Засгийн шалгуурыг даган НӨАТ төлөгчөөр бүртгүүлэх ААН-ийн тоо өсжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 03 сарын 22

Гуравдугаар сарын эхний 15 хоногт НӨАТ төлөгчөөр 570 гаруй аж ахуй нэгж шинээр бүртгүүлсэн нь өмнөх жилүүдийн мөн үеэс хоёр дахин өссөн нь эдийн засаг дахь хүлээлт эерэг байгаагийн илрэл гэж Сангийн сайд мэдэгдсэн.

Тэгвэл энэ өсөлт нь Ажлын байрыг дэмжих зээлд хамрагдах иргэдэд төрөөс тавьж буй үндсэн ганц шалгуур гэгдэх  НӨАТ төлөгч байх ёстой гэсэнтэй холбоотой биз ээ.

Төрөөс тавьж буй ганц шалгуур гэгдэж буй НӨАТ төлөгч байх ёстой гэсэн шаардлага нь өөрөө жижиг бизнесүүдээ ялгаварласан шийдвэр болоод байна уу? гэдэг асуултад судлаач Б.Соёлмаа дараах хариултыг өгсөн.

“НӨАТ төлөгч байхын тулд жилийн орлого нь 50 сая төгрөгөөс доошгүй байх ёстой. Тэгэхээр ийм орлогод хүрдэггүй бол НӨАТ төлөгч болох шаардлагагүй гэсэн үг. Тийм аж ахуйн нэгжүүд энэ хөтөлбөрт хамрагдах боломжгүй болчих юм шиг. Гэтэл хөл хорионоос хамгийн их хохирч байгаа аж ахуйн нэгжүүд магадгүй 50 саяас  бага орлоготой газрууд байх даа. 3 хувийн хүүтэй зээл авах гээд НӨАТ төлөгч болох уу, яах уу гэсэн асуудал үүсээд, тэдгээр бизнесүүдэд бол нэг л хүртээмж муу хөтөлбөр юм шиг. Ялангуяа шинэ эхэлж буй бизнесүүд шууд НӨАТ төлөгч болохгүй л болов уу даа. Нөгөө л  нэгэнт хөл дээрээ босчихсон том аж ахуйн нэгжүүд л  энэ зээлээс хүртэх юм шиг. Шинээр дөнгөж эхэлж байгаа жижиг бизнесийг л дэмжвэл хамгийн зүгээр  гэж үзэж байна.  

Банкууд юу шалгуур болгож байгааг бид хянаж чадахгүй учраас төр өөрөө ямар шалгуур тавьж байгаа нь  л чухал.

Жишээ нь, 2020 оны дөнгөж эхээр үйл ажиллагаа эхэлж байсан аж ахуйн нэгжүүдийг бодоод үзье. 2018-2019 он манай эдийн засаг нэлээд сэргэж ирж байсан шүү дээ. Тийм үед шинэ аж ахуйн нэгжүүд олноор нээгдэж байсан. Хөл дээрээ зогсож амжаагүй, бэхжээгүй тэдгээр аж ахуйн нэгжүүд ковидын хөл хорионд хамгийн их хохирсон байх. Гэтэл тэдгээрийн олонх нь НӨАТ  төлөгч болж амжаагүй байсан байж болно. Уг нь энэ хөтөлбөр ярьж байгаа бол тэдгээр аж ахуйн нэгжүүдийн  судалгааг гаргаад, хэн хамгийн их хохиров гэдэг хэмжсэн тоо  байх ёстой байх. Зөв бүлэгтээ, зөв цагтаа хүрэх ёстой” гэсэн юм.

Гуравдугаар сарын 3-ны өдрөөс жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан хоёр их наядын зээлийг гаргаж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 173 зээлдэгчид нийт 130.3 тэрбум төгрөг, 1177 иргэнд ипотекийн зээл олгосон гэж Сангийн сайд өнөөдөр мэдэгдсэн юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.229.120.206) 2021 оны 03 сарын 22

Зээл авах гэж НӨАТ төлөгчөөр бүртгүүлж байгаа хэрэг. Энэ явдлыг Сангийн сайд ЭЗ сэргэж байна гэж ярьж байна. Бодит төлөлт ямар байгаагаас хамаарч ЭЗ өсөлтийг ярих хэрэгтэй.

0  |  0
Top