Энэ сарын 23-ны байдлаар Ажлын байрыг дэмжих зээл, Төв банкны репо санхүүжилтийн зээл болон ипотекийн зээлээр нийт 330.2 тэрбум төгрөгийн зээл олгогджээ. Мөн Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн төслийн санхүүжилтэд 66.5 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарсан байна.
Ажлын байрыг дэмжих зээлийн хувьд гэрээ байгуулснаас хойш ажлын 11 хоногийн хугацаанд банкууд 25.9 мянган зээлдэгчийн 3.8 их наяд төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авчээ.
Улмаар 615 зээлдэгчид 41.8 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Энэ нь бизнесийн зээл судалж, шийдвэрлэхэд дунджаар 30 хоног зарцуулдаг жишигтэй харьцуулахад зээл олголт богино хугацаанд харьцангуй сайн гарч байна гэсэн үг юм.
Банкуудын олгосон ажлын байрыг дэмжих зээлийн хэмжээ гуравдугаар сарын 17-ны байдлаар 6.1 тэрбум төгрөг байсан бол, 22-ны мэдээгээр 41.8 тэрбум төгрөг болж хурдацтай нэмэгдсэн байна.
Урт хугацаат репо санхүүжилтийн зээлийн хувьд нийт 391.5 тэрбум төгрөгийн хүсэлт ирүүлснээс 166.9 тэрбум төгрөгийн зээлийг 1,283 иргэн, аж ахуйн нэгжид олгожээ.Түүнчлэн гуравдугаар сарын 22-ны өдрийн байдлаар 361.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн хүсэлт банкуудад ирснээс 1,603 иргэнд 121.4 тэрбум төгрөгийн зээл олгогджээ.
Цаашид, Сангийн яам цогц төлөвлөгөөнд тусгагдсан зээлийн үйл ажиллагаанд олон нийтийг төлөөлж хяналт тавих “Олон нийтийн хяналтын зөвлөл’’-ийг байгуулан ажиллуулахаар төлөвлөж байна. Улмаар цогц төлөвлөгөөнд тусгагдсан зээлийн мэдээллийг долоо хоног тутам олон нийтэд мэдээлэх, оролцогч талуудын уялдааг сайжруулж, үйл ажиллагааг идэвхжүүлэн ажиллана гэж Сангийн яамнаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )