ХҮЛЭЭЛТ: Бодлогын хүүг хэвээр хадгалах магадлалтай

2021 оны 03 сарын 24

Тов ёсоор Мөнгөний бодлогын хороо гуравдугаар сарын 22-26-ны өдрүүдэд хуралдаж, шийдвэрээ гаргах ёстой.

Сүүлд Монголбанкны Мөнгөний бодлогын хороо  2020 оны  арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн ээлжит хурлаараа  эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв болон гадаад, дотоод орчны төлөв байдал, эрсдэлийг харгалзан үзээд Бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргасан.

Эдийн засгийг дэмжих өндөр мөнгөн дүнтэй хөтөлбөр хэрэгжиж эхэлж буй энэ үед бодлогын хүү  6 хувь байгаа нь  хэт өндөр байна уу. Зээл агшиж, Төв банкны үнэт цаасны хэмжээ өндөр байгаа нь үүнтэй холбоотой юу.  Гадны зарим Төв банкууд шиг хүүг 0% руу бууруулахгүйгээр эдийн засгийг сэргээх энэ төлөвлөгөө амжилтанд хүрэх үү? гэдэг асуултад Төв банкны ерөнхийлөгч дараах байр суурийг илэрхийлсэн.

“Ковид 19-тэй холбоотой бизнесийн орчны тодорхой бус байдал, зах зээл дээрх эрсдэлээс голлон шалтгаалаад банкны системийн зээлийн нийлүүлэлт агшилттай, ТБҮЦ хуримтлагдах хандлагатай байгааг онцлох нь зүйтэй. Харин хүүний түвшин бол гол шалтгаан биш юм. Төгрөгийн өгөөж, үнэ цэнийг тогтвортой байлгах нь Монголбанкны үүрэг, иймд суурь хүүг хэт бага түвшинд хүргэх нь оновчтой бус юм.

Үүнийг илүү дэлгэрэнгүй тайлбарлая. Хэдийгээр бодлогын хүүг 11%-аас 6% болгон бууруулж, дагаад зээлийн жигнэсэн дундаж хүү түүхэн доод түвшин 14% руу буурсан боловч зээлийн эрэлт эдийн засаг хэвийн үетэй харьцуулахад сул хэвээр байна. Нѳгѳѳ талаас эдийн засгийн агшилттай, зээлийн эрсдэл өндөр орчинд банкуудын болгоомжлол нэмэгдсэнээр зээлийн нийлүүлэлт буурч ТБҮЦ хуримтлагдах хандлага санхүүгийн секторт ажиглагдаж буй. Улмаар Ковид-19-ийн өмнөх хэвийн жилүүдэд дотоод эрэлтийг тэтгэж байсан гол хөдөлгүүр болох өрхийн хэрэглээний өсөлт саарч, бизнесийн хөрөнгө оруулалт агшсанаар нийт эрэлт суларч, эдийн засгийн идэвхжил унах процесс явагдлаа.

Иймд, эдийн засгийг сэргээх, өсөлтийг тогтвортой үргэлжлүүлэхэд Засгийн газрын халамж тэтгэмж, хөрөнгө оруулалтаас гадна өрхийн ажил эрхлэлт, хувийн секторын хөрөнгө оруулалтыг дэмжих нь чухал байна. Одоогийн төлөвлөгөөний хүрээнд зөвхөн санхүүжилтээс гадна халдвар хамгааллын илүү тодорхой шинэ дүрэм, вакцинжуулалт, зээлийн батлан даалт зэрэг багтаж байгаа нь зээлийн тасалдал үргэлжлэх эрсдэл үүсгээд байсан тодорхой бус байдлыг бууруулж, асуудлыг шийдвэрлэхэд эерэгээр нѳлѳѳлнѳ гэж харж байна.

Эдийн засгийг сэргээх энэхүү тѳлѳвлѳгѳѳ нь Ковид 19-ийн үеийн уналтыг зѳѳлрүүлэх, бодлогын зохистой байдлыг хадгалж, улсын зээлжих зэрэглэлийг тогтвортой байлгах  зорилтоос мэдээж хазайхгүй. Харин ч бодлогын үр дүнтэй байдлыг дээшлүүлж өдийг хүртэл бий болгосон үр дүнгээ улам сайжруулах л зорилготой. “Мѳнгѳ хэвлэх” тухайд бол энэ ойлголт мэргэжлийн бус агуулгаар түгээмэл хэрэглэгддэг нь ажиглагддаг. Мөнгөн дэвсгэрт гүйлгээнд гаргах буюу эмиссийн үйл ажиллагаа нь Тѳв банкны хуулиар ногдсон, ѳдѳр тутам хийгддэг үйл ажиллагаа юм. Эдийн засагт эргэлдэж буй бэлэн мөнгө буюу гүйлгээнд байгаа мөнгө 800-900 тэрбум төгрөг орчимд сүүлийн 5 жил хадгалагдаж, нийт мөнгөнд эзлэх хувь 7 хувиас 4-5 хувь болж буураад байна. Монголбанк иргэд, ААН, санхүүгийн байгууллагуудын хэрэгцээнд тохируулж шинэ мөнгөн дэвсгэртийг нийлүүлж, татдаг бөгөөд сүүлийн жилүүдэд цахим гүйлгээ нэмэгдэж, харин бэлэн мѳнгѳний хэрэгцээ буурах хандлагатай байна. Эдийн засгийг сэргээх төлөвлөгөө нь арилжааны банкуудын Төв банкин дээр хуримтлагдсан илүүдэл нѳѳцийг зах зээлийн механизмаар эдийн засагт нийлүүлэх хѳшүүрэгт голлон тулгуурлаж байгааг дахин онцолъё. Монголбанк уламжлалт арга хэрэгслүүд, санхүүгийн салбарт байгаа нөөц бололцоог илүү үр дүнтэй ашиглаж, харин эдийн засагт сѳрѳг нѳлѳѳлѳл үзүүлэх эрсдэлтэй тѳсвийн шинж чанартай арга хэмжээг хязгаарлах бодлогыг баримталж байна. Зөвхөн Цар тахлын хуулийн хүрээнд алтны санхүүжилтийг урьдчилж олгох, ипотекийн зээлийн эргэн тѳлѳлтийг хойшлуулсан тул шинэ зээлийн эх үүсвэрийг ирээдүйн санхүүжилтээсээ олгох зэрэг тохиргоог л хийнэ. Эдгээр нь цаг хугацааны нийцгүй байдлаас зайлсхийж эдийн засгийн дунд урт хугацаанд тогтвортой байдлыг хангах, бодлогын ѳгѳѳж нь зардлаасаа ѳндѳр байснаар нийт дүнгээрээ нийгмийн сайн сайхан байдалд эерэг нөлөөтэй байх зэрэг макро  бодлогын суурь зарчмуудыг хангаж ажиллана” гэсэн юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top