дараалан ялж, ДАШТ-д очин, дэлхийн аварга болсон юм.
35 настайдаа тэр 1992 оноос Узбекистаны шигшээ багт барилдах болсон. 2001 он хүртэл Узбекистаны нэрийн өмнөөс барилдахдаа Будаев 1996 онд Азийн аварга (74 кг), 1995 онд Төв Азийн наадмын аварга (74 кг) болсон. 1996 оны Атлантагийн олимпын наадамд Узбекистаны нэрийн өмнөөс барилдаж, хоёрдугаар тойрогт ялагдаж байв.
Будаев нэгэн ярилцлагадаа “Харамсаж явдаг ганц зүйл гэвэл олимпын аварга болох гэж мөрөөдөөгүй явдал. Хүн өмнөө зорилгоо зөв тавьж байх хэрэгтэй. Тамирчин байхдаа би дэлхийн аварга болно гэж мөрөөдөж байснаас биш олимпын аварга болох талаар мөрөөдөөгүй. Мөрөөдөөгүй болохоор олимпын аварга болоогүй. Гурван удаа олимпод орох боломж байсан ч бүтээгүй. Атлантагийн олимпод оролцсон ч саад бэрхшээл их байсан” гэж хэлж байв.
Сэтгэгдэл ( 0 )